Есүсийн тухай түүхүүд
Иехова ба бидний Тэнгэрлэг Эцэгийн гайхамшигт төлөвлөгөө
Нар, сар, бүр бидний суудаг газар бий болохоос өмнө бид бүгд тэнгэрт тэнгэрлэг эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан билээ. Бид тэдний сүнсэн хүүхдүүд байсан бөгөөд бидэнд бие байгаагүй аж.
Бид Тэнгэрлэг Эцэгтээ хайртай байлаа. Тэр биднийг маш их хайрладаг байсан бөгөөд биднийг Өөртэйгөө адилхан болж өсч хөгжин, Өөртэйгөө хамт үүрд амьдраасай гэж хүсдэг байжээ. Тэрээр Өөрийнхөө мэддэг бүхнийг биднийг мэдээсэй гэж хүсдэг байж. Гэтэл тэр бүхнийг бид яаж мэдэх юм бэ?
Тэнгэрлэг Эцэгт нэгэн гайхамшигт төлөвлөгөө байлаа. Тэрбээр биднийг бүгдийг нь цуглуулж, төлөвлөгөөнийхөө тухай ярьсан ажээ. Гол мөрөн, уул нурууд, цэцэг жимс, ан амьтад бүхий үзэсгэлэнт сайхан дэлхийг Тэрээр бүтээх ажээ. Тэгээд Тэрээр бидний хүн нэг бүрд дэлхий дээр ирж, бие махбодтой болох боломжийг олгох байлаа. Ийнхүү бид бүлээхэн элсийг гартаа барьж, хөл дороо зөөлхөн өвсийг мэдрэх боломжтой болох байлаа.
Дэлхий дээр бид гэр бүлтэй болох байв. Гэр бүл биднийг тэжээж, хамгаалан, хайрлах болно.
Дэлхий дээр бид Тэнгэрлэг Эцэгээ санах боломжгүй болсон учир Түүний тухай мэдэх хэрэгтэй байлаа. Судрууд, бошиглогчид, бидний эцэг эхчүүд Түүний тухай заах болно. Бид дуулгаваргүй байхаар уруу татагдаж, заримдаа алдаа гаргах болно. Бид заримдаа өвдөж, эцэстээ бүгд үхэх болно.
Иехова бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн ууган нь юм. Тэр Эцэгээ үргэлж дуулгавартай дагадаг байлаа. Тэр Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан байв. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөг хүлээн авсан юм. Тэнгэрлэг Эцэгийн бусад сүнсэн хүүхдүүдийн нэг Люсифер энэ төлөвлөгөөний эсрэг бослого гаргасан юм. Бид зөв, буруугийн аль нэгийг сонгох боломжтой байх ёсгүй хэмээн тэр хэлжээ.
Түүний төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хэн нэг нь дэлхий уруу очиж, тэнгэрт хэрхэн буцаж очиход суралцахад нь бидэнд туслах хэрэгтэй байна гэж Тэнгэрлэг Эцэг хэлжээ.
Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн дагахыг хэн нэгэн нь бидэнд үзүүлэх хэрэгтэй байлаа. Үүнийг хийхээр хэн илүү дуулгавартай байсан бэ?
Бид алдаа гаргасан үедээ наманчилж байхын төлөө хэн нэгэн нь бидний нүглийг цагаатгах хэрэгтэй байлаа. Хэн үүнийг хийж чадах байв?
Бид бүгд амилуулагдаж, тэнгэрт буцаж очих боломжтой байхын төлөө хэн нэгэн нь үхэж, дараа нь амилах хэрэгтэй байлаа. Үүнийг хийх эр зориг, энэрэл хайр хэнд байсан бэ?
Энэ бүхнийг бидний төлөө хийх хүсэлтэй хэн нэгэн байсан уу?
Нэг хүн байлаа. Бидний ууган ах Иехова, “Би энд байна, намайг илгээгтүн” (Aбрахам 3:27) гэж хэлсэн ажээ.
Үүнийх нь төлөө бид Түүнийг хэрхэн хайрласан болоо?
Иехова дэлхий дээр ирээд бидний Аврагч болсон билээ. Түүнийг Есүс Христ гэдэг байв.