Надад ариун сүмийн зөвшөөрлийн бичиг байсангүй
Анн-Метт Хауланд, Юта, АНУ
Би 17-той байхдаа Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Ариун сүмийг үзэхийг тэсэн ядан хүсэх болов. Манайх Данид амьдарч байлаа. Тэгэхэд тэнд ариун сүм байгаагүй юм. Данид амьдарч байсан Гэгээнтнүүдэд хамгийн ойрхон ариун сүм Швейцарь, Англи уруу явдаг байлаа. Надад энэ хоёр оронд таньдаг хүн байсангүй. Тэгэхлээр аль ч оронд нь би ганцаараа явж очно гэсэн асуудал байсангүй.
Харин хамаатнууд маань Ютад байсан болохоор мөнгөө хадгалж байгаад тийшээ очиж, Солт Лейкийн Ариун сүмд нас барагсдын өмнөөс баптисм хийхээр шийдэв. Ютад байгаа авга эгч, үеэлүүддээ захидал бичиж, тэднийхэнд очиж болох уу гэж асуулаа. Тэд миний төлөвлөгөөг сонсоод сэтгэл догдлон баярласан ажээ.
Тэгээд жилийн дараа удаан хүлээсэн аялалдаа хүрэлцэхүйц мөнгө хуримтлуулж чадлаа. Ютад ирснээс хойш хэд хоногийн дараа авга эгч маань намайг Солт Лейкийн Ариун сүм уруу авч очлоо. Ариун сүмийг зурагнаас биш, байгаа байдлаар нь харсандаа бас нас барагсдын өмнөөс баптисм хийлгэх болсондоо сэтгэл ихэд догдлов. Гэтэл дотогшоо ороход ариун сүмийн ажилтан надаас ариун сүмийн зөвшөөрлийн бичиг хүсэх нь тэр. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн тухай надад хэн ч хэзээ ч дурсаж байсангүй. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг гэж юу болохыг ариун сүмийн ажилтан эелдэгхэн тайлбарлаад түүнийг бишопоосоо авч болно гэлээ.
Дотор палхийгээд явчихав. Хамаатныдаа зочилж ариун сүмийг гаднаас л харах болсондоо эвлэрэхээс өөр арга байсангүй.
Мацаг, гэрчлэлийн дараагийн ням гарагт би гэрчлэлээ хуваалцах хэрэгтэйг мэдэрч, цугларагсдад хандан тэд ариун сүмд ийм ойрхон амьдардгаараа хэчнээн их адислагдсан тухай ярилаа. Ариун сүмийн дотор орж үзэхийг хэчнээн их хүссэн ч, зөвшөөрлийн бичиг байгаагүйгээс дотогшоо орж чадаагүйгээ мөн зохистой амьдрах тухай байнга заалгаж байснаа бас ярилаа. Боломжийнхоо хэрээр ариун сүмд аль болох олон удаа орж байхыг гишүүдэд уриалаад гэрчлэлээ дуусгав.
Ариун ёслолын дараа миний хамаатнуудын бишоп над уруу хүрч ирээд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахад чинь туслахыг хичээе гэлээ. Ингээд бид ярилцлагад орох болов. Ярилцлагын үеэр тэрээр манай бишопийг англиар ярьдаг уу гэж асуув. Үгүй гэхэд “Би бас даниар ярьдаггүй байдаг” гэлээ. Дахиад л дотор палхийгээд явчихав.
Гэвч бишоп, “Та холоос зорьж ирсэн хүн байна. Ийм ч амархан бууж өгөхгүй шүү гэв. Их Эзэн танд тусална гэдгийг би мэдэж байна. Бид зөвхөн итгэлтэй л байх ёстой” гэж хэлэв.
Тэгээд тэрээр Дани дахь манай бишопийн утасны дугаарыг авлаа. Утасны цаанаас бишопийн хүүгийн дууг сонсоод би гайхлаа. Тэр саяхан Англи дахь номлолоосоо эргэж ирээд байгаагаа хэлэв. Энэ тухай намайг Америк бишопт хэлэхэд тэрээр, “Маш сайн байна. Тэр бидэнд орчуулж болно шүү дээ” гэв.
Удалгүй бид дөрвүүлээ утсаар ярьж, бишоптойгоо ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг надтай хийхэд хүү нь Америк бишопт орчуулж өглөө. Би удалгүй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй болж, ариун сүмд орох боломжтой болов. Зорьсон хүсэл минь биелэгдэх боломжийг Их Эзэн хангаж өгснийг мэдээд баярласан сэтгэлээ илэрхийлэх үг олдохгүй байлаа.
Хожим нь би ариун сүмд гэрлэж, дөрвөн сайхан хүүхэдтэй болсон билээ. Бидэнд ариун сүмүүдийг өгснийх нь төлөө би Тэнгэрлэг Эцэгтээ ихэд баярлаж явдаг. Бас гэр бүлтэйгээ лацдан холбуулсандаа, хэрэв бид зөв шударга амьдрах юм бол үүрд хамт байж чадна гэдгийг мэдсэндээ баяртай байдаг билээ.