2011
Компьютероо унтраагаад надад хэл
2011 оны зургадугаар сар


Компьютероо унтраагаад надад хэл

“Итгэлтэй байгтун, мөн уруу таталтанд бүү авт” (С ба Г 9:13).

Коннор гэрийнхээ компьютер дээр суугаад найзынхаа өгсөн вэбхуудасны хаягийг шивж орууллаа. “Чи энийг орж үзээрэй!” гэж найз нь хэлсэн аж.

Гэвч вэбхуудас гарч ирэнгүүт Коннорт аймаар санагдав. Хуудсыг тэр дор нь хаах гэж хэчнээн ч оролдоод нэмэргүй, хулгана дээр дарах тусам нөгөөх муухай зургууд шинээр гарч ирсээр байлаа. Сандарсан Коннор компьютерийн унтраах товчлуурыг дараад унтлагын өрөөндөө гүйж оров.

Коннор тийм муухай зурагнууд үзсэндээ ихэд харамсчээ. Тэр хэдэн сарын өмнө баптисм хийлгэснээсээ хойш Ариун Сүнснээс ирдэг амар амгаланг онцгой мэдрэх болсон ажээ. Гэвч тэр муухай зургуудыг үзсэнээс хойш амар амгалангийг мэдрэмж нь огт байхгүй болов. Гэм буруутай юм шиг санагдаж, юу үзсэнийг нь хэн нэг нь мэдчихсэн юм шиг айж байлаа.

Коннор хоолны үеэр таг чимээгүй байв. Гэрийхнийхээ яриаг сонсохыг хичээсэн ч нөгөөх муухай зургууд санаанд нь дахин дахин орж ирсээр байв. Муухай мэдрэмж түүнээс салахгүй байв.

Коннор орой нь залбирал хэлэхдээ харсан зургуудынхаа тухай Тэнгэрлэг Эцэгт ярилаа. Тэр үүнд харамсаж байгаагаа хэлээд тэр зургуудыг дахин харахгүй гэжээ. Залбирлын дараа тэр арай тайвширсан ч ээждээ хэлэх ёстой гэсэн мэдрэмж төржээ. Коннорт харсан зүйлээ ээждээ хэлэх нь нэг л эвгүй санагдаад байв. Ээж нь уурлаж, урам нь хугарвал яах юм бэ?

Эцэстээ Коннор ээждээ ярихаар шийдэв. Тэр ээжийгээ ном уншиж байхад нь өрөөнд нь орж, орон дээр нь суув.

“Ээж ээ, би тантай ярилцаж болох уу?” гэж тэр асуув.

“Тэг л дээ, миний хүү” гэж ээж нь хэллээ. “Юун тухай юм бэ?”

Тэр ээждээ болсон бүгдийг, найз нь юу гэж хэлснийг, вэбхуудаст ороод харсан зүйлийнхээ тухай нэгд нэгэнгүй ярьжээ. Ээж нь түүний өөдөөс эгцлэн харсан ч уурласангүй.

“Би яахаа ч мэдсэнгүй. Компьютероо унтраачихаад гүйгээд явчихсан. Ээж ээ, намайг уучлаарай. Би тэр хаягийг компьютертээ шивж оруулдаггүй байсан юм. Тийм муухай зургууд байгаа гэж мэдсэнгүй л дээ” гэж Коннор хэлэхэд

ээж нь хүүгээ чанга тэврэв. “Чамайг тийм зураг харсанд ээж нь харамсаж байна. Зарим хүмүүс хүүхдүүдэд муухай юм үзүүлэх гэж урхиддаг. Харин чи зөв зүйл хийжээ. Хэрэв чи компьютер дээр муухай зураг үзвэл ‘компьютероо унтраагаад надад хэлж бай.Юу гэсэн үг вэ гэвэл компьютерийнхоо унтраах товчийг дараад тэр дороо надад ирж хэлж бай гэсэн үг. Чи маш зөв зүйл хийжээ” гэж ээж нь хэлсэн гэнэ.

Коннорын санаа сая л амарлаа!

“Коннор оо, энэ чинь чиний буруу биш шүү дээ. Энэ бол алдаа. Болсон явдлын талаар чи гэм буруутай юм шиг санасны хэрэггүй” гэж ээж нь хэлэв.

“Ээж ээ, хэрэв би зөв зүйл хийсэн юм бол яагаад надад эвгүй мэдрэмж төрөөд байгаа юм бэ?”

“Ямар нэг аюултай зүйл байгаа бол Ариун Сүнс бидэнд мэдэгддэг. Чамд төрсөн мэдрэмж бол Ариун Сүнс чамд муу зүйлээс холд гэж хэлж байгаа нь тэр. Би компьютер дээрээ зохисгүй хуудсуудад хаалт тавьсан шүүлтүүр суулгана. Гэвч зарим үед зохисгүй зүйлс гарч ирж мэднэ. Хэрэв дахиад иймэрхүү юм тохиолдвол чи яахаа мэдэв үү” гэж ээж нь асуув.

“Компьютероо унтраагаад танд хэлнэ” гэж Коннор хариуллаа.

“Тун зөв!” гэж ээж нь хэлэв.

Коннор орондоо орохоос өмнө санаа нь амарсныхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирав. Тэр залбирч байхдаа Ариун Сүнснээс ирсэн амар амгаланг мэдрэв. Бүх зүйл сайхан болно гэдгийг тэр мэдэж байлаа.

Зураг чимэглэлийг Брайн Бийч