Асуулт, хариулт
“Хүнд сорилтууд намайг илүү сайн болоход туслахаар өгөгдсөн үү эсвэл буруу замд орсныг минь анхааруулж байгаа Тэнгэрлэг Эцгийн сануулга уу гэдгийг би хэрхэн ялгаж таних вэ?”
Хэрэв та хүнд сорилтуудыг сүнслэг байдлынхаа өсөлт хөгжилтөд ашиглавал тэдгээр нь юунаас үүдэлтэй нь хамаагүй, улам сайжрахад чинь тусалж болно.
Хэрэв та буруу замаар уруудаж байгаа бол ухамсар тань үүнийг өөрт чинь мэдүүлэх болно. Хийсэн ямар нэг зүйлийнхээ талаар сэтгэл таагүй байвал Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, уучлал гуй. Ямар нэг асуудал төвөг удсан бол түүнийгээ засч залруулахыг хичээ. Бас эцэг эх, санваартны удирдагчдаас зөвлөгөө хүсч болно. Эдгээр алхмууд илүү сайжрах болон зөв замд ороход чинь тусална.
Нүгэлд үл хүргэх сорилт бэрхшээл ч гэсэн илүү сайн хүн болоход чинь тусалж болно. Ийм сорилт бэрхшээл итгэл, тэсвэр хатуужлыг чинь сорьж, өөрийн чинь талаар чамд сургамж өгч болно. Эдгээр сорилтуудыг өсөлт хөгжилтийнхөө төлөө ашиглахын тулд тэдгээрээс ямар сургамж авч болохыг, улам сайжрахын тулд юу хийж болохыг өөрөөсөө асуу.
Хэрэв та Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсвэл итгэл тань сорилт бэрхшээлийн үед улам хүчирхэгжиж болно. Аврагч зовж шаналж байхдаа залбирсан шиг та “маш шаргуу” (Лук 22:44) залбирч болно. Тэнгэрлэг Эцэг сорилт бэрхшээлийг зайлуулж болно эсвээс үүнийг даван туулахуйцаар таныг хүчирхэгжүүлж болно (Moзая 24:14–15-ыг үз).
Найз нөхөд, гэрийнхэн чинь тусалж болно
Намайг буруу замд орж уруудах үед Тэнгэрлэг Эцэгийн намайг сэрэмжлүүлдэг нэг арга бол хувийн туршлагаа надтай хуваалцахад найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд Тэрбээр сүнслэгээр нөлөөлдөг явдал мөн. Тэднийг хувийн туршлагаа хуваалцах үед ямар нэг зүйлийн талаар буруутай юм шиг санагдах юм уу ямар нэг зүйлийг өөрчлөх хүсэл төрвөл би наманчлах буюу амьдралдаа өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна гэдгээ мэддэг.
Люис С., нас 17, Флорида, АНУ
Зүрх сэтгэлээ шинж
Өөрийн чинь хийдэг зүйл Тэнгэр дэх Эцэг тань өөрөөс чинь хийхийг хүсдэг тэр зүйл мөн үү гэдгийг мэдэхийн тулд зүрх сэтгэлээ шинжиж бай. Сайнаас мууг ялган танихыг заадаг Ариун Сүнс бидэнд байдаг. Хэрэв та Бурханыг эрэлхийлж, Түүнээс асуувал юу хийх ёстойг чинь Ариун Сүнс харуулах болно. Сорилт бэрхшээл өөрт чинь зааж байна уу эсвэл сэрэмжлүүлж байна уу ялгаагүй та үүнд итгэл болон Их Эзэнд найдах найдлагаар хариулбал өсч хөгжин, Христээр төгөлдөржихөд өөрт чинь туслах нэг л адил зорилготой юм.
Эмили Б., нас 18, Калифорни, АНУ
Их Эзэн таныг тайтгаруулна
Аливаа сорилт бэрхшээлийг хүчирхэгжүүлэгч туршлага болгон хувиргаж, өөрийг чинь илүү сайн хүн болгох нь Тэнгэрлэг Эцэгийн зорилго мөн. Бүх зүйл та өөрөө сорилт бэрхшээлд хэрхэн хандахаас шалтгаална. Зарим бэрхшээл сорилт даван туулахад хэтэрхий хүнд юм шиг санагдаж болно гэвч бидэнд итгэл байвал хэсэг хугацааны дараа тэдгээр нь биднийг адислах болно. “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ” (Иохан 14:18) хэмээн Их Эзэн бидэнд хандан хэлсэн үгийг би үргэлж санахыг хичээдэг. Та энэхүү мэдлэгтэйгээр өөртөө тохиолдсон аливаа сорилт бэрхшээлийг даван туулж, улам хүчирхэг болон өсч хөгжих болно. Буруу замд орж уруудсаныг чинь Тэнгэрлэг Эцэг анхааруулж байна гэдгийг мэдэрсэн үедээ төмөр бариулаас чанга барихын тулд итгэлтэй байж, Сүнсний өдөөлтүүдийг сонс. Тэрбээр танд хайртай, насан туршид чинь танд туслахын тулд чадах бүхнээ хийгээсэй гэж өөрөөс чинь үргэлж хүсэн хүлээж байдаг.
Оливиа Б., нас 18, Миннесота, АНУ
Энэ тухай эргэцүүлж бодоорой
Сорилт бэрхшээлийн зорилгыг мэдэх хамгийн сайн арга бол энэ талаар мацаг барьж, чин сэтгэлээсээ залбирах явдал гэж би боддог. Бас энэ тухай эргэцүүлэн бодохыг хичээ. Та сорилт бэрхшээлийг даван туулсны дараа илүү сайн хүн болсон уу өөрчлөгдөлгүй хэвээрээ үлдсэн үү? Хэрэв сорилт бэрхшээлийг даван туулснаар та илүү сайн, аз жаргалтай хүн болно гэж бодож байвал та зөв зам дээр байгаа нь тэр.
Аммон К., нас 16, Юта, АНУ
Зөв зам дээрээ үлд
Бид судруудаа өдөр бүр уншиж, залбирч байх ёстой. Хэрэв бид юмсыг Ариун Сүнстэй хамт хийх юм бол Бурхан бидэнд ямар сонголтууд хийх болон хийх ёсгүйг мэдүүлэх болно. Хэрэв таны явж байгаа зам, Тэнгэр дэх Эцэг өөрийг чинь сонгоосой гэж хүсэн хүлээдэг тэр зам биш бол даруй эргэ. Нарийн бөгөөд давчуу зам дээр үргэлж үлд.
Элизабет П., нас 15, Пеннсильвани, АНУ
Сорилт бэрхшээлээсээ суралцахын төлөө залбир
Тэнгэрлэг Эцэг амьдралын бүх үеийн туршид бидэнд сорилт бэрхшээлүүдийг өгдөг бөгөөд тэдгээр нь Түүний сайн мэдээнд итгэх бидний итгэлийг бэхжүүлдэг. Хэрэв бид буруу зам дээр байгаа бол энэ нь бидний хийсэн буруу сонголтын балаг юм. Бурхан өөрийг чинь хүчирхэгжүүлж, сорилт бэрхшээлийн сайн үр дагавар юу болохыг ялган танихад туслахын тулд Түүнд хандан үргэлж залбирч бай. Тэнгэрлэг Эцэгээс бидний зам дээр тавьдаг сорилт бэрхшээлүүд нь бидэнд сургамж өгч, гэрчлэлийг өсгөн нэмэгдүүлж дахин унахгүй байхад бидэнд болон бидний туршлагаар дамжуулан бусдад тусалдаг билээ.
Радди Р., нас 17, Гвияас, Эквадор
Сорилт бэрхшээл сэрэмжлүүлэг болдог
Заримдаа бидэнд тэгж санагддаггүй ч сорилт бэрхшээл бүхэн биднийг хүчирхэгжүүлдэг гэж би боддог. Би 14-тэй байхдаа өвдөж, найман сар сургуульдаа явалгүй гэрээр хичээлээ үзсэн. Энэ сорилт намайг улам сайн, илүү хүчирхэг хүн болоход тусалсан юм. Энэ нь өөртөө байгаа юмсын төлөө талархалтай байхад надад тусалсан. Сорилт бэрхшээл нь зарим үед амьдралд хаана яваагаа эргэн харах боломжийг бидэнд олгодог бөгөөд тэдгээр нь сэрэмжлүүлгийн сайн хонх болдог.
Женнифер П., нас 17, Умард арал, Шинэ Зеланд
Тэвчээртэй хүлээ
Хэрэв сорилт бэрхшээл нь аль нэг зарлигийг зөрчсөний үр дагавар бол энэ нь сэрэмжлүүлэг байж болно. Гэвч сорилт бэрхшээлүүд нь таны хяналтаас гадуур байвал тэдгээр нь өсч хөгжихөд чинь танд тусалж болно. Хэрэв энэ туршлагаас сургамж авч, ямар нэг юмыг өөрчлөх хэрэгтэй байвал та нар Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, асуу. Энэ тохиолдолд чухам юу сурах хэрэгтэй вэ? гэдгийг өөртөө мэдүүлж өгөхийг Түүнээс гуй. Хүч чадал, тайтгарлын төлөө залбир. Тэгээд тэвчээртэй хүлээ. Хариу нь удахгүй ирж байж болно.
Майкла П., нас 17, Айдахо, АНУ