2011
Дэлхийд гэрлээ харуулъя
2011 оны зургадугаар сар


Дэлхийд гэрлээ харуулъя

Гэрлийг дэлхийд өргөн харуул хэмээн Төлөөлөгчид Төв Америкийн Гэгээнтнүүдэд захив

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард, Ахлагч Тодд Кристофферсон нар 2011 оны 1-р сард Гватемал, Гондурас, Никарагуад томилолтоор ажиллах үедээ, Сүмийн гишүүн бүр Есүс Христэд итгэх гүнзгий итгэлийг өөртөө төлөвшүүлэх ёстой гэж хэлжээ. Тэд Сүмийн бусад удирдагчдын нэгэн адил залбирал, судар судлах, гэр бүлийн үдэш, ариун сүмд үйлчлэх, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, Их Эзэний зарлигуудад дуулгавартай байж, эргэн тойрныхоо хүмүүстэй итгэлээ хуваалцах замаар гэр бүлээ бэхжүүлдэг байхыг гишүүдэд зөвлөв.

Ахлагч Кристофферсон, Баллард нар хэд хэдэн гадасны чуулганыг тэргүүлж, орон нутгийн санваартны удирдагчид, эцэг эхчүүд, гэр бүлийн хосууд, залуу насанд хүрэгчид, өсвөр насныханд зориулсан галын дэргэдэх ярилцлагуудад оролцов. Тэд бас дөрвөн номлолын 1,100 гаруй номлогчид, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлүүд, бишопууд, салбарын ерөнхийлөгчидтэй уулзжээ.

Ахлагч Скотт Мозамбикт эргэж ирэв

“Та нар бол дэлхий дээрх Бурханы хамгийн үнэ цэнэтэй хүүхдүүд, Бурхан та нарт хайртай” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скотт саяхан Зүүн Өмнөд Африкийн бүст очихдоо Мозамбикийн Гэгээнтнүүдэд хандан хэлэв. Энэ орныг сайн мэдээг номлоход зориулж онцгойлон адисалснаас хойш арваннэгэн жилийн дараа Ахлагч Скотт 2011 оны нэгдүгээр сард эргэж ирэхдээ Сүм агуу өсөлт дэвшилтэд хүрснийг мэдсэн аж.

Ахлагч Скоттыг анх ирэхэд Мозамбикт Сүмийн гишүүн ердөө 40-хөн байсан бөгөөд сүм Өмнөд Африкийн Иоханнесбургийн Номлолд харьяалагдаж байжээ. Түүнийг хоёр дахь удаагаа ирэхэд Сүм улс орон даяарх 2 дүүрэг, 19 салбар, 3 бүлэгт цугладаг 5000 гаруй гишүүдтэй болж өсч хөгжсөн байлаа. Энэ оронд бас Мозамбик, Ангола хоёрыг хариуцдаг Мозамбикийн Мапуто Номлол байрлаж байна.

Ахлагч Скотт явахынхаа өмнө Сүмийн Хүмүүнлэгийн Тусламжийн хөтөлбөрөөр Мозамбикт ажиллаж байгаа эмч нартай уулзжээ.

Ахлагч Беднар, Андерсен нар Номхон Далайн Гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлэв

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар, Нейл Л.Андерсен нар саяхан Номхон Далайн орны Сүмийн гишүүд, номлогчдод заавар өгч, сэтгэл санааг нь өргөн, итгэлийг нь бэхжүүлэв.

Ахлагч Беднар Тонга, Шинэ Зеланд, Хавай, Маршаллын арлууд дахь номлогчид, гишүүдтэй уулзжээ. Маршаллын Арлуудын гишүүдийн хувьд Ахлагч Беднарын айлчлал чухал үйл явдал болсон. Учир нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн энэ оронд анх удаа айлчилж байгаа нь энэ ажээ.

Ахлагч Андерсен Австрали, Папуа Шинэ Гвиней, Шинэ Зеланд Францын Полинезид томилолтоор ажиллав.

“Бид далайн арлууд болон дэлхийн хязгааруудад айлчлах үедээ газар болгонд Сүмийг хардаг. Сүм бат бөх сууриа олж өсч хөгжиж, итгэл бишрэлтэй, сайн хүмүүстэй болжээ. Энэ бол үнэхээр гайхамшигтай” гэж Ахлагч Беднар хэлжээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл Л.Андерсон номхон далайн бүсийн номлогчид болон гишүүдтэй уулзжээ.

Гэрэл зургийг Ахлагч Нейл Л.Андерсены зөвшөөрлөөр нийтлэв