Гэртээ аюулгүйгээр хөвж хүрэх нь
Энэтхэгийн Висахапатнамын Хожмын Үеийн Гэгээнтэн өсвөр үеийнхэн ороо бусгаа цагт амьдралын хүнд сорилт бэрхшээлийг даван туулахад гэр орон нь амар тайван, аюулгүй газар байдгийг мэддэг ажээ.
Висахапатнамын загасчид өдөр бүр далайд гардаг. Ихэнх өдөр давалгаа намуухан, далай дөлгөөхөн байдаг бөгөөд завиуд дүүрэн загас ачиж эргэж ирнэ. Гэвч давалгаа үе үе хуйлран догширно. Тэнгэр харанхуйлж, аварга том давалгаанууд хуйлран босоход загасчид зогсоолдоо эсэн мэнд эргэж ирсэндээ баярлана.
Висахапатнамын Хожмын Үеийн Гэгээнтэн залуус өдөр бүр дэлхийн амьдралд хөл тавьдаг. Ихэнх өдрүүд тэдэнд таатай сайхан өнгөрдөг. Тэд мэдлэг эзэмшиж, найз нөхөдтэй болон, амьдралын баяр баясгалангаар дүүрэн гэртээ эргэж ирнэ. Гэвч дэлхий үе үе ороо бусгаа болно. Урам хугарч сэтгэл гонсойх нь далайн давалгаа лугаа адил ихэсч, уруу таталт газар авч, аюул занал учруулан, сүнсний тэнгэрийг эргэлзээ харанхуйлна. Ийм өдрүүдэд тэд гэр орон хэмээн нэрлэдэг амар тайван, аюулгүй газарт эсэн мэнд эргэж ирсэндээ баярлана.
Ханан дээрх зургууд
Өсвөр насны Хожмын Үеийн Гэгээнтэн Нага Бушан Ратнам, Павани Котала Ратнам хоёр хотоос хол орших жижигхэн орон сууцанд эцэг эхтэйгээ амьдардаг. Харин аав нь гэртээ ойрхон төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг ажээ. Гэрийнх нь ханан дээрх зургуудаар тэд юуг бүхнээс илүү эрхэмлэдгийг төвөггүй ойлгоно. Хаалганы ойролцоох номын тавиур дээр гэр бүлийн гэрэл зургууд дүүрэн байлаа. Харин унтлагын хэсэгт Аврагчийн болон ариун сүмийн зургууд, Тэргүүн Зөвлөлийнхний зураг ханыг нь чимжээ.
“Өглөө сэрэх бүрдээ миний хамгийн түрүүнд хардаг зүйл бол эдгээр зургууд юм. Шөнө унтахаасаа өмнө эдгээр зургуудыг бас хардаг” гэж Павани хэллээ.
Бид гэр орноо амар тайван, аюулгүй газар болгож чадна гэдэгт Павани итгэдэг ажээ. “Тийм учраас би бүх зүйлийг цэвэрхэн байлгадаг. Энэ нь гэр орныг Сүнс оршиход тааламжтай болгох нэг арга юм” гэж тэр ярив. Сургууль дээрээ “би Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг цүнхэндээ үргэлж авч явдаг ба номыг цүнхнээсээ гаргаж ирээд удаан хардаг.”
Эгчтэйгээ ярилцах нь түүнд амар амгаланг авчирдгийг Нага мэджээ. “Бид мэдээж хэрэг аав ээжтэйгээ ярилцаж, олон зүйл дээр тэдний зөвлөгөөг хүсдэг. Манай аав дүүргийн ерөнхийлөгч тиймээс бид албаны болон албаны бус сэдвээр аль алинаар нь үргэлж ярилцдаг. Бид бас ээжтэйгээ ярилцах дуртай. Гэвч эгчтэй хуваалцах ёстой ямар нэг онцгой зүйл байдаг” гэж тэр ярилаа. Нагаг уурлаж бухимдсан үед Павани түүнийг тайвшруулдаг, Нага нэлээд зожиг болохоор илүү нийтэч байхад нь түүнд тусалдаг гэнэ.
“Гэвч хамгийн чухал нь бид хоёр жишгүүдийг дагахад бие биеэ дэмжиж хүчирхэгжүүлдэг. Жишээ нь: Павани Нагагаас зохистой хувцаслах талаар зөвлөгөө авахыг хүсдэг. Хэрэв аль нэг хувцас Сүмийн жишгүүдтэй нийцэхгүй гэж тэр хэлбэл би түүнийг өмсөхгүй” гэж тэр хэллээ. Тэд бас Сүмд болон нийгэмд үйлчлэл хийх тухай олон удаа ярилцдаг гэнэ. Ийм яриа нь ирээдүйд зүрх, судасны эмч болох Нагагийн мөрөөдөлтэй заримдаа холбоотой байдаг. “Би мэргэжлээ үйлчлэл үзүүлэх бас нэг арга зам байхыг хүсдэг” гэж тэр хэллээ.
Гэр оронд нь санваар байгаа нь тэдний гэр бүлийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг гэж өсвөр насны хоёр Ратнам ярив. Аав нь найман жилийн өмнө гэр бүлийнхнээ Сүм уруу авч явахын тулд талдаа 40 км газрыг ганц хүний моторт дугуйгаар туулсныг тэд дурсан ярьдаг ажээ. Аав нь баптисм хүртсэн өдөр өвчтэй байсан Паванигийн төлөө тэдний хийсэн итгэлийн залбирлуудын тухай, сургуулийн шалгалтын үеэр хүндээр өвчилсөн Нагад аав нь санваарын адислал өгсөн тухай, аав нь ээжид нь болон тэдэнд зөвлөгөө хэрхэн өгдөг тухай, тэрээр чухал шийдвэр гаргахдаа Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг тухай тэд ярилцдаг гэнэ.
“Манай гэр бүл сайн мэдээнд өсч хөгжсөнөөр бидний амьдралд нааштай өөрчлөлт гарсныг би харсан. Аав ээж болон ахын минь үлгэр жишээ манай гэр бүлийн отгон гишүүн намайг удирдсан юм. Миний амьдралын юм бүхэнд Есүс Христ тусалсныг би мэднэ. Надад тусалдаг, намайг хайрладаг хүмүүс миний эргэн тойронд байна бас Аврагч надад хайртай. Энэ хайр надад өөр юунаас ч илүү чухал юм” гэж Павани ярилаа.
Манай гэр бүл Хятадын Хонг Конгийн Ариун сүмд лацдан холбуулахаар очсон үед энэ хайр тодорхой харагдсан. Дэлхий дээр ариун сүм бол бүхнээс илүү аюулгүй газар юм. “Энэ бол ариун газар. Ариун сүмийн тухай зүгээр бодоход л ариун байдал манай гэрт мэдрэгддэг.” Энэ нь Ратнамынхны гэрийг баяр баясгалантай газар болгодог ажээ.
Судраас ирдэг аюулгүй байдал
Висак хотын төвд эцэг эхтэйгээ амьдардаг Хепсиба, Сандийп, Сужит Бата нар судрууд бол тэдний гэр орон дахь амар амгалангийн зангуу юм гэв. “Бид судруудыг уншсанаар өөрсдийгөө зөв замаар удирдах, амьдралдаа зөв шийдвэр гаргахад Сүнсийг урьдаг. Бид бас гэр бүлийн үдшийг хийж, гэр бүлээрээ залбирсан үед Сүнсийг гэр орондоо урьдаг” гэж Хепсиба ярилаа.
Ээж нь тэдэнд “өдөр бүр гадагшаа юманд явах, гэртээ ирэх бүрдээ залбирч бай” хэмээн сануулдаг. ‘Талархалтай бай’ гэж ээж хэлдэг. Энэ нь намайг юм бүхний төлөө талархах хүсэлтэй болгосон юм” гэж Сандийп хэлэв.
Тэдний гэрээс гадна өөр нэг амар амгалангийн газар бол салбарын цуглаанууд юм. Энд гишүүд сайн мэдээнд хамтдаа суралцаж, шүтэн бишрэхэд бие биедээ тусалж, адил жишгүүдийг баримталдаг залуус үйл ажиллагаанууд дээр бие биеэ хүчирхэгжүүлэн дэмждэг. “Бид бол дэлхийн гэрэл хэмээн Их Эзэн бидэнд хэлсэн шүү дээ” гэж Сужит хэлэв (Maтай 5:14-ийг үз). “Бид хамтдаа цугласан үед энэ гэрлийг хурцаар гэрэлтэх болгож, үүнийг хуваалцахдаа улам баяртай байдаг.”
Аз жаргалтай гэр орон
Энэ бол сайн мэдээг Буттигийн гэр бүлд авчирсан нэг төрлийн хуваалцах арга зам байлаа. Сандиа Бутти, Суда Бутти эгч нар болон тэдний эцэг эхчүүд Сүмийн тухай хэрхэн мэдсэнээ ярих дуртай, энэ тухай ярихдаа үргэлж инээмсэглэдэг ажээ.
“Бид гэр бүлээрээ Сүмд нэгдсэн” гэж Сандиа ярилаа. Бид үнэн сүмийг удаан хугацаанд хайсан, тэгээд энэ сүмд баптисм хүртэх ёстойг ойлгосон. Тэгээд нэг өдөр манай аав хоёр номлогчийг харжээ. Тэдний нэрийн тэмдэг дээр ‘Есүс Христийн Сүм’ гэсэн үгс байсныг хараад аав тэдэнтэй ярилцах хэрэгтэйг мэдсэн юм.”
Чин сэтгэлийн ярилцлагууд эхлэв. Есүс Христ Эцэгийн хүслийг биелүүлэхийн тулд бидний төлөө зовж, Цагаатгалыг гүйцэлдүүлснээр Түүнийг дагаж, Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих боломжийг олгосныг бид мэдсэн” гэж Суда хэлэв. Тийнхүү Сүмд нэгдэн бат бөх гэрчлэлтэй болсон нь дөлгөөхөн далайгаар хөвөн гэртээ ирэхтэй адил байсан бөгөөд Буттигийнхэн ийм шийдвэр гаргасандаа баяртай байдаг ажээ.
Висахапатнамаас загасчны завиуд өдөр бүр далайд гардаг. Висахапатнамын 1,2-р болон Гайхувака салбарын залуус өдөр бүр дэлхийн амьдралд хөл тавьдаг. Тэд бүгдээрээ танил зогсоолдоо эсэн мэнд эргэн ирж чадна. Харин Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд тэрхүү зогсоол нь зөвхөн өнөөдөр төдийгүй үүрд мөнхөд аюулгүй байх газар юм.