2011
Санваараар адислагдсан минь
2011 оны зургадугаар сар


Санваараар адислагдсан минь

Виржиниа Гиллис, Массачусетс, АНУ

Би 1996 онд ганц бие эх байхдаа Сүмд элссэн билээ. Миний ихрийн өрөөсөн Тереза надаас хэдэн жилийн өмнө Сүмд нэгдсэн байлаа. Терезаг баптисм хийлгэхэд бидний нэг найз надаас “Тереза яагаад энэ сүмд элсч байгаа юм?” Энэ Сүмийнхэн эмэгтэйчүүдийг ойшоодоггүй шүү дээ” гэж билээ.

Тэр найзын маань ойлголт буруу гэдгийг би Сүмийн гишүүдтэй харилцаатай байсан тул мэддэг байлаа. Миний мэдэхээр мөн харснаар Сүмийн гишүүдийн гэрлэлт хамгийн бат бөх бас эрх тэгш байсан юм. Сүмд зөвхөн эрэгтэйчүүд санваар эзэмшдэг ч тэд санваараа бүх нийтийн ашиг тусын тулд хэрэглэдэг гэдгийг би мэддэг байлаа.

Баптисм хийлгэснээс 11 жилийн дараа надад хөхний хорт хавдар оношлогдоод энэ үнэнийг улам ч хүчтэйгээр мэдэрсэн юм. Өвчний тухай мэдээд санваарын адислал авах хэрэгтэй гэсэн сүнсний өдөөлтийг мэдэрч тэр оройдоо санваарын адислал авав. Хорт хавдраас ангижирч бие минь эрүүл болон, Сүнс миний эмч нарыг удирдах болно гэсэн амлалтыг би тэр адислалаар хүлээн авч билээ.

Дараагийн гурван жил эмчлүүлэх болон мэс засал хийлгэх явцад миний хүлээж авсан олон адислалаас тэр адислал анхных нь байсан юм. Хэрэв эдгэрэлт нь Их Эзэний хүсэл мөн сүнслэг байдлын хувьд хүнд сорилттойгоо тэмцэх хүч өгөгдсөн бол эдгэрэх болно гэдэг итгэл надад төрсөн билээ.

Мэс заслын дараа шөнө хоёр дахь эдгэрэлтийг мэдэрч билээ. Маш их өвдсөнөөс болж сэрснээ би санадаг. Яг тэр мөчид “Бие чинь сайжрахыг та мэдрэх болно. Бие чинь эрүүл болно гэдгийг танд амласан шүү дээ. Иймээс та эрүүл болно гэдгээ мэдэж байгаа” гэсэн бодол дотор зурсхийн орж ирлээ.

Өөр нэг удаа би ирээдүйнхээ талаар сэтгэл түгшин, шөнө дунд гэнэт сэрлээ. “Миний хувь заяа хаашаа эргэдэг бол?” гэж бодлоо. Сэтгэлийн тэр түгшүүр хоёр цаг орчим үргэлжилсэн ч, өвчинтэй тэмцэлдсэн гурван жилийн туршид ганцхан удаа ийнхүү сэтгэлийн түгшүүр төрсөн нь энэ. Санваарын адислалуудаас миний хүлээн авсан амар амгалан надад хүч тамир өгч, тэсвэрлэж чадахгүй болов уу гэж бодож байсан зүйлийг даван туулах боломжийг олгосон юм.

Санваарын хүч намайг мэс заслын дараах хүндрэл болон халуурах үед надад байнга хүч чадлыг өгдөг байлаа. Ийм үед нэг орой манай хадам ах эмнэлэг дээр хүрч ирэн надад адислал өгөв. Халуун өдөржингөө нэмэгдэж байсан ч адислалын дараа аажмаар буурсан. Үүнд би гайхсангүй харин бишрэн шүтэж билээ.

Намайг эмчилж байсан эмч нарыг Сүнс удирдах болно гэсэн амлалт биелэгдсэнийг харлаа. Нэг мэс заслын дараа намайг сэрэхэд мэс заслын эмч хүрч ирэв.

“Би мэс заслаа дуусгах гэж байтал ямар нэг зүйл намайг илүү анхааралтай бай гэж сануулах шиг болсон, үүний үр дүнд би цааш тархсан байсан хавдрыг илрүүлж, түүнийг арилгасан. Илүү хавдар байсныг олсон нь маш азтай хэрэг шүү” гэж эмч надад ярьж билээ.

Тэр эмч Сүмийн гишүүн биш ч харин өмнө нь миний авсан адислалын амлалт биелэгджээ гэдэгт би итгэлтэй байлаа. Сүнс түүнийг удирдсан хэрэг.

Би тойргийнхоо зохистой санваартнуудад амьдралыг минь адислахын тулд санваарыг ашигласанд нь талархаж явдаг билээ. Санваартаа хүндэтгэлтэй хандаж, бусдыг адислахад үүнийг ашиглахад нь нөхрүүддээ дэмжлэг үзүүлж тусалдаг эхнэрүүдэд нь би баярлан талархдаг. Тэр дундаа дэлхий дээрх Өөрийн хүчээр, Түүний бүх хүүхдүүдийг адисалдаг тэрхүү хүчээр биднийг адисалсан Тэнгэрлэг Эцэгтээ би талархаж байна.