2011
Сайн мэдээний анхдагч зарчмууд болон ёслолууд нь намайг Бурхантай дахин амьдрах боломжтой болгодог
2011 оны зургадугаар сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Сайн мэдээний анхдагч зарчмууд болон ёслолууд намайг Бурхантай дахин амьдрах боломжтой болгодог

“Бид Ариун Сургаалын анхны зарчим болон ёслол нь, нэгдүгээрт: Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, хоёрдугаарт: Наманчлал, гуравдугаарт: Нүглээс ангижрахын тулд усанд умбуулан хийгдэх баптисм, дөрөвдүгээрт: Толгой дээр гар тавиулан хүртэх Ариун Сүнсний бэлэг гэдэгт итгэдэг” (Итгэлийн Тунхаг 1:4).

Чи Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Итгэлийн тунхагийн дөрөвт Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахын тулд өөрийн чинь дагах ёстой дөрвөн чухал зарчим болон ёслолын тухай өгүүлдэг.

Нэгдүгээрт: чамд Есүс Христэд итгэх итгэл хэрэгтэй.Есүс Христэд итгэх итгэлтэй байхын тулд Түүнийг хэзээ ч хараагүй ч Тэрбээр амьд, Тэрбээр аврагч бөгөөд өөрт чинь хайртайд чи итгэдэг байх ёстой. Христэд итгэх итгэлтэй байснаараа чи өөрөөс чинь хийхийг Түүний хүсдэг зүйлсийг, тухайлбал: залбирч байх, сүмд явж, эелдэг найрсаг байж, зарлигуудыг сахихыг хүсэх болно.

Өөрөөс чинь хийхийг Есүсийн хүсдэг нэг чухал зүйл бол найман нас хүрэхээрээ (эсвэл түүнээс дээш насандаа) баптисм хийлгэх явдал мөн. Чи Есүсийн адил усанд умбуулалтаар баптисм хүртэх болно. Энэ нь чи бүхэл биеэрээ усан дотор орно гэсэн үг. Чиний баптисмыг баптисм хүртээх санваарын эрх мэдэл бүхий хэн нэгэн гүйцэтгэх болно. Чи баптисм хүртэх үеэрээ бас Тэнгэрлэг Эцэгт амлалтууд өгдөг. Чи зарлигуудыг сахина гэсэн амлалт өгөх бөгөөд хэрэв зарлигуудыг сахьвал, Ариун Сүнсний нөхөрлөл чамд байх болно гэж Тэр амладаг.

Баптисм хүртсэнийхээ дараа чи Ариун Сүнсний бэлэг хүлээн авна. Санваарын эрх мэдэлтэй хүн толгой дээр чинь гараа тавин Ариун Сүнсний бэлгийг чамд өгөх болно. Ариун Сүнс чамайг удирдаж, заан, тайтгаруулж, Есүс Христийн тухай гэрчлэх болно.

Есүс Христийн Цагаатгалын улмаас чи төрсөн өдрөөсөө эхлэн найман нас хүртлээ гэм буруугүй, цэвэр ариун байдаг. Найман нас хүрч баптисм хийлгэснийхээ дараа ямар нэг буруу юм хийсэн бол наманчлах хэрэгтэй. Наманчилна гэдэг нь буруу зүйлдээ гэмшиж, Тэнгэрлэг Эцэгээс болон гомдоосон байж болох хүмүүсээс уучлал гуйна гэсэн үг. Наманчилсны дараа чи дахиад тийм алдаа гаргахгүй, зарлигуудад илүү дуулгавартай байхын төлөө бүх чадлаараа хичээх хэрэгтэй. Хэрэв наманчилвал Цагаатгал чамайг дахин цэвэр ариун болоход тусална.

Есүс Христэд итгэх итгэлтэй байж, наманчлан, усанд умбуулалтаар баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлэг авах нь гэр бүлийнхээ хамт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдрахаар буцаж очиход чинь чамд туслах учраас маш чухал юм.

Үйл ажиллагаа

Чи энэ пүрштэй хөдөлгөөнт дүрсийг сайн мэдээний анхдагч зарчмууд болон ёслолуудын сануулагч болгон хийж болно. 63-р хуудсыг хатуу цаасан дээр наа. Таван тэмдгийг хайчилж ав. Дараа нь хөдөлгөөнт дүрсийг бүдүүн зураасаар хайчлах юм уу, цоолж ав. Тэмдгүүдийг хөдөлгөөнт дүрсээс утсаар болон туузаар уяж өлгө.

Сайн мэдээний анхдагч зарчмууд болон ёслолууд нь:

1. Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл

2. Наманчлал

3. Нүглийн уучлалын төлөө усанд умбуулалтаар хийх баптисм

4. Ариун Сүнсний бэлгийн төлөөх гар тавилт юм.

Томас С.Чайльдын зураг чимэглэл