Аз жаргалд хүргэх үнэний зам
2010 оны 4-р сарын 10-нд Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үгнээс. Англи хэл дээрх бүрэн эхийг http://devotional.byuh.edu/node/416-д орж үзнэ үү.
Бид гэр орон, ажил төрөлдөө жинхэнэ аз жаргалд хүргэх үнэний замаар замнаж, мэдлэг болон нөлөөгөө дэлхийн хүмүүст илүү зөв шударга байдал, амар амгалан, ойлголт мэдлэгийг дэлгэрүүлэхийн тулд ашиглахын төлөө би залбирч байна.
“Аз жаргалтай амьдралын” жорын тухай олон зууны турш маргасаар байна. Төлөөлөгч Паул Афинд Марсын толгод дээр “Епикур, Стойкийн гүн ухаантнуудтай” мэтгэлцсэн юм (Үйлс 17:18). Стоикчууд хамгийн эрхэм сайн сайхан зүйл бол ариун журам гэж үздэг байхад Епикурчүүд хамгийн эрхэм сайн сайхан зүйл бол зугаа цэнгэл гэдэгт итгэдэг байжээ. Олон стоик бардам зантай болж, “хүсэл санаархал, нүгэл хилэнцээ … хаацайлахын” тулд философийг ашиглаж байв. Олон епикур “маргааш үхэх юм чинь өнөөдөр ханатлаа идэж, ууцгаая” гэсэн уриатай, зугаа цэнгэл хөөж, хар амиа хоохойлсон хүмүүс болжээ.1
Дэлхийн эрдэм боловсролтой хүмүүсээс олон нь “оюун ухааны бясалгал”-ыг “аз жаргалтай амьдралын” гол шинж тэмдэг гэж үздэг Аристотелын үзэл баримтлалыг урт удаан хугацаанд баримталсаар байна. New York Times Book Review-д тойм бичигч нэгэн “хүний аз жаргалтай амьдралын олон бүрэлдэхүүн хэсгийг бүрдүүлдэг ганцхан зөв тэнцвэржүүлэгч байдаггүй” гэсэн дүгнэлтийг орчин үеийн философичид хийдэг хэмээн бичжээ.2’”2
New York Times сонины нэг өгүүлэлд “Гэрлэлтээс ирдэг аз жаргал нь хүний сайн сайхан байдлыг тодорхойлогч бусад ямар ч зүйлээс хавьгүй илүү чухал юм” хэмээн өгүүлжээ. Тэрбээр “оюутнуудыг ажил мэргэжилд бэлтгэхэд” бага цаг зориулж, “оюутнуудыг нийгмийн амьдралын шийдвэр гаргахад бэлтгэхэд” илүү их цаг зарцуулахыг уриалжээ.3
Би эдгээр үгсийг уншихын хамт Бошиглогч Иосеф Смит “Аз жаргал бол бидний оршихуйн зорилго, утга учир юм; мөн энэ нь төгсгөлтэй хэрэв бид аз жаргал өөд хөтөлдөг замаар замнах юм бол энэ зам нь ариун журамтай, шулуун шударга, итгэлтэй, цэвэр ариун бөгөөд Бурханы бүх зарлигуудыг сахих явдал мөн” хэмээн сургасныг тунгаан бодож үзсэн.4
New York Times сонин дахь гэрлэлтийн тухай үзэл баримтлал болон Бошиглогчийн энэхүү өөдрөг үзэл бүхий тунхгийн үзэл санаагаар бидэнд төлөвшөөсэй хэмээн Бурханы хүсдэг тэрхүү аз жаргалд бид хүрч чадна гэдэгт би итгэлтэй байдаг. Тэрхүү аз жаргалд хүрэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
Өвөг дээдэстээ талархалтай бай
Адислалуудынхаа төлөө ялангуяа өвөг дээдэстээ үргэлж талархаж яв. Бид сайн эцэг эхээр адислагдсан учраас үргэлж талархалтай байх ёстой. Энэ бол бидний хүн нэг бүр өвөг дээдсийнхээ төлөө төлөх ёстой өр юм.
“Алтыг нь аваад, авдрыг нь бүү хая” гэсэн зүйр үг байдаг. Бид эцэг эхээ хүндлэх ёстойг судруудад тодорхой заасан байдаг. “Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь, эхийнхээ зааж сургасныг бүү огоор” (Сургаалт Үгс 6:20) хэмээн сударт өгүүлдэг билээ. Германы агуу философич Гоет эцэг эхээ хүндлэх тухай ийн өгүүлжээ:
Өвөг дээдэс, эцгүүдээсээ өвлөж авснаа
үнэхээр эзэмшье гэвэл үүнийг шинээр сур!5
Бид эцэг эхдээ талархалтай байж, бидэнд хүлээлгэсэн итгэл найдварыг нь алдахгүйн төлөө ямагт сайн үйлс бүтээж явах ёстой юм.
Бие сэтгэлээ гэр бүлдээ бүрэн зориул
Хоёрдугаарт: аз жаргалын үндэс суурь болсон мөнхийн гэр бүлд бие сэтгэлээ бүрэн зориул. Дэлхийд өнөө үед олон хүн гэрлэхгүй байхаар сонгож эсвэл гэрлэхээ хойшлуулж байна. Гэр бүл бол дэлхий үндэслэгдэн бий болохоос өмнө Бурханаас томилогдсон үүрд мөнхийн байгууллага мөн. Ихэнх хүмүүс гэрлэж, үр хүүхдээр адислагдах болно. Үр хүүхэдтэй болохоос илүү эрхэм дээд адислал энэ амьдралд байхгүй. Бүх судрууд дахь хамгийн сэтгэлд хоногшим хэсэгт бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх хүүхдийн ач холбогдлыг тод томруунаар өгүүлсэн байдаг. Хүүхдүүд үнэхээр “ЭЗЭНээс ирдэг бэлэг” (Дуулал 127:3) мөн.
Намайг 20-иод настай байхад Ерөнхийлөгч Давид О.МкКей (1873–1970) гэрлэлт болон хүүхдүүдийн тухай захиас хэлж билээ. Тэр 95-тай байсан бөгөөд тэр жил амьдралынх нь сүүлчийн жил байлаа. Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох цэвэр хайр бол “дэлхий дээрх хамгийн эрхэм ариун зүйлсийн нэг бөгөөд хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх нь хүмүүний бүх үүргүүдээс охь манлай нь юм” хэмээн сургасан юм.6
Тэр үед Ерөнхийлөгч МкКей гэр бүл салалт нэмэгдэж байгаа тухайд санаа зовдгоо хуваалцсан ажээ. 1969 онд Калифорни муж Нэгдсэн Улсын “шалтгаангүйгээр гэр бүл салахыг” зөвшөөрсөн анхны муж улс болов. Түүнээс өмнө гэрлэлтийг цуцлахад эхнэр, нөхрөө хуурч, итгэл эвдсэн эсвэл өөр ямар нэг онцгой шалтгааны улмаас салж болдог байжээ. Ерөнхийлөгч МкКей гэрлэлтэд учирч буй асуудалд санаа нь зовж байсан нь тодорхой юм. “Өнөөдөр Нэгдсэн Улсад гэр бүл салалтын хувь өсөн нэмэгдсээр байгаа нь энэ үндэстэнд ноцтой аюул занал учруулж байна” хэмээн мэдэгджээ.7
Бид Ерөнхийлөгч МкКейн сургамжилсан зүйлийг эргэж харвал энэ нь үнэхээр бошиглолын шинжтэй ажээ. U.S. News and World Report -ын одоогийн ерөнхий эрхлэгч тэр үеэс хойших гэр бүл салалтын түүх болон түүний үр дагавруудыг он дарааллаар авч үзсэн байна. “Гэр бүл салалтын хувь 1960-аад оноос хойш хоёр дахин илүү болсныг, бутач хүүхдийн төрөлт 1960 онд 5 хувь байснаа өнөөдөр 35 хувь болж өссөнийг” тэмдэглэжээ. Тэрбээр гэр бүл салалтын хор уршиг болон хүүхдүүдэд үүний үзүүлж буй сөрөг нөлөөг тайлбарлажээ. Энэ бүгд “Төрсөн эцэг эх хоёроос бүрддэг тогтвортой гэр бүл нь … хүүхдийн зан чанарыг төлөвшүүлж, өсгөн хүмүүжүүлэх, эрхэмлэх зүйлсийн тухай итгэл үнэмшил бий болгон хөгжүүлж, ирээдүйг нь төлөвлөх төгс байгууллага болон хувирсныг” тодорхой харуулсан юм.8
New York Times сонины өгүүлэлд “Өнөөгийн нийгэмд … материаллаг сонирхол давамгайлж, эртний ёс суртахуун, нийгмийн сонирхлоос ангид болсны улмаас “сүнсний зүйлүүдэд харалган” болжээ гэсэн дүгнэлт хийсэн байна.9 Энэ чинь Ерөнхийлөгч МкКейн бошиглосон зүйл биш гэж үү?
Сүмийн итгэлтэй гишүүдийн гэрлэлтийн дийлэнх хувь нь аз жаргалтай, тогтвортой байгааг би та бүхэнд батлан хэлж байна. Хараахан гэрлэж амжаагүй та бүхэн гэрлэлт, гэр бүлийн төгс зорилго өөд итгэл үнэмшилтэйгээр урагш тэмүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө бахархан биширдэг, хамгийн дотны найз тань байж чадах нэгнийг үүрдийн итгэлт ханиа болгон сонгохыг би та нарт зөвлөж байна. Хайраар бялхсан, зөв шударга гэр бүлүүдэд байдаг баяр баясгалан, хайр энэрэл, амжилт бүтээл нь бидний хүрч чадах хамгийн агуу аз жаргалыг бий болгодог билээ. Энэхүү аз жаргал нь цэцэглэн хөгжсөн нийгмийн үндэс суурь мөн. Зөв шударга бөгөөд энэхүү зорилгодоо хүрч чадаагүй хүмүүс Тэнгэр дэх Эцэгээс хүүхдүүддээ зориулсан адислал бүрийг хүртэх эрхтэй юм.
Сайн нөлөө үзүүл
Гуравдугаарт: дэлхийд сайн нөлөө үзүүлэх хүчирхэг хүчин зүйл бай. Өөр нэг сорилт бол дэлхийнх биш байж, дэлхийд амьдрахын тулд судрууд дахь тушаалуудыг шимтэн судлах явдал мөн (Иохан 17-г үз). Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байхдаа бид дэлхийд байдаг боловч … тэдний хилэнцэт ёс заншил, … хүсэл тачаал, … мунхаг явдал, … хуурамч онол, сургаалуудаас хуваалцдаггүй болохоор бид дэлхийнх биш байдаг” хэмээн сургажээ.10 Түүнээс гадна, амьдардаг газартаа та нарын оруулдаг хувь нэмэр бол хүмүүст үлгэр жишээ үзүүлж, сайн мэдээг хуваалцан, эцэг эх болон бошиглогчдын заасан үнэнүүдийн дагуу амьдрах явдал бөгөөд энэ нь та нарын сорилтын нэг хэсэг мөн.
Энэ сорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд та дэлхийд сайн нөлөө үзүүлэх хэрэгтэй мөн ийм хүсэлтэй байх ёстой. Бид ийнхүү хичээж, соригдож, туршигдсанаараа илүү агуу хаант улсын хувьд зохистой байж чадна. “Шийдвэр хувь заяаг тодорхойлдог” хэмээн Ерөнхийлөгч Томас С.Монсон заасан билээ.11
Энэ амьдрал амар хялбар биш гэхдээ ийм байх ёстой гэсэн хэрэг биш. Гэвч Их Эзэн биднийг адислахын тулд мөн бидний сайн сайхны төлөө сорилт бэрхшээлүүдийг бий болгодгийг бид мэднэ. Эсэргүүцэл тэмцлийг үл хайхран бат бөх зогсох хүч чадлыг Тэрбээр бидэнд өгөх болно. Зөв шударга байдал бол энэхүү хүч чадлын шагнал, харин зөв шударга байдлын шагнал нь “энэ дэлхий дэх амар амгалан хийгээд ирэх дэлхий дэх мөнх амьдрал” (С ба Г 59:23) юм. Дэлхийд сайн нөлөө үзүүлэхийг би та нарт зөвлөж байна.
Жишгүүдээрээ үлгэр дууриал үзүүлж, амьдар
Дөрөвдүгээрт: эргэн тойрныхондоо жишгүүдээрээ үлгэр дууриал үзүүлж амьдар. Та нарын олонд чинь ажил олж хийхэд сорилт бэрхшээл тулгарна. Та ухаалаг байх хэрэгтэй. Ёс зүй, ёс суртахууны өндөр жишгүүдийг чанд баримталдгаа, түүний дотор гэр бүлдээ тууштай үнэнч байдгаа ажил олгогчдод мэдэгдэх нь чухлыг би та нарт зөвлөмж болгож байна.
Энэ нь чухал болохыг би ажил мэргэжлийнхээ гарааг эхэлсэн үед мэдсэн юм. Би Станфордын Хуулзүйн Сургуулийг дүүргэсний дараа хуулийн нэгэн компанид ажиллах зорилгыг өмнөө тавьсан. Сүмийн гишүүн бус хүмүүс тэр компанид ажилладаг байсан ч хуульчид нь төлөвшсөн, чадварлаг хүмүүс байв. Нэг өглөө ярилцлага хийсний дараа ахлах ажилтан нь өөр хоёр ажилтныхаа хамтаар намайг үдийн хоолонд дагуулж явав. Ахлах ажилтан үдийн хоолны өмнө архи, дараа нь дарс уух уу гэж надаас асуулаа. Би аль алинаас нь татгалзав. Хоёр дахь удаад би тэдэнд идэвхтэй Хожмын Үеийн Гэгээнтэн гэдгээ мөн ямар ч согтууруулах ундаа уудаггүйгээ хэллээ.
Би тус компаниас ажлын санал авснаас хойш хэдэн сарын дараа, согтууруулах ундаа санал болгосон нь сорилт байсныг ахлах ажилтан надад хэлж билээ. Би Хожмын Үеийн Гэгээнтний хувьд номлолд үйлчилснийг тэр миний анкетнаас мэдсэн байжээ. Намайг сүмийнхээ сургаалуудад үнэнч байсан учраас л ажилд авахаар тэр шийдсэн ажээ. Тэр ахлах ажилтан үүнийг зан төлөвийн болон зарчимч байдлын чухал үзүүлэлт гэж үзсэн байлаа.
Би АНУ-ын Калифорний Сан Францискод байсан жилүүддээ Хожмын Үеийн Гэгээнтэн гэдгээ хэлхээ холбоотой байдаг хүмүүстээ мэдэгдэхийг хүсдэггүй хэдэн гишүүнийг таньдаг байлаа. Тэд юунд итгэдгээ шууд хэлэх ёстой байтал тэгээгүйгээс зайлсхийх ёстой нөхцөл байдалд итгэлээсээ ухрахад хүрдэг байжээ.
Гэрэл нь бай
Эцэст нь амьдарч байгаа газрынхаа хүмүүст гэрэл нь бай. 1960-аад оны дунд үед эхнэр бид хоёр шинэхэн гэрлэсэн хосууд Сан Францискогийн Бей дүүрэгт амьдарч байхад Хожмын Үеийн Гэгээнтнүүд харьцангуй цөөхөн байлаа. Түүнээс гадна Сан Францискогийн Бей дүүрэг мансууруулах бодис хэрэглэж бусад бүхий л төрлийн садар самуун, нүгэл хилэнц үйлдэгчдийн цугларах дуртай газар байлаа. Тэр үеийн гадасны ерөнхийлөгч энэ асуудалд санаа нь зовнин, Сүмийн гишүүдийг Сан Францискогийн Бей дүүрэгт үлдэхийг дэмжиж өгөөч гэж Сүмийн удирдлагаас хүссэн юм.
Тэр үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын хамгийн ахмад гишүүн байсан Ерөнхийлөгч Харольд Б.Лийг (1899–1973) энэ асуудлыг шийдвэрлэхээр томилжээ. Тэрбээр санваартны хэсэг удирдагчидтай уулзаж, гишүүд энэ нутгийг орхин явж байгаагаас энд ариун сүм барихыг Их Эзэн дэмжихгүй байгаа тухай ярьсан ажээ. Тэр дараах зөвлөгөөг өгчээ:
-
Сионыг зүрх сэтгэлдээ болон гэр орондоо байгуул.
-
Дунд нь амьдарч байгаа хүмүүстээ гэрэл нь бай.
-
Ариун сүмд заагддаг ёслолууд болон зарчмуудад анхаарлаа төвлөрүүл.
Хэрэв бид өнөөдөр Ерөнхийлөгч Лийгийн зөвлөгөөг дагавал дэлхийнх биш харин дэлхийд байх талаар амжилт гаргаж чадна. Гэвч бид дэлхийд найдах уу эсвэл ариун сүмд анхаарал төвлөрүүлэх үү гэдгийг шийдэх ёстой.
Бид амьдралынхаа туршид дэлхийн олон сорилт бэрхшээлтэй тулгарах болно. Эдгээр сорилт бэрхшээлүүдийн нэг нь Сүм болон түүний сургаалуудыг хүмүүс ойлгохгүй эсвэл буруу ойлгох явдал гарсаар байх болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард хэдэн жилийн өмнө Сүмийн гишүүдийг итгэлээ хамгаалж, буруу ташаа мэдээллийг залруулахад дуу хоолойгоо өргөхийг уриалан дуудсан билээ. “Интернетийн шинэ хэрэгслийг” эзэмших нь бидний хувьд онцгой чухал болохыг тэр онцлон тэмдэглэсэн юм.12 Дэлхий даяар тархсан Хожмын Үеийн Гэгээнтнүүд мэдээллийн олон янзын хэрэгслээр Сүмийн тухай хариуцлагагүй, буруу ташаа мэдээлэл гарсан үед тэдгээрт хариу өгч, Сүмийг хамгаалах шаардлага гарч байна. Ахлагч Баллардын өгүүлэл нийтлэгдсэнээс хойш гарсан өөрчлөлтөд бид талархалтай байдаг бөгөөд би түүний өгсөн үүрэг даалгаврыг давтан өгч байна.
Бид өөрсдөө хүсдэг мөн Бурхан бидэнд хүсдэг тэрхүү аз жаргалд хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна. Бид гэр бүлдээ болон ажил мэргэжилдээ аз жаргалд хүргэх үнэний замаар замнасан үед илүү зөв шударга байдал, амар амгалан, ойлголт, мэдлэг болон эрх чөлөөг бүх дэлхийн хүмүүст хүргэхэд өөрсдийн мэдлэг, нөлөөг ашиглахын төлөө би залбирч байна.