Их Эзэний арга замаар хангах нь
Үнэт цаасны зах зээл асар их алдагдал хүлээсэн үе байсан юм. Банк болон санхүүгийн бусад байгууллагууд дампуурлаа. Ажилгүйдэл урьд хожид үзэгдээгүйгээр өсөн нэмэгдэж байв. Хүмүүс орон гэргүй болж байлаа. Засгийн газрууд эдийн засгийн уналтыг зогсоохын тулд өндөр өртөг зардалтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байв. Улам олон хүн хоол хүнс, эн тэргүүний хэрэгцээт бусад зүйлсгүй тул төрийн байгууллагуудад хандахаас өөр аргагүй байлаа.
1930-аад онд тохиолдсон эдийн засгийн хямрал саяхан бас тохиосон билээ. Сүмийн халамжийн хөтөлбөр тэр үед ч “хүмүүст амьдралаа өөд татахад нь тусалж байсан” шиг мөн эдүгээ1 байгалийн гамшиг бүх нийтийг хамарсан эдийн засгийн уналт, хямралын үед түүнчлэн хувь хүмүүс болон гэр бүлүүдэд байнга тохиолддог жижигхэн сорилт бэрхшээлүүдэд ч тусалсаар байгаа билээ.
Өнөөдрийн энэ халамжийн хөтөлбөрийг 1936 оныг хүртэл албан ёсоор зохион байгуулаагүй ч үе үеийн Гэгээнтнүүд арвич хямгач амьдралын зарчмуудыг амьдралд хэрэгжүүлсээр ирсэн билээ. Учир нь халамжийн хөтөлбөрийн уран барилгач нь Аврагч Есүс Христ юм. ‘Мөн агуулах нь сүмийн өргөлүүдээр зохицуулагддаг байх ёстой; мөн бэлэвсэн хийгээд өнчин хүмүүс тэрчлэн ядуусын адилаар хангагдах ёстой’ гэж Их Эзэн мэдэгдэхдээ арга замыг нь ч заасан юм. (С ба Г 83:6) Энэхүү арга замыг сануулагч нь дараах үгс юм. ‘Харин энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой нь шаардлагатай билээ.’ (С ба Г 104:16).”2
Бид Их Эзэний арга замаар хангахын тулд эхлээд өөрсдийнхөө бие даах чадварыг хөгжүүлээд дараа нь бусдад бие даах чадвартай болоход нь туслах ёстой. Сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг эрэгтэй, эмэгтэйчүүд энэхүү өргөн цар хүрээтэй, сүнслэг нөлөө бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалж байна. Учир нь энэ хөтөлбөр Их Эзэний арга замд итгэх итгэлээр дамжин хэрэгждэг юм” гэж Ерөнхийлөгч Монсон хэлжээ.3
Энэ онд тэмдэглэсэн халамжийн хөтөлбөрийн 75 жилийн ой нь бие даах чадвартай болох, ядуучууд, тусламж хэрэгтэй хүмүүсийг анхаарч халамжлах, бусдад үйлчлэх зэрэг үндсэн зарчмуудын талаар тунгаан бодох боломжийг Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд олгосон юм. Бид эдгээр зарчмуудаар амьдарснаар зовлон зүдгүүрийг хөнгөвчлөн, зан чанараа төлөвшүүлэх болон эв нэгдлийг хөхүүлэн дэмжих илүү чадвартай болно.