2011
Бие даах чадварын тухай товч ойлголт
2011 оны зургадугаар сар


Бие даах чадварын тухай товч ойлголт

Олон гишүүн халамжийг түр хугацаагаар хүнд байдалд орсон гишүүдэд туслах хөтөлбөр гэж боддог байж болох юм. Гэвч Сүмийн халамжийн хөтөлбөрийн зорилго үүнээс илүү өргөн хүрээтэй юм. Уг хөтөлбөр нь бие даах чадварыг амьдралын хэв маяг болгон төлөвшүүлэхийг зорьдог Бие даах чадвар гэдэг нь “өөрийгөө болон гэр бүлээ эн тэргүүний хэрэгцээт зүйлсээр хангах чадвар, шийдвэр төгс байдал хийгээд хүч чармайлт”1 бөгөөд бидний материаллаг болон сүнсний сайн сайхан байдлын нэн чухал элемент мөн хэмээн Ерөнхийлөгч Томас С.Монсон заажээ.2

Зөвхөн бие даах чадвартай байх хүсэл хангалтгүй юм. Бид өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын төлөө ухамсартай, идэвхтэй хүч чармайлт гаргах ёстой. Бид бие дааж амьдрах чадвартай болохын төлөө чадах бүхнээ хийсний дараа “Их Эзэнд хандан, дутагдаж байгаа зүйлээ итгэлтэйгээр асууж болно” хэмээн Тэргүүлэх Бишоп Давид Бөртон бидэнд сануулсан юм.3 Бие даах чадвартай байх нь бусдыг адислах боломжийг бидэнд олгодог. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс: “Бид гагцхүү бие даах чадвартай байсан тохиолдолд л бусдад үйлчилж, тэднийг адислах талаар Аврагчийг жинхэнэ ёсоор дуурайж чадна” гэж хэлсэн байдаг.4

Бие даах чадварт чинээлэг хангалуун амьдралын нэлээд хэдэн үзүүлэлт түүний дотор боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, гэр бүлийн хүнсний нөөц болон санхүү, сүнсний хүч чадал ордог.

1. Боловсрол

Их Эзэн бидэнд “судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэхийг” (С ба Г 88:118) зарлиг болгосон билээ. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) заасан нь: “Бид боловсролд итгэдэг. Сүм боловсролд дэмжлэг үзүүлдэг. Сүмийн гишүүн бүрд чадах чинээгээрээ боловсролтой болох, Их Эзэнээс ирсэн заавал биелүүлэх ёстой нэг үүрэг байдаг. … Хожмын Үеийн Гэгээнтнүүд оюун ухаан, гар хоёроо хоёуланг нь хөгжүүлэх үүрэгтэй гэсэн Их Эзэний онч мэргэн үг байдаг.”5

Бүгд Найрамдах Доминикан Улсын иргэн Роберто Элийт Гонзалез номлолоосоо буцаж ирсний дараахан коллежид элсэн боловсролтой болох зорилго тавьсан байлаа. Àав нь Робертог зөвхөн хичээлдээ бүхий л анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслахын тулд сургалтын төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн ч удалгүй гэр бүлээ санхүүгийн хүндхэн байдалд орхин, нас баржээ.

Роберто сургуулиасаа гарч, өөрийгөө болон ээж, дүү хоёроо тэжээхээр ажил хийж эхлэв. Сургуулиа яаж төгсдөг юм билээ гэсэн бодол санаанд нь үргэлж байх болов.

Хэдэн долоо хоногийн дараа Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) хөгжиж байгаа орнууд дахь зaлууст “өмнөх хэдэн үеэрээ туулж ирсэн ядуурлаас гарахад нь” туслах “зоримог санаачилга” болгон Боловсролын Тасралтгүй Санг зарлав.6 Роберто өргөдөл гарган БТС-гийн зээлд хамрагдсанаар цаашид сургуульдаа суралцах боломжтой болжээ. Энэхүү боломж нь зөвхөн санхүүгийн тулгамдсан хэрэгцээг шийдвэрлэх төдийгүй гэрлэж, үүрд мөнхийн гэр бүлтэй болох итгэлд нь Робертод тусалжээ. Учир нь гэр бүлээ тэжээж чадна гэдгээ тэр мэдэж байв.

Роберто анагаах ухааны сургууль төгсөөд бишопоор үйлчилж байхдаа Доминиканы Анагаах Ухааны Сургуулиудын Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон Сүмийн анхны гишүүн болсон аж. “Хамгийн сайн үр дүн нь гэр оронд минь гарсан юм. Манай гэр бүлд том өөрчлөлт гарлаа. Бид ядуурлаас бүрмөсөн гарах болно” гэж тэр хэллээ. “Хүү маань миний амьдралаар амьдрахгүй болсонд би баяртай байдаг. Яагаад гэвэл бид ядуурлаас гарч чадсан шүү” гэж түүний ээж өгүүлэв.

2. Эрүүл мэнд

Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас (Эхлэл 1:27-г үз) бидний бие ариун сүм бөгөөд бид биемахбоддоо хүндэтгэлтэй хандаж, анхаарал тавьж байх ёстой (1 Коринт 3:16–17-г үз).

Сургаал ба Гэрээ 89 дэх Мэргэн Ухааны Үг бол Их Эзэний эрүүл мэндийн хууль бөгөөд 1833 онд Иосеф Смитэд илчлэгдсэн юм. Мэргэн Ухааны Үг бид тэжээллэг хоол хүнс хэрэглэж, хортой бодисуудаас зайлсхийх ёстойг заадаг. Төлөөлөгчид, бошиглогчид тэр цагаас хойш бидний биемахбод, оюун ухаанд хортойгоор нөлөөлж, донтолт уруу хөтөлж болох бүх төрлийн бодис, дадал зуршлаас зайлсхийх ёстойг сургасаар ирсэн билээ.7

Фижийн Сейнимере Баленакаги өсвөр насандаа Сүмийн гишүүн бус найзынхаа хуриманд оролцож энэ сургамжийг мэджээ. Хуриман дээр олон хүн, түүний дотор Сейнимерегийн найз нар архи ууж, тамхи татан түүнийг архи уухыг ятгажээ. “Би бүх амьдралынхаа турш сайн мэдээний жишгүүдээр амьдрах ёстой гэж заалгасан болохоор өчүүхэн ч эргэлзээгүйгээр тэдний саналаас татгалзсан” гэж Сейнимере ярив.

Мэргэн Ухааны Үгэнд үнэнч байснаас ирдэг адислалууд зөвхөн бие бялдрын эрүүл мэндээр хязгаарлагддаггүйг тэр мэддэг ажээ: “Би Ариун Сүнсэнд ойр дотно байдаг учраас зөв сонголтууд хийж чадна гэдгийг мэддэг нь надад нэмэлт хамгаалалт болдгийг мэдсэн. Жишгүүд бидний эрх чөлөөг хязгаарладаггүй, харин эрх чөлөөг хязгаарлахад хүргэдэг үр дагавруудаас биднийг хамгаалдаг.”

3. Ажил эрхлэлт

Ажил олох нь олон тойрог, салбарын гишүүдэд бие даах чадвартай болоход учирч байгаа хамгийн тулгамдсан асуудал байдаг Санваартны чуулгууд болон тойргийн зөвлөлийн гишүүд ийм гишүүдэд тусалж чадна. Тэд нийгмийн эх сурвалж болон ажлын боломжуудыг тогтоож, тусламж хэрэгтэй хүмүүст нэг бүрчлэн тусалж, нягт хамтран ажиллаж чадна ба ингэж ажиллах ёстой. Гишүүүд, тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахын төлөө итгэлтэйгээр хамтран ажиллах нь хүч чармайлт гарган амжилтад хүрэхэд нь түлхэц болдог.

Сүм дэлхийн зарим бүсд ажил эрхлэлтийн албыг байгуулаад байна. Эдүгээ 56 оронд ажил мэргэжлийн сургалт, сүлжээний уулзалт, хүн бүрийн онцлогт тохирсон ажлын зөвлөгөө өгөх зэрэг үйлчлэл үзүүлдэг ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх 300 гаруй төв ажиллаж байна. LDSjobs.org Сүмийн шинэ вэбхуудас бас ажил хайгч, ажил олгогчид болон Сүмийн удирдагчдад зориулсан эх сурвалжуудаар хангаж байна.

Бразилын Осеиас Портинари ажлаасаа гараад хоёр сар гаруй шинэ ажил хайжээ. Ажил олж чадсангүй тул Бразилын Сан Пауло дахь ажил эрхлэлтийн албанд сайн дураараа ажиллаж цагийг өнгөрүүлдэг байв. Ажил хайхад бусдад тусалдаг байсан нь Осеиаст ажлын талаар ярилцлага хийх болон ажил хайх ур чадварыг дээшлүүлсэн ажээ. Ажил мэргэжилтэй болох сургалтыг нэлээд хэдэн удаа явуулсны эцэст зааварлагч болсон гэнэ. Осеиас хичээл зүтгэл гарган бусдад тусалж байтал өөрт нь ажлын ярилцлагад орох урилга ирэхэд нь ихэд гайхсан аж.

Сүмийн эх сурвалжууд ажилгүй гишүүдэд амьдралыг өөдрөгөөр үзэх үзэл төлөвшүүлдэгт нь Осеиас талархалтай байдаг гэнэ. “Хэрэв бид хичээвэл Их Эзэн үүд хаалгыг нээж өгдгийг би мэднэ” гэж тэр хэлэв.

4. Гэр бүлийн үйлдвэрлэл ба нөөц

Сүм 2007 онд All Is Safely Gathered In: Family Home Storage нэртэй гэр оронд хүнс нөөцлөх энгийн арга хэлбэрийн тухай товхимол гаргасан билээ. Тэргүүн Зөвлөл дэлхий даяарх гишүүдийг үндсэн хэрэглээний хүнсний зүйлс, ус болон мөнгөн хадгаламжтай болохыг дэмждэг. Гишүүд хүнсний зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх буюу худалдаж авахын хамт боломжийнхоо хэрээр долоо хоног бүр бага багаар мөнгө хадгалах замаар эхэлж болно. Гишүүд энэ байдлаар хүнсний болон хэрэгцээгээ хангах санхүүгийн нөөцтэй болж чадна.8

Венесуэлийн Валенсийн Лугогийн гэр бүл энэ зөвлөгөөг хэрэгжүүлснээр гэрийн нөөцөө бүрдүүлэхэд сүнслэгээр нөлөөлөгджээ. Тэднийхэн долоо хоног бүр бага багаар хүнс, ус, мөнгө хадгалж эхэлсэн гэнэ. Хэдийгээр тэдний нөөц хомсхон ч хэдхэн сарын дараа бага хэмжээний нөөцтэй болж чадсан байна. Тэр жил хожуухан Венесэулд болсон ажил хаялт олон ажилчдыг ажилгүй болгосон аж. Ажилгүй болсон хүмүүсийн дунд Омар Луго ах байлаа.

Луго ах шинэ ажилтай болтол бараг хоёр жил өнгөрсөн гэнэ. Тэр үед Луго ах, гэрийхнийхээ хамт хуримтлуулсан хадгаламж болон хүнсний нөөцөөрөө амьдарч байжээ. Луго ахынхан бэлтгэлтэй байсан учраас сорилтонд санаа амар, сэтгэл тайван байжээ. Тэд гэрийн нөөцийг алгуураар бүрдүүлэх зөвлөгөөг дагаснаар тодорхой биш ирээдүйг итгэлтэйгээр угтсан гэнэ.9

5. Гэр бүлийн санхүү

Арвич хямгач амьдралын өөр нэг тал нь орлого, зарлагаа ухаалгаар тэнцүүлэн зарцуулах явдал. Тэргүүн Зөвлөл ийн зөвлөжээ:

“Хямгач байж, өр тавихаас зайлсхийхэд өөрсдийгөө сахилгажуулахыг бид та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. …

“Хэрэв та өр төлбөрөө төлчихөөд цаана нь санхүүгийн бүр бага ч гэсэн нөөцтэй байвал та өөрөө бас гэр бүл тань илүү аюулгүй, амар тайван байж, зүрх сэтгэлдээ агуу амар амгаланг мэдрэх болно.”10

Гэр бүлийн санхүү амжилттай байх нь аравны нэг болон өргөлүүдээ төлөхөөс эхэлдэг. Гишүүд амьдралдаа Их Эзэнийг нэгдүгээрт тавьсан үед өөрсдөдөө болон өрөөл бусдад илүү сайн анхаарал халамж тавьж чадна.

Мөнгөө амжилттай зарцуулах өөр нэг хүчин зүйл бол мөнгө таныг хянах биш, харин та орлого, зарлагадаа хяналт тавьж, тооцож байх явдал мөн. АНУ-ын Аризоны Девон Стифенс, Майкл Стифенс нар төсөв зохиож, сар бүр хэдий хэмжээний мөнгө зарцуулдгаа тодорхойлжээ. Гэвч төсвийг төрөл зүйлээр хийсэн нь “бүтэх бүтэхгүй олон санаанаас өдөр тутмын бодит амьдралын хөрсөн дээр бууж ирэхэд” бидэнд тусалсан юм гэж Майкл хэллээ. “Бидэнд бодсоноос бага мөнгө байгааг мэдээд сэтгэл түгшсэн ч бүхнийг хяналтандаа авсандаа урамтай байсан шүү.”

6. Сүнсний хүч чадал

Сүнслэг байдал нь бидний материаллаг болон мөнхийн сайн сайханд амин чухал юм. Бидэнд хүнд сорилтууд тохиолддог. Сүнслэг байдлаа дээшлүүлэхийн төлөө хичээн чармайх нь сорилт бэрхшээлүүдийг амжилттай даван туулахад бидэнд тусалж, сайн сайхан цаг ирэх найдварыг төрүүлнэ.

Эдүгээ Францад амьдарч байгаа Мадагаскарын иргэн Нирина Жозефсон Рандриамихарисоа боловсролтой болох зорилгоо биелүүлж байна. Тэр анх ирээд ганцаардаж, гэрээ санажээ. “Залбирах, судар унших болон Ариун Сүнсний намуухан шивнээгээр дамжуулан амар амгаланг эрж хайдаг байлаа” гэж Нирина ярив. “Эдгээр зүйлс намайг Тэнгэрлэг Эцэг болон Аврагчид улам ойртуулж, би амар амгаланг мэдрэх болсон.”

Хэсэг хугацаа өнгөрөхөд Нирина найз нартай болж, Сүмийн үйл ажиллагаануудад оролцон, баяртай байх болжээ. Гэвч гэрээс нь ирсэн эмгэнэлт мэдээ түүнийг ихэд балмагдуулав. “Нэг өглөө ах минь нас барсан тухай мэдээ хүлээж авлаа. Тэрхүү эмгэнэлт мэдээг хүлээж аваад яах ч учраа олсонгүй. Дараагийн сар өдрүүдэд би ганцаардал, уур уцаар, цөхрөл гунигтай тэмцэлдлээ. Бүр хамгийн энгийн юмсыг хийх нь ч их хэцүү болов.”

Хэдэн сарын дараа дотны нэг найз маань хорвоог орхив. Хэлж ирээгүй хийсч ирсэн энэхүү уй гашуу Ниринагийн сэтгэлийг улам эмзэглүүлжээ. Нирина сүмд явахаа больдог ч юм уу гэж бодсоноо эхний үед мөн л иймэрхүү хүнд үе тохиолдоход түүнийг тулж дэмжсэн тэр зүйлс одоо ч түүнд урам дэм өгч буйг ухаарлаа.

“Би Францад анх ирээд залбирах, судар унших, Ариун Сүнсийг сонсох замаар тайтгарлыг эрж хайсан. Би чухам үүгээр дамжуулан Сүнс болон үүрд мөнхийн гэр бүлийн тухай сургаал бидэнд тайтгарал авчирдгийг, Есүс Христийн Цагаатгал бидний амьдралд бодитой нөлөө үзүүлдгийг улам хүчтэйгээр мэдэрч билээ” хэмээн тэр өгүүлэв.

“Бидэнд ямар ч хүнд сорилт тохиолдсон Их Эзэнтэй хамт байсан цагт түүнийг даван туулахад ‘мухардалд орно’ гэж байдаггүй юм. Түүний төлөвлөгөө бол аз жаргалын төлөвлөгөө.”

Эшлэл

  1. Их Эзэний арга замаар хангах нь: Халамжийн талаарх удирдагчийн товч лавлах (товхимол, 2009), 1.

  2. Томас С.Монсон, “Guiding Principles of Personal and Family Welfare,” Tambuli, 1987 оны 2-р сар, 3; Ensign, 1986 оны 9-р сар, 3.

  3. Х.Давид Бөртон, “The Blessing of Work,” Лиахона, 2009 оны 12-р сар, 37; Ensign, 2009 оны 12-р сар, 43.

  4. Роберт Д.Хейлс “A Gospel Vision of Welfare: Faith in Action,” Basic Principles of Welfare and Self-Reliance (товхимол 2009), 2.

  5. Teachings of Gordon B. Hinckley (1997), 724.

  6. Гордон Б.Хинкли, “The Perpetual Education Fund,” Лиахона, 2001 оны 7-р сар, 62; Ensign, 2001 оны 5-р сар, 52.

  7. Жишээ нь: Рассел М.Нелсон, “Addiction or Freedom,” Ensign, 1988 оны 11-р сар, 6; M.Рассел Баллард, “O That Cunning Plan of the Evil One,” Лиахона, ба Ensign, 2010 оны 11-р сар, 108.

  8. All Is Safely Gathered In: Family Home Storage, (товхимол, 2007)-г үз.

  9. “Family Home Storage: A New Message,” Лиахона, 2009 оны 3-р сар, 12–13; Ensign, 2009 оны 3-р сар, 58–59.

  10. All Is Safely Gathered In: Family Finances (товхимол, 2007).

Зүүн цаад талд: ХҮГ оюутнууд өнөөгийн өрсөлдөөнт дэлхийд эрч хүч, чадвар, бэлтгэлтэй байхын төлөө эрдэм номд шамдан суралцаж байна. Зүүн талд: Дасгал болон сайн хоол тэжээл нь бид биедээ хүндэтгэлтэй хандаж, биеэ арчилж тордоход нэн чухал юм.

Сейнимере Баленакаги Мэргэн Ухааны Үгийг дагаснаас ирдэг материаллаг болон сүнсний адислалуудыг мэддэг.

Дээд талд зүүнээс: Брайн Вилкокс, Израил Антунес, Крейг Даймонд нарын авсан гэрэл зургууд

Дээд талд: Мексик дэх ажил эрхлэлтийн албанд залуу эмэгтэйд тусалж байгаа нь. Дээд талд: Бразилын Сан Пауло дахь ажил эрхлэлтийн алба Осеиас Портинари: “ажилгүй гишүүдэд амьдралыг өөдрөгөөр харах үзлийг төлөвшүүлсэн юм” гэж хэллээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь гэр бүлүүд шуулжийн ишийг хүнсэнд хэрэглэдгээс гадна үндсийг нь боловсруулан гурил хийж өдөр тутмынхаа хэрэгцээнд ашиглахаар урт хугацаагаар нөөцөлдөг ажээ. Тэд шуулж тарьж, ургуулахад хамтран ажилладаг.

Зүүн дээд талд: Гэрэл зураг чимэглэлийг Велден К.Андерсен; баруун дээд талд: гэрэл зургуудыг Ховард Коллетт

Гэр бүлийн төсөв зохиодог нь санхүүдээ “чанд хяналт” тавихад нь тусалдаг гэж Девон Стефенс, Майкала Стефенс нар ярив.

Сайн мэдээний дагуу амьдрах нь хамгийн хүнд үед бидний сэтгэл санааг өргөдгийг Нирина Жозефсон Рандриамихарисоа мэджээ.

Дээд талд: Гэрэл зураг чимэглэлийг Роберт Кейси