2011
Эквадорт хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд хүмүүсийн бие даасан байдал өсч байна
2011 оны зургадугаар сар


Эквадорт хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд хүмүүсийн бие даасан байдал өсч байна

“Хувь хүний эрх чөлөө, иргэний үүрэг нь тэд амьдралаа авч явахад өөртөө туслах зарчмаас хамааралтай байдаг” гэж Сүмийн арвангурав дахь Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994) ХҮГ Энэрлийн хөтөлбөр болох Бенсоны хөдөө аж ахуйн институт, Хүнсний институт ба Корпорацийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.

Бенсоны институт бие даах зарчмын үзэл санаан дээр тулгуурлан, дэлхийн мянга мянган ядуучуудад хүнс тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, шим тэжээллэг болон эрүүл хоол хүнс хэрэглэж, амьдралаа дээшлүүлэхэд нь тусалсан юм.

2009 онд Бенсоны институтийн гишүүд хөдөө аж ахуйн арвин баялаг уламжлалтай Эквадорт очиж ажиллажээ. Гэвч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар 15 сая хүн амтай энэ улсын таваас доош настай хүүхдүүдийн 23 хувь нь тэжээлийн дутагдалд байнга ордог ажээ. Ядуу тарчиг амьдралаа өөрчлөн сайжруулахаар хичээж буй хүмүүст туслан, дээрх статистикийн тоог бууруулахад Бенсоны Институтээс зохион байгуулж байгаа ажил тусалж байна.

Зургаан хүүхэдтэй нэгэн эмэгтэй: “Бенсоны институт энд ажиллаж эхлэхээс өмнө гэр бүлээ тэжээхэд байнга хүндрэл тохиолддог байлаа. Хүүхдүүддээ өдөр бүр аяга хоол, зүсэм талх өгч чадахгүй ядуу эх байна гэдэг тун ч гунигтай хэрэг шүү” гэж ярив.

Бенсоны институтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа гэр бүлүүд хүнсний ногоог сэлгэн тарих арга техник, мал, тэжээвэр амьтад үржүүлэх жижиг ферм эрхлэх, тэжээллэг хүнсийг тогтмол хэрэглэх, хувийн эрүүл ахуй болон хоол хүнсийг зохих журмын дагуу бэлтгэхэд суралцсан ажээ.

Олон хүний хувьд өдөр тутмын сорилт байсан өлсгөлөн фермийн аж ахуй эрхлэх шинэ арга техникийн ачаар эдүгээ байнгын сорилт байхаа больжээ. Гэр бүлүүд өөрсдийн нөөцийг бүрдүүлэхүйцээр хүнсний үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлсний зэрэгцээ, орлого олохын тулд бүтээгдэхүүнээ зардаг болсон гэнэ. Түүнээс гадна гэр бүлүүдийн эрүүл мэнд, хүнс тэжээл, эрүүл ахуй сайжирсан байна. Цэцэрлэгтээ өөрсдийн хөдөлмөрөөр тарьж ургуулсан жимсийг идсэнээр урьд нь гачигддаг байсан шим тэжээлийг хангалттай авдаг болжээ.

“Өмнө нь хүүхдүүд маань хичээлдээ тийм сайн биш байлаа. Уг хөтөлбөр эхэлсний дараа хүүхдүүд маань хичээлээ хурдан ойлгодог болсон. Урьд нь манайхны хүүхдүүд байнга өвчилдөг байсан бол хөтөлбөрөөс хойш хүүхдүүд өвчлөхөө больсон. Урьд нь тэд хичээл дээрээ унтдаг байсан бол одоо хичээл дээрээ унтахаа больсон. Тэд урьд нь ядранги, цонхигор царайтай харагддаг байсан бол хөтөлбөрийн дараа илүү эрүүл чийрэг, эрч хүчтэй харагддаг болсон” гэж тэндхийн нэг багш ярилаа.

Сүмийн халамжийн бүх хөтөлбөр, үйл ажиллагаа нь бие даах чадварын нотлогдсон зарчмууд дээр суурилдаг билээ. Энэхүү зарчим нь Бенсоны институтийн туршлага, мэдлэг олгох хэдэн арван жилийн практик үйл ажиллагаатай нийлэн дэлхий даяар хэдэн арван мянган хүний амьдралыг адисалсаар байна.

Бенсоны институтийн хөтөлбөрөөр ажилласан гэр бүлүүд эрүүл мэнд, хоол хүнс, эрүүл ахуйгаа сайжруулж чаджээ.