Миний гаргасан чухал шийдвэр
“Тэдний хүүхдүүд нүглүүдийнхээ ангижралын тулд найман настайдаа баптисм хүртэж, мөн гар тавилтыг хүлээн авах ёстой” (С ба Г 68:27).
Николе, өнөө орой Жонсоныхон дахиад ирнэ шүү гэж ээж хэллээ. “Чи тэдний хүссэнээр залбирсан уу?”
“Үгүй ээ, амжаагүй л байна шүү” гэж би хэллээ.
Ахлагч Жонсон, Жонсон эгч хоёр бол манай тойргийн номлогч хос юм. Тэд надад номлогчийн ярилцлагуудыг заахаар манай гэр бүлийн үдэшт ирээд байна.
Манай гэрийнхэн сүмд үргэлж явдаггүй болохоор миний ойлгоогүй нэлээд зүйл байлаа. Одоо би найм хүрэх гэж байгаа болохоор баптисм хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй гэж ээж надад хэлдэг.
Ахлагч Жонсон, Жонсон эгч хоёр өнгөрсөн долоо хоногт Иосеф Смит үнэнийг мэдэхийн тулд хэрхэн залбирсан тухай надад заасан. Тэгээд тэд намайг баптисм хийлгэх талаар залбирч үзээрэй гэсэн юм.
“Ямар мэдрэмж төрөх нь вэ? Анхааралтай ажиглаарай. “Ариун Сүнс бидэнд үнэнийг мэдэхэд хэрхэн тусалдгийг мэдэхэд энэ чинь хэрэгтэй” гэж Жонсон эгч хэлсэн.
Би Иосеф Смит шиг 14 нас хүртлээ хүлээж болно гэж боддог байлаа.
Өнөө орой Ахлагч Жонсон хичээл заахдаа аягануудыг нэг нэгэн дээр нь давхарлаж тавьсаар цамхаг болгов. “Хэрэв чи сайн суурь тавихгүй бол цамхаг нурж унана.
Сүм яагаад ийм бат бөх суурьтай байдаг гэж чи боддог вэ?” гэж тэр асуув.
Би өнгөрсөн долоо хоногийн хичээлийг саналаа. “Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр Сүмийг хэрхэн сэргээхийг Иосеф Смитэд хэлснийх болов уу” гэж би хэллээ.
“Тэр зөв өө. Биднийг зөв замаар удирдах бошиглогчид, төлөөлөгчид байдаг шүү дээ” гэж Ахлагч Жонсон хариуллаа.
Тэгэхэд нь би ойлгосон. Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн тухай сонсох бүрд надад үргэлж сайхан санагддаг.
Тэгээд Жонсон эгч надаас “Баптисм хийлгэх талаар залбирч үзэв үү?” гэж
миний санаа зовж байсан асуултыг асуув.
“Үгүй ээ. Амжаагүй л байна” гэж би хариуллаа.
“Баптисм хийлгэхийг хүсч байна уу?” гэж Жонсон эгч асуув.
Би түүнд хариулахыг хүссэн ч яасныг бүү мэд, гэнэт мөрөө хавчив.
Миний жаахан эмэгтэй дүү намайг өөр шигээ усан дотор бүх биеэрээ орохоос айж байна гэж боджээ. Гэвч би усанд дуртай, яагаад санаа зовоод байгаагаа мэдэхгүй байв.
“Чи хариуцлага хүлээхээс айдаг уу?” гэж Жонсон эгч асуув.
Жонсон эгчийг ингэж хэлэнгүүт би юунд санаа зовж байгаагаа ойлголоо. Баптисм хийлгэсний дараа намайг хариуцлага хүлээх болно гэж ээж хэлсэн билээ. Тэр нь юу гэсэн үг вэ? гэвэл би сонголтынхоо төлөө хариуцлага хүлээнэ гэсэн үг байв. Бурханы зарлигуудыг хичээнгүйлэн сахих ёстой болно. Би тэр хариуцлагыг биелүүлэхэд өөрийгөө бэлэн болсон гэж бодохгүй байв. Би аав шигээ сүмд явахаа боливол юу болох вэ?
“Чи найм хүрээд баптисм хийлгэхгүй байлаа ч сонголтуудынхаа төлөө хариуцлага хүлээх болно шүү дээ. Харин баптисм хийлгэж, гишүүнээр батлагдсаны дараа зөв сонголт хийх талаар чи улам их тусламж авах болно. Ариун Сүнсний бэлэг чамд байх учраас тэр” гэж Жонсон эгч хэллээ.
Тэгээд бид миний сахих ёстой зарим зарлигийн талаар ярилцав. Архи, тамхи, мансууруулах бодис эрүүл мэндэд муу гэдгийг би аль хэдийнээс мэддэг учир Мэргэн Ухааны Үгийг сахих нь миний хувьд хэцүү биш байв.
Жонсоныхныг явсан хойно би баптисм хийлгэхээс айхаа болив. Зөв сонголт хийж, Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг сахихыг би үнэхээр хүсч байлаа. Үүнд Ариун Сүнс надад тусалсанд баяртай байлаа.
Өрөөндөө ороод орныхоо дэргэд өвдөг сөгдлөө. Залбирч байхдаа баптисм хийлгэх нь зөв гэдэгт бат итгэлтэй байв. Энэ мэдрэмж бол миний залбирлын хариу гэдгийг би мэдсэн.