2011
Усан сэлэлт надад юу заав
2011 оны зургадугаар сар


Усан сэлэлтээс би юу сурав?

Үе тэнгийнхэн бүгдээрээ муу нөлөө үзүүлдэггүйг усан сэлэлт надад заасан юм. Заримдаа энэ нь амжилт гаргахад тусалдаг.

Би долоотой байхдаа яаж сэлдгийг мэддэггүй байлаа. Иймээс ээж намайг найз Аанжитай хамт усан сэлэлтийн дугуйланд явуулж билээ. Хичээл бүрийн төгсгөлд манай багш биднийг сэлэлтийн дасгал хийлгэхээр усан сангийн гол хэсэгт аваачдаг байлаа. Манай багш биднийг гэдсэн доороос тулж бид нуруундаа “хөөсөнцөр” бэхэлдэг байсан учир цөөрмийн голд аюулгүй байдаг байлаа.

Усан санд үе тэнгийн охины үгийг дагасан нь

Нэг өдөр Аанжи бид хоёрт хөөсөнцөр байсангүй тиймээс бид хоёр усанд оролгүй бие биеэ налан зогсож байлаа. Аанжи зэргэлдээх хананы булан хүртэл 1.2 метр зайд сэлээд үзэхээр шийдэв. Би эхлээд эргэлзсэн ч тэр намайг зоригжуулав. Тэгэхлээр нь би хэдийгээр айсан ч чадахаараа их агаар амьсгалж аваад нөгөө талд сэлээд хүрчихэж чадна гэж бодоод ус уруу орлоо. Нуруун дээрээ хөөсөнцөртэй үед усан дээгүүр хөвдөг шигээ хөвөх юм байх гэж бодсон чинь харин живж эхлэх нь тэр. Айж сандран, живж байгаагаа мэдлээ. Тэгтэл манай багш хэдэн долоо хоногийн өмнө “Хэрэв сэлж байхдаа хяналтаа алдвал нэг гараа уснаас ил гарган дээш өргө, тэгвэл хэн нэг нь туслахаар ирнэ” гэснийг санав.

Үүнийг санаад би энэ л дээшээ болов уу гэж бодсон зүгт гараа өргөлөө. Агаар огт байхгүй юм шиг санагдлаа. Аль зүг дээр байгааг мэдэхгүй гараа тал тал тийш нь сунгаж үзлээ. Тэгтэл би толгойгоороо усан сангийн хана мөргөв. Аанжи тэнд намайг хүлээж байжээ. Намайг живэх шахсаныг тэр мэдээгүй бололтой.”

Хэдэн долоо хоногийн дараа би гэрийхэнтэйгээ нууран дээр очлоо. Би усанд яаж сэлдгийг мэдэхгүй хэвээр байсан болохоор гүехэн усан дотор л эргэлдэж байв. Тэнд очоод 10 орчим минут болоод байтал нэг найз маань нуур уруу явж байхыг харлаа. Би ичсэндээ балмагдав. “Намайг сэлж чаддаггүйг Стефани мэдчихвэл яана аа?” гэж бодохоос ичих шиг болов. Тэгээд би тэр даруй өвдөг дээрээ сөхөрч сэлж байгаа юм шиг дүр үзүүлж, хөлөөрөө ус өшиглөн, хоёр гар дээрээ усан дотор тулан явж эхэллээ. Стефани ус уруу үсрэн орж, сэлж эхлэв. Үүнээс болж би бүр ч их ичлээ. Хэсэг хугацааны дараа тэр хүрч ирэн надтай ярилцлаа. Тэгээд тэр намайг орхичихоод өөр чиглэлд төгс, өөгүй сайхан сэлээд явчихлаа. Сэлж байгаа дүр үзүүлж, нүд хуурсан нь юу гээчийн тэнэг хэрэг вэ гэж дотроо бодов.

Хэдэн хором өнгөрсний дараа айхаа больж сэлээд үзье гэж шийдэв. Би гүехэн усан дотор байсан болохоор газар дээрээс гараа дээш өргөж, нохойчлон сэлж үзтэл болж байна шүү. Усан дээр хөвөн гарч ирлээ. Хэдхэн секунд л болсон байх би хөвж байв. Тэгээд оройжингоо дахин дахин үүнийгээ давтан хийлээ. Биднийг буцах үед би нуурын нэг эргээс нөгөө эрэгт сэлэн хүрч чаддаг болов.

Үе тэнгийхний нөлөө хүчтэй байдаг

Дээрх хоёр явдлыг эргэн бодоход үе тэнгийнхний нөлөөний хүчийг би гайхдаг. Эхний удаа үе тэнгийн охины нөлөө намайг живүүлчих шахсан ч дараагийн удаа намайг сэлж сурахад өдөөн түлхсэн юм. Энэ нь үе тэнгийнхний нөлөө сайн ч бай, муу ч бай үргэлж хүчтэй байдгийг харуулж байна.

Үе тэнгийнхний дарамт шахалт нь Фарисайчууд Христийн үгсэд итгэхгүй байсны нэг шалтгаан бас болж байжээ “Тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм” (Иoхан 12:43). Агуу хийгээд нүсэр барилгаас тэднийг шоолон, хуруугаараа зааж байсан хүмүүсээс болж Их Эзэнээс ичсэн хүмүүсийг Лихай зүүдэндээ харсан билээ (1 Нифай 8:26–28-ыг үз).

Хүмүүсийг зөв гэж бодсон зүйлээс нь эргүүлдэг өсвөр насныхны нэг нэгэндээ үзүүлдэг муу нөлөөг би мэднэ. Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн жишгүүдээс болж хүмүүс намайг шоолж байлаа. Хувцас хулгайлахыг, шалгалтандаа хууран мэхлэхийг, бусад хүмүүстэй бүдүүлэг харьцахыг хүсдэг найз нар надад байсан. Тэд намайг усанд амжилттай сэлж сураасай гэж хүсэхийн оронд намайг доош нь түлхэж, живүүлэх зангуу байхыг хүсдэг.

Гэвч намайг сайн юмс хийхэд амьдралыг минь муутгах биш, өөд татах юмс хийхэд өдөөн түлхдэг найз нар бас надад бий. Намайг наймдугаар ангид байхад миний найз Али дараагийн хичээлийн жилд эмэгтэйчүүдийн маршийн багт оролцохыг ятгасан юм. Энэ нь тун амаргүй байлаа. Учир нь би ахлах сургуульд шинэхэн ирсэн болохоор уг үйл ажиллагаанд оролцоно гэхээс айдас хүрдэг байж билээ. Али үүнийг хэрэгтэй юм гэж надад итгүүлж, найзын хувьд урам дэм өгөөгүй бол би тэр үйл ажиллагаанд хэзээ ч оролцохгүй байсан биз ээ. Үе тэнгийнхний энэхүү нөлөө ахлах сургуулийн амьдралд дасан зохицоход надад маш их тусалсан билээ.

Ахлах сургуульд сурч байхад дараа нь коллежид сайн найз нар надад нөлөөлж, намайг оюутны зөвлөлд орж ажиллах, дүнгээ ахиулахын төлөө хичээн чармайх, сайн мэдээний тухай гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлэхэд өдөөж, урам дэм хайрласан юм. Эдгээр найз нар амьдралд минь сайн нөлөө үзүүлсэн билээ. Тэд намайг амжилтад хүрэхийг хүсч, өсч хөгжихөд минь тусалсан юм.

Олон хүний боддог шиг, үе тэнгийнхэн бүгдээрээ муу нөлөө үзүүлдэггүйг дээрх туршлагууд надад харуулсан. Нөлөө чухам хэнээс ямар хэлбэрээр ирж байгаад л хэргийн учир оршино. Миний эргэн тойронд сайн нөлөө байгаа үед дэлхийн зам уруу хальтиран орох магадлал бага байдгийг би мэдсэн. Сүм болон өндөр жишгүүдээр амьдардаг найз нөхдийн сайн нөлөө нь усан дээр хөвөх боломжийг надад олгодог байсан нуруундаа бэхэлсэн хөөсөнцөр лүгээ адил юм.

Зураг чимэглэлийг Стийв Кропп