Их Эзэнд итгэ
“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ” (Сургаалт Үгс 3:5).
Би бяцхан охин байхдаа ааваасаа салдаггүй хаашаа л явбал дагаж явдаг байлаа. Аав маань Их Эзэнд бие сэтгэл бүхнээ хэрхэн зориулсныг хараад би үргэлж гайхан биширдэг байлаа. Аав хувиа бодолгүй үйлчлэхийн үлгэр жишээг надад харуулдаг байсан. Тэр жил бүр ердөө долоо хоног л амардаг байв. Гэвч аав аяллаар явахын оронд хөрш бэлэвсэн эмэгтэйн цонхыг хамт будъя гэж биднээс хүсдэг байж билээ. Энэ бол олон үйлчлэлийнх нь зөвхөн ганцхан жишээ. Аав маань үргэлж бусдын талаар санаа тавьдаг байсан.
Намайг ахлах сургуульд байхад аав хүндээр өвчлөв. Би байнга залбирч, аавыг минь эдгэрэхэд адисалж өгөөч гэж Тэнгэрлэг Эцэгээс гуйдаг байлаа. Аав нэг сар эмнэлэгт хэвтээд талийгаач болж,
манай гэр бүлд маш их гарз тохиолдов. Бидэнд аав маань их хэрэгтэй байхад яагаад ийм зүйл тохиолдсныг бид ойлгохгүй байлаа. Яагаад бидэнд ийм явдал тохиолдов гэдгийг ойлгохын тулд бас Тэнгэрлэг Эцэг яагаад миний залбиралд хариулахгүй байгааг мэдэхийн тулд залбирлаа. Тэнгэр чим чимээгүй дүнсийх мэт санагддаг байв. Би олон залбиралдаа хариу авсангүй. Тэнгэрлэг Эцэг намайг орь ганцааранг нь орхисон юм шиг санагддаг байлаа. Гэвч залбирсаар л байлаа.
Жилийн дараа намайг ариун ёслолын цуглаанд оролцож байтал нэг үг хэлэгч Сургаалт Үгсээс дараах судрыг уншлаа:
“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.
Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно” (Сургаалт Үгс 3:5).
Энэ бол миний залбирлын хариу байсныг Сүнс надад гэрчилсэн юм! Би Их Эзэнд итгэх хэрэгтэй байлаа. Ийнхүү хариу хүлээж автал урт удаан хугацаа өнгөрсөн юм. Энэ бол миний хүлээж авахыг хүссэн хариу биш байлаа. Харин миний залбиралд ирсэн хамгийн гайхамшигтай хариу байв. Яагаад аав маань өнгөрснийг би заавал ойлгох учиргүй байжээ. Би Их Эзэнд итгэх хэрэгтэй байлаа.
Их Эзэнд итгэсэн үед та үнэхээр хэцүү юуг ч хийж чадна. Учир нь Тэрбээр замыг чинь удирдан чиглүүлж, дэргэд чинь орших болно. Тэрбээр гарыг чинь өргөж, өөрийн чинь эргэн тойронд тэнгэр элчүүдээ илгээх болно. Энэ бол миний гэрчлэл. Энэ бол бидэнд бүгдэд нь хамаатай юм.