Аав аа, туслаарай
Майкл К. Хюветт, Юта, АНУ
АНУ-ын хойд Калифорни дахь ферм дээрээ би усны хоолойг шилжүүлэн байршуулж байлаа. Энэ өдөр аав надад туслахаар ирсэн учир сайхан өдөр байлаа. Бид хоёр ажлаа дуусгаад ачааны машиндаа үсрэн орж, амттайхан хоолоо бодон, гэрийн зүг хөдөллөө. Аав машин барьж явлаа.
Манай ферм нэг талаараа Пит голын эрэгтэй нийлдэг байв. Бид таримал царгасанд машиныхаа том дугуйг хагалчихгүйн тулд талбайн захаар явлаа. Бидний баруун талд талбай, зүүн талд доод талаараа далантай гүнзгий гол байлаа. Манантай байсан учир зам сайн харагдахгүй байв.
Бид бага зэрэг хурдтай явж байсан тул замаасаа гарч, баруун талын хойд дугуй мугваагийн өтгөн саглагар бутанд шигдчихлээ. Үүнээс болоод машинаа зүүн тал уруугаа далан уруу огцом эргүүллээ. Зогсох гэж оролдсон ч голын эрэг огцом эгц байснаас гадна бид хурдтай явж байсан учир зогсож чадсангүй. Яг л гол уруу орчих нь дээ гэж бодогдлоо. Аз болоход голын эрэгт зам дээр нэг мод харагдлаа. Дараагийн удаа миний мэдэрсэн зүйл бол би модон дээрээс доор байгаа машинаа харж байх нь тэр! Ёстой л үнхэлцгээ хагартал айлаа.
Ингээд үхдэг байжээ гэж бодсон чинь харин ч гайгүй, хэсэг газар хөх няц болж, зурагдан шалбарчээ. Тайвширч хэсэг амьсгаа авсны дараа машинаа далан уруу эргэж гаргах аргагүй болсноо ухаарав. Аав намайг эрж, далангийн ирмэг дээгүүр өнгийж харах болов уу гэж бодсон ч тэгсэнгүй. Би сандарч эхлэв.
Далан дээр авиран гарсан ч аав харагдсангүй. Тэнгэр дэх Эцэгтээ хандан чимээгүй залбирч, намайг авахаар аавыг буцааж явуулна уу гэж гуйлаа. Тэгээд голын эргийг дагаж алхав.
Гэнэт намайг өөрийг нь дуудах шиг болохыг сонсох тэр мөчид аав бараг гэртээ ирээд байжээ. Аав талбайг орхиж явснаас хойш анх удаа эргэж харсан гэнэ. Тэгэхэд л аав намайг ардаа байхгүйг анзаарчээ. Ямар нэгэн базаахгүй юм болсныг мэдэж, надад туслахаар эргэсэн аж.
“Аав аа, туслаарай!” гэж намайг хэлэхийг сонссон гэж аав хожим нь надад ярьж билээ. Тэр үед аав надаас гурван км гаруйн зайтай явж байсан билээ. Яг тэр мөчид хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэг минь миний залбирлыг сонсож, түүний тусламж надад хэрэгтэй байгааг аавд минь мэдрүүлсэн ажээ.
Би Ариун Сүнсэнд болон Түүнээс бидний хүлээн авдаг үнэний тухай шивнээ болон удирдамжинд талархалтай байдаг. Бас Ариун Сүнс түүнд юу гэж хэлэхийг амьдралдаа үргэлж сонссоор ирсэн хайртай аавдаа би баярлан талархаж явдаг.