2011
Гэр бүлийн үдшийн санаанууд
2011 оны зургадугаар сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Гэр бүлийн үдэшт ашиглаж болох өгүүллүүд болон үйл ажиллагаанууд энэ дугаарт орсон болно. Зарим жишээг доор өгөв.

“Аз жаргалд хүрэх үнэн зам,” х. 28: Энэ өгүүллийг гэр бүлтэйгээ хуваалцсаны дараа дараах асуултуудыг тавь: Одоо бидний гаргадаг шийдвэрүүд ирээдүйн аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ? Бид зөв шийдвэр гаргаж байгаа гэдэгтээ хэрхэн итгэлтэй байж болох вэ?

“Боловсролын хүч,” х. 42: Энэ өгүүллийг зохиогч “Та нар чадах хэрээрээ боловсролтой болох хэрэгтэй” гэж боловсролын талаар Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн хэлсэн үгэнд онцгой ач холбогдол өгчээ. “Ажил хийхэд өөрийгөө тэнцэхээр болгоход шаардлагатай бүхнийг … золиосол.” Золиослол болон ажил хөдөлмөрөөс ирдэг адислалуудын тухай гэр бүлээрээ ярилц.

“Хүмүүнд загасчлахыг заа,” х. 54: Энэ өгүүллийг гэр бүлтэйгээ унших буюу товч утгыг нь ярилц. Эзра өөртөө тулгарсан хүнд сорилтыг даван туулахын төлөө хэрхэн бэлтгэсэн бэ? Тэнгэрлэг Эцэг Түүнд хэрхэн тусалсан бэ? Танай гэр бүл бэлтгэлтэй байхын тулд юу хийж болох тухай ярилц.

“Их Эзэнд итгэ,” х. 60: Энэ өгүүллийг гэр бүлээрээ унш. Залбирал нь хэрхэн хариулагдсан тухай туршлагаа хуваалцахыг гэр бүлийн гишүүдээс хүс. Залбиралд хариулдаг Их Эзэний олон өөр арга замын тухай мөн Түүнд итгэхийн ач холбогдлын тухай ярилц.

Охины минь асуулт

Би тойргийн бишопын хувьд хүүхдүүддээ гэр бүлийн үдшээр заах боломж олгоход нь эцэг эхчүүдийг дэмждэг. Эхнэр бид хоёр энэ үүргээ биелүүлэхээр шийдсэн юм.

Манай хүү эхлээд заахад залбирлын тухай түүний хичээл бидэнд таалагдлаа. Дараагийн даваа гарагт охины маань ээлж болов. Тэр баптисм хүртээд ердөө хэдхэн сар болж байлаа. Охин маань Бурханы бүтээлт сэдвээр хичээл заах байв. Түүнийг жинтэй асуултууд асуухад бид хариулж байлаа. Хичээлээ тэр өөрийнхөө гэрчлэлээр дуусгав.

Гэтэл манай хүү “Чи хичээл заасангүй ш дээ, зөвхөн асуултууд л асуулаа” гэв. Гэвч миний эхнэр охины нэг асуултанд хариулахдаа гэр бүлүүдийг бий болгосны төлөө бас хайраар дүүрэн нөхөртэй гайхамшигтай гэр бүлийг өгсний төлөө Бурханд талархалтай байдаг гэж хэлсэн нь надад маш сайхан санагдсан гэдгээ би гэр бүлийнхэндээ хэллээ. “Дэлхийг хэн бүтээсэн бэ?” гэсэн асуултанд манай бяцхан охин сэтгэл нь ихэд хөдөлж, “Есүс” гэж хариулсанд зүрх сэтгэл минь талархлаар бялхан дүүрснийг би гэрийнхэндээ хэлсэн. Манай гэрийнхний бусад олон хариултаас энэ сэдвээрх тэдний ойлголт гайхалтай гүнзгий байгааг мэдэж билээ.

Хүүгийн маань бодлоор манай бяцхан охин “заагаагүй ч,” түүний хичээл бас хүүхдүүд маань хичээл заасан гэр бүлийн үдшийн цуглаанууд миний хувьд хамгийн сайхан болсон билээ.

Ричард Айкпегву, Нигери