2011
Санваарын адислалууд: Бурханд итгэж сурахуй
2011 оны зургадугаар сар


Санваарын адислалууд Бурханд итгэж сурахуй

“Бид хамгийн их хүссэн зүйлээ хүлээж аваагүй ч адислал бүр нь биелэгдсэн байдаг.

Бурханаас миний гуйсан юмыг Тэрбээр өгөөгүй тохиолдлыг би мэдэхгүй гэж миний гэргий Дебора хэлэв. Хэдийгээр эдгээр хариултаа хүлээн авах үед нь би түүнтэй хамт байсан ч түүний энэ үгс нь намайг өдий хүртэл гайхшруулдаг. Магадгүй энэ нь арьсны архаг сүрьеэгээр долоон жил шаналж, хөхний хавдартай хоёр жил тэмцэлдсэний эцэст 1990 оны 9-р сарын 19-нд нас барсан Дебораг минь таньдаг хүн бүхний гайхлыг төрүүлсэн биз ээ. Гэвч гайхсан тэр хүмүүс санваарын адислалууд болон тэдгээрийн биелэлтийг ойлгоогүй байж болох юм. Санваар эзэмших болон бусдыг адислахын тулд үүнийг ашиглах гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгох нь хэцүү зүйл болохыг би мэднэ.Эцэг эх минь

Сүмд идэвхтэй, Сүмийн үзэл баримтлалуудад итгэлтэй байсан ч санваар миний хүүхэд ахуйн амьдралд ямар нэгэн тодорхой сүнслэг нөлөө үзүүлснийг би санадаггүй. Адислал надад хэрэг болохоор тийм хүнд өвчилж байснаа болон санваарын адислалыг манай гэр бүлийн өөр хэн нэгэнд гүйцэтгэж байсныг би санадаггүй.

Ийнхүү санваарын адислалыг үнэлэн үзэх нь дутмаг байсан нь намайг өрх тусгаарлаж, эхнэр хүүхдүүдтэй болсон үед ч хэвээр байлаа. Хэрэв хэн нэгэн нь хүндээр өвчилсөн юм уу, мэс засал хийлгэсэн бол би санваарын адислал өгдөг байсан. Мөн эхнэрийнхээ сэтгэл санааг нь өргөхийн тулд санваарын адислал өгдөг байсан ч тийм шаардлага ховор тохиолддог байлаа.

Адислал өгөх нь миний хувьд ямагт нааштай сайн туршлага болдог байлаа. Гэвч ойлголт дутмаг, өөртөө итгэх итгэл тааруухан байсан нь санваарыг ашиглах боломжийг минь хязгаарладаг байв. Би ямар үг хэлэх вэ гэж толгойгоо гашилган, Бурханы хүссэн зүйл үнэхээр миний санаанд орж ирнэ гэдэгт бүрэн итгэж чаддаггүй байлаа.

Эхнэр минь арьсны архаг сүрьеэтэй болсноо мэдсэн үед энэ байдал бага зэрэг өөрчлөгдсөн. Өвчнөөс болж туйлдталаа ядарч, сэтгэл санаа тавгүй байсантай тэмцэлдсэн тэр жилүүдэд зөвхөн хааяа нэг авдаг байсан санваарын адислал л байдлыг арай хөнгөвчилдөг байлаа. Адислал өгөх нь надад амар биш байсныг эхнэр минь мэддэг байсан бөгөөд өөрийн хүсч болох сүнслэг байдлын тусламжийг ховорхон гуйдаг байлаа.

1989 оны гуравдугаар сард эмч миний эхнэрийг хавдартай болсон байна гэж хэлэхэд бидний амьдрал өөрчлөгдсөн юм. Түүний хавдрын этгээд гаж байдал хоёр жилийн турш эмч нарын гайхлыг төрүүлсэн. Эцэст нь өвчний оношийг арай гэж тогтооход хавдар ихэд тархаж, эдгэрэх магадлал тун бага болсон байлаа. Бид тэр өвчнийг зөвхөн өөрсдийн хүчээр тэмцээд барахгүй болохоо мэдээд амьдралаа сүнсний тусламжинд нээж өгсөн юм. Манай тойрог Деборагийн төлөө мацаг барьж, бид Нийгмийн Халамжийн бүлгийн анхаарал халамжийг талархан хүлээж авав. Түүний тэмцэл ингэж олны тэмцэл болов. Миний эхнэрийн хийлгэх химийн эмчилгээг өмнө нь хийлгэсэн найз минь энэ эмчилгээний хамгийн хүнд үеийн тухай аминчлан ярьж, санваарын адислал авахыг хүссэн юм. Эмчилгээний үр дүнд нөлөөлөхийн тулд сүнсний тусламж авахыг тэр бидэнд зөвлөсөн билээ.

Химийн эмчилгээ хүнд байлаа. Эмчилгээний бүхий л үр дагавар эхнэрт минь илэрсэн. Химийн эмчилгээний дараа хэд хоног бие нь дордов. Өдрийн ихэнхийг орондоо өнгөрөөж, хоол идэх нь түүнд маш их хэцүү болов. Гэвч тохиолдох бэрхшээл бүрийг хэрхэн угтахыг бид бага багаар мэддэг болсон юм.Эхнэр минь

тэр хүнд үед найзынхаа зөвлөснөөр санваарын адислал өгөөч гэж надаас хүсэв. Химийн эмчилгээ хийлгэсэн эхний долоо хоногт эдэлсэн түүний сэтгэлийн зовлонг нь хөнгөвчлөхөөр би түүнд адислал өглөө. Мэс заслаас үүдэлтэй айдас санваарын адислалын үр дүнд бүрмөсөн арилаагүй ч нэлээд багассан юм. Намайг эхнэрийнхээ толгой дээр гараа тавьж адислал өгөхөд удаан хугацаагаар огьдог нь зогсож, хэдэн шөнө тайван унтлаа. Эдгээр адислал өвчний явц цаашид ямар байхыг харах боломж олгосны хамт тусламж, тайтгарлын амлалтыг бидэнд өгсөн билээ. Адислал нь бидний сэтгэлийг бүлээцүүлж, баяр баяслыг авчрав.

Тэр үед эхнэрээ адисласнаар адислал өгөх нь арай амархан болсон гэж хэлмээр байгаа ч үнэндээ тийм биш байлаа. Эхнэрийнхээ хүссэн адислалуудыг өгдөг байсан ч, санваарын хүч чадлыг ашиглахад надад хэцүү санагддаг хэвээр байлаа. Би сэтгэл дундуур байгаагаа эхнэртээ огт цухуйлгадаггүй ч тэр миний сэтгэл дундуур байгааг мэдэрдэг байсан. Гэсэн ч хүнд сорилтууд тулгарсаар байлаа. Эхнэр минь тусламж авах боломжтойгоо мөн уг тусламжийг хүлээж авах суваг нь намайг гэдгийг мэдэж байсан юм. Тиймээс тусламж хэрэгтэй болсон үед тэр асуудаг байсан.

Адислал өгөхийнхөө өмнө эхнэрийнхээ тухайд хүсч байгаа зүйлээ, юунаас ч илүүгээр түүнийг эдгээхийн төлөө адислал өгөхийг хүсч байгаагаа мэддэг байлаа. Эхнэр минь ч мөн л үүнийг хүсдэг байсан. Гэвч хүссэн тэрхүү адислал ирээгүй юм. Хүнд өвчнийг зайлуулаагүй ч тайтгарлыг авчирсан адислал ирсэн бөгөөд энэ нь өвдөлтийг арай амар тэсч өнгөрүүлэхэд тусалсан юм.

Санваар болон санваарын адислал хэрхэн үйлчилдгийг би алгуураар илүү сайн ойлгодог болсон. Адислал өгөх нь хүссэн зүйлээ хүлээж авах арга хэрэгсэл биш харин хэрэгтэй тусламж авах арга зам юм. Юу хэрэгтэй гэж бодсоноо хийх биш харин Их Эзэн болон Түүний хүсэлд би итгэж сурсан. Миний толгойд орж ирсэн үгс бол чухамдаа Бурхан надаар хэлүүлэх гэсэн үгс мөн гэдэгт итгэх итгэл бий болсон билээ. Адислал өгөх нь надад хэзээ ч амар байгаагүй ч адислал өгч байгаа үед төрсөн мэдрэмждээ итгэж сурсан юм.

Дебораг эмчилгээгээ дуусгасны дараа эм нь ямар үр дүн өгөхийг хүлээх хүнд хэцүү үе эхлэв. Энэ үед эмч нарын дүгнэлт, шинжилгээ, эмчилгээ зэргийг хийлгэхгүй нь бидэнд арай амар байлаа. Гэвч хортой эмээр устгагдсан хавдар дахин идэвхжих болзошгүй гэсэн айдас бидний санааны мухарт байсаар байлаа.

Эмчилгээ амжилтгүй болох вий гэсэн айдсыг минь баталсан шинж тэмдгүүд бага багаар илэрсээр байв. Эмч нар өөдрөг бодолтой байсан хэдий ч энэ нь одоо цаг хугацааны асуудал болжээ гэдгийг бид мэдэж байлаа.

Деборагийн амьдралын сүүлчийн зургаан сар ер бусын тайван байлаа. Сүүлчийн эмчилгээ нь үр дүнгүй болсны дараа бид эмчилгээг зогсоогоод үлдсэн хугацааг гэртээ өнгөрүүлэхээр шийдэв. Энэ хэдэн сар гайхалтай сайхан байсанд зарим хүмүүс итгэхгүй байж болох юм гэвч энэ нь миний амьдралын хамгийн сайхан үе байлаа.

Энэ үед санаа нь зовсон зарим найз нөхөд, гэр бүл эхнэрийн минь амийг аврахын төлөө Их эзэнд улам илүү итгэж найдах хэрэгтэй хэмээн бидэнд зөвлөдөг байв. Би санваартай учраас эхнэрээ эдгээхэд түүнийг ашиглах хэрэгтэй гэж тэд надад сануулдаг байлаа. Би тэдний санааг ойлгодог байсан ч найз нар маань бидэнд яг юу тохиолдож байгааг сайн ойлгоогүй байх. Деборагийн амийг аврах амлалтаас өөр юуг ч би хүсдэггүй байлаа. Гэтэл намайг адислал өгч байх үеэр ийм үгс санаанд огт орж ирдэггүй байв. Эхнэр минь эрүүл мэндийн адислал авахаас илүү зүйлийг хүсч байсан ч, өөрөө үүнийг гуйх ёсгүй гэж боддог байсан болов уу. Бид хоёул гайхамшигт итгэхийн зэрэгцээгээр мөнхийн төлөвлөгөөнд нийцэхийн хувьд бидний байдал хязгаарлагдмал болохыг ойлгож байлаа.

Гэтэл тохиолдсон зүйл агуу гайхамшиг байлаа. Адислалуудад түүний амь нас аврагдах болно гэсэн амлалт огт өгөгдөөгүй ч тохиолдсон зүйл нь Бурханы хүсэл юм гэдэгт итгэх маргашгүй баттай итгэл түүнд төрсөн. Амар амгалан түүнд амлагдаагүй ч хүнд үеийг даван туулахад нь тусалсан юм. Амьд үлдэж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломж түүнд олдоогүй ч мөнхийн холбоо түүнд баттай болсон билээ. Тэр минь өвдөлт нь нэлээд намдсан, амар тайван байдалтайгаар халуун ам бүлээрээ хүрээлүүлэн талийгаач болсон билээ.

Бурхан байдаг бөгөөд бидний төлөө гүнээ санаа тавьдгийг би мэднэ. Бидэнд хүч чадал, ойлголт хэрэгтэй болсон үед Тэрбээр тайтгарал, тусламжаар хангадаг билээ. Амьдрал хэцүү байсан ч Их Эзэн хүнд сорилтуудаар дамжуулан бидэнд туслахаар амласан бөгөөд тусламж ирдэг нэг зам нь санваарын адислал юм. Эхнэр минь үүнийг мэддэг байсан учир “Бурханаас миний гуйсан юмыг Тэрбээр өгөөгүй тохиолдлыг би мэдэхгүй” гэж хэлсэн хэрэг.

Зураг чимэглэлийг Брайн Колл