2011
Бие даах чадвараар дамжуулан гэр бүлүүдийг бэхжүүлэх нь
2011 оны зургадугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Бие даах чадвараар дамжуулан гэр бүлүүдийг бэхжүүлэх нь

Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд нь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Итгэл • Гэр бүл • Халамж

Бие даах чадвараа хөгжүүлэн — өөрсдийгөө болон гэр бүлээ асран халамжлах нь — эгч бүрийн үүрэг хариуцлага билээ. Бид ажил хөдөлмөрт шимтэж, өөрсдийн хэрэгцээг хангахаар гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран ажиллах шилдэг арга замуудыг эрэлхийлснээр бие даах чадварыг олж авдаг.

Бид бие даах чадвартай байвал адислал, нөөц боломжуудаа аливаа асуудлуудаас гарах болон эдгээрээс зайлсхийхдээ ашигладаг. Мөн тулгаран ирэх аливаа саад бэрхшээлүүдийг итгэлээр даван туулах хүч зоригийн төлөө залбирахад бидний бие даах чадвар илүү өсдөг байна. Энэхүү бие даах чадвар маань бусдыг асран халамжлах гэрээгээ сахих боломжийг бидэнд олгодог.

Нийгмийн Халамжийн Бүлэгт бид бие даах чадварын зарчмууд болон арга барилуудаас суралцдаг. Эгч нар санхүүгээ төлөвлөх, өр зээлнээс ангижрах, ажил эрхлэх ур чадварууд, судрууд болон сайн мэдээ, бусдад унших бичихийг заах, биеийн эрүүл мэнд, фитнесс, донтолтоос ангижрах болон зайлсхийх, нийгмийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд, өвчнөөс урьдчилан сэргийлэх, цэцэг ногоо тарих, хүнсний үйлдвэрлэл болон нөөц, зайлшгүй тохиолдолд бэлэн байх зэрэг биднийг бие даах чадвартай байхад туслах олон зүйлд суралцдаг.1

Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б.Бек тайлбарлахдаа, “өөрсдийгөө болон бусдыг тэтгэх нь биднийг Их Эзэн Есүс Христийн шавь гэдгийг нотолдог юм. … Манай [хадам ээж] өнгөрсөн жил нас барахад нь түүний бие даасан амьдралаар амьдарч байсан нотолгоо үлдсэн билээ. Тэр ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй мөн хуучирч элэгдтэл нь хэрэглэсэн судар болон сайн мэдээний суралцах гарын авлагуудтай байв. Түүний олон жил хэрэглэсэн хуучин сав суулга, хайруулын таваг, аяга шанагыг бид дуртайяа хувааж авсан. Хуучин хувцсаар зүйж хийсэн хөнжлүүдийг тэр бидэнд үлдээсэн байлаа. Тэр “Хэрэглэж дуусга, өмсөж элээ, юмханаар юм хий” гэсэн хуучны хэлц үгэнд итгэж, үүнийг хэрэгжүүлдэг байв. Бид түүний тарьж ургуулж, бэлдэж нөөцөлсөн хүнсний нөөцийг харсан билээ. Түүний олон жилийн туршид орлого зарлагаа хичээнгүйлэн тэмдэглэдэг байсан санхүүгийн дэвтрүүд нь байв. Тэр арвич хямгач амьдарч байсан бөгөөд зайлшгүй тохиолдолд хэрэглэхээр мөнгө хадгалсан байв. Мөн тэр ямар ч өр төлбөргүй байлаа. Хамгийн чухал нь тэрээр амьдралынхаа туршид олж авсан мэдлэг, ур чадваруудаасаа бусад хүмүүст зааж, тэдэнд нөлөөлсөн юм.2

Судраас

Иохан 13:34–35; Иаков 1:27; Мозая 4:26; Сургаал ба Гэрээ 29:34–35; 38:30; 44:6

Бидний түүхээс

Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар бодгалиудыг материаллаг болон сүнслэгээр аврах ажилд байнга оролцсоор ирсэн. Науву дахь Эмэгтэйчүүдийн Нийгмийн Халамжийн бүлэг долоо хоног бүр цуглан тусламж шаардлагатай хүмүүсийн талаар ярилцаж, ажлаа тайлагнадаг байлаа. Тэд мөнгө, бараа таваар, авьяас чадвар, цаг заваа тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад зориулж байв. Хэцүү, зовлонт байдлаас ангижруулах энэхүү үндсэн ажил нь үеэс үед Нийгмийн Халамжийн Бүлгийн ажил болон үргэлжилсэн юм.

Гэгээнтнүүд Солт Лейкийн хөндийд ирэх үед Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) эгч нарт өөрсдийн амьдралаа авч явахад туслахуйц сайн ур чадваруудыг эзэмшин, туслалцаа хэрэгтэй нэгнээ дэмжин туслахыг зөвлөж байв. Тэрбээр хэлэхдээ, “Өөрсдийгөө сайн сайхан авч явахад суралц мөн үр тариа гурил нөөцөл, хүнд хэцүү өдөр ирэхэд хэрэглэхээр хадгал” гэжээ.3 Санваарын удирдлаган дор Нийгмийн Халамжийн Бүлэг нь бие даах чадварт сургах, гэр бүлээ хамгаалан бэхжүүлэх, хувийн зохистой байдал болон Христийн цэвэр хайр, энэрлээр үйлчлэхийг зоригжуулан дэмждэг.

Эшлэл

  1. Handbook 2: Administering the Church (2010), 9.4.2-г үз.

  2. Жюли Б.Бек, “The Welfare Responsibilities of the Relief Society President,” Basic Principles of Welfare and Self-Reliance (2009), 6.

  3. (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 231.)

Гэрэл зураг чимэглэлийг Велден К.Андерсен