2011
Аравны нэгийн адислалууд
2011 оны зургадугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Аравны нэгийн адислалууд

President Henry B. Eyring

Бидэнд өгдөг Бурханы зарлигуудын зорилго нь биднийг адислахын төлөө юм. Тэрбээр Өөрийн бэлгүүдээс хамгийн агуу нь болох мөнх амьдралыг бидэнд өгөхийг хүсдэг (С ба Г 14:7-г үз). Бид Түүнтэй хамт селестиел хаант улсад гэр бүлтэйгээ үүрд мөнх амьдрах бэлгийг хүлээн авахын тулд тэрхүү хаант улсын хуулиудаар амьдрах чадвартай байх ёстой (С ба Г 88:22-ыг үз).

Уг чадварыг хөгжүүлэхэд бидэнд туслахын тулд Тэрбээр энэ амьдралд бидэнд зарлигуудыг өгдөг билээ. Аравны нэгийн хууль бол биднийг бэлтгэх зарлигуудын нэг мөн. Бид энэ хуулиар бүх орлогынхоо аравны нэгийг Их Эзэнд өргөл болгох ёстой. Энэ нь бүр хүүхэд ч ойлгох энгийн хууль юм. Олсон бутархай мөнгөнийхөө аравны нэгийг хийсэн дугтуйг бишоптоо гардуулж байгаа олон хүүхдийг би харсан.

Аравны нэгээ бүрэн төлснөөс ирдэг олон адислалын нэг нь илүү өндөр шаардлагатай хуулиар амьдрах итгэлийг бий болгон хөгжүүлдэг явдал мөн. Бид селестиел хаант улсад амьдрахын тулд өргөлийн хуулиар амьдрах ёстой. Энэ хуулиар бид өөрсдөдөө байдаг бүхнийг Бурханых гэж бодох ёстой.

Бид мөнх амьдралын бэлгийг хүлээн авахад энэ амьдралд юу хэрэгтэйг болон биднийг үүнд юу бэлтгэдгийг ойлгохын төлөө аравны нэгийг бүрэн төлөх доод тал нь гурван арга зам байдаг.

Нэгдүгээрт: Биднийг Сүмд аравны нэгээ төлөхөд Тэнгэр дэх Эцэг бидэн дээр адислалуудыг юүлдэг. Аравны нэгээ үргэлж бүрэн төлдөг хүмүүс үүнийг үнэн гэдгийг мэднэ. Эдгээр адислалууд заримдаа сүнслэг заримдаа материаллаг байдаг. Адислалууд нь Их Эзэний тогтоосон цагт болон бидний хувьд чухам юу хамгийн сайн болохыг мэдсэний үндсэн дээр ирдэг.

Адислал ирсэн үед Бурхан бол амьдралд байдаг сайн сайхан бүхний эх сурвалж мөн гэдэгт итгэх итгэл маань өсөн нэмэгддэг. Бурханы бүх бүтээл бол Түүнийх юм гэдэг үнэнийг өргөлийн ачаар хүлээн зөвшөөрдгийг ойлгох нь төвөггүй юм. Тэр бидэнд өгсөн бүх зүйлсийнхээ дөнгөж 10-хан хувийг л эргүүлж өгөхийг хүсдэгт бид Түүнд хариу талархдаг. Өргөлийг биднээс хүссэн үед бид өргөлийн хуулиар амьдрахад илүү сайн бэлтгэгдэж чадна.

Хоёрдугаарт: Бид бүгд аравны нэгээ үргэлж бүрэн төлдөг байх юм бол өөрсдөдөө болон гэр бүлдээ хэрэгтэй байгаа зүйлсээ Бурханаас гуйхад нүүр бардам байдаг. Бид аравны нэгээ төлөх гэрээндээ үнэнч итгэлтэй байвал Тэрбээр адислалуудыг хальтал юүлнэ гэж бидэнд амласан (Maлахи 3:10-ыг үз). Иймээс аравны нэгээс ирдэг агуу адислалуудын нэг нь ирээдүйдээ итгэх бат итгэл юм. Нөхцөл байдал ямар ч байсан бидний сайн сайхны төлөө юмс үйлчлэх болно. Бид амлалтаа биелүүлбэл Тэрбээр мөн амлалтаа биелүүлнэ. Аравны нэгээ бүрэн төлөхөөс ирдэг агуу адислалуудын нэг бол амар амгалангийн мэдрэмж юм. Аравны нэгийн зарлигийг сахидаг хүмүүс амар амгалангийн адислал үнэн бодитой, үнэ цэнэтэйг гэрчилж чадна.

Гуравдугаарт: Аравны нэгээ төлснөөр Бурханыг болон Түүний бүх хүүхдүүдийг илүү ихээр хайрладаг. Бидний өгдөг аравны нэгийг Тэнгэрлэг Эцэг дэлхийн хүмүүсийг үүрд мөнхөд адислахын тулд хэрхэн ашигладгийг ойлгосноор энэхүү хайр өсөн нэмэгддэг билээ.

Тэрбээр эрх олгогдсон үйлчлэгчдээрээ дамжуулан аравны нэгийг ариг гамтайгаар зарцуулдаг. Аравны нэгийг төлөгчид нь гэр бүлүүд үүрд мөнхөд лацдан холбогддог ариун сүмүүд барихад Их Эзэнд тусалдаг. Аравны нэгийг төлөгчид газар бүрийн хүмүүст сайн мэдээг түгээхэд Түүнд тусалдаг. Аравны нэгийг төлөгчид Түүнд өлссөн, өвчилж зовсон хүмүүсийг үйлчлэгчдээрээ дамжуулан Өөрийн замаар эдгээхэд тусалдаг. Аравны нэгийг хүмүүсийг адислахад зориулдаг учраас үүний үр дүнд хайр өсөн нэмэгддэгийг үйлчлэгчид гэрчилж чадна. Мөн аравны нэгээ итгэлтэй төлөгч үүнийг хэлж чадна.

Хэдэн сарын дараа аравны нэгийн ярилцлага болно. Аравны нэгээ бүрэн төлдөг хүмүүст хүртээдэг Бурханы адислалуудад тэнцэхээр та болон таны гэр бүл одооноос төлөвлөн бэлтгээсэй хэмээн би залбирч байна.

Роберт Касейн гэрэл зургууд

Зураг чимэглэлийг Стийв Кропп