Аврагчийг дагаснаар өрөвч сэтгэлийн үйлчлэлээ өсгөн нэмэгдүүлэх нь
“Хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна” (Лук 9:24) хэмээн Аврагч сургасан билээ.
Энэхүү анхааруулгын талаар Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн хэлжээ: “Хэрэв бид бусдад үйлчлэх талаар санаа тавихгүй бол бидний амьдралын зорилго өчүүхэн юм гэдгийг Аврагч бидэнд анхааруулсан хэрэг гэдэгт би итгэдэг. Зөвхөн хар амиа бодож амьдардаг хүмүүс эцэстээ уруудан доройтож, чухамдаа амиа алддаг бол бусдад үйлчлэхийн төлөө өөрийгөө умартдаг хүмүүс дэвжин хөгжиж амиа авардаг.”1
Гэр бүл, хөршүүд, тойрог буюу салбарын гишүүд, нийгэм хамт олон тэр ч байтугай огт танихгүй хүмүүст туслахад шаардлагатай цаг зав, эрч хүчтэй байх нь амаргүй байж болно. Ялангуяа бид бүгдээрээ цаг зав багатай байгаа үед хэзээ, яаж бусдад туслах вэ? Нөхцөл байдал бидний боломжийг хязгаарлаж байгаа үед бид хэрхэн үйлчлэх вэ?
Өөрийгөө дагахад биднийг урьдаг Аврагч Есүс Христ бол бидний даган дуурайх Үлгэр Жишээ мөн (Maтай 4:19-ийг үз). Бид хэдийгээр Түүний бурханлиг дуудлагыг хуваалцдаггүй ч үйлчлэлийг нь хуваалцаж чадна. Энэхүү үйлчлэлийг Төлөөлөгч Петр дүрслэн Есүс “сайныг үйлдэж явсан юм” (Үйлс 10:38) гэжээ.
Есүс өвчтөнүүдийг эдгээж, зовж зүдрэгсдэд үйлчилж явлаа (Maтай 9:20–22; Maрк 8:22–25-ыг үз). Нас барсан хүнийг амилуулах зэрэг Түүний үйлдсэнтэй адил гайхамшгуудыг бид үйлдэж чадахгүй ч хайртай нэгнээ алдаад гашуудаж буй хүмүүсийг тайтгаруулах арга замуудыг олж чадна шүү дээ.
Аврагч идэх юмгүй хүмүүсийг гайхамшигтайгаар хооллож байв (Maтай 14:15–21-ийг үз). Бид мацгийн өргөлийг өгөөмрөөр өгч, хүнс үйлдвэрлэх Сүмийн халамжийн төслүүдэд үйлчлэн, тусламж хэрэгтэй хүмүүсийг хооллоход нийгэмдээ хувь нэмэр оруулж болно.
Есүс хувь хүмүүсийн төлөө санаа тавьж, тэдэнд үйлчилдэг байлаа (Лук 8:45–48-ыг үз). Бид Түүний үлгэр жишээг дагахыг хичээсэн үед зовж зүдрэгсэд, ганцаардсан, хаягдаж мартагдсан хүмүүсийг олж харахад Сүнс бидний нүдийг нээх болно. Ингэснээр бид тэдний хэрэгцээг шийдвэрлэхэд туслахаар удирдагдаж чадна.
Есүс бусдад туслахаар төлөвлөөгүй байсан ч (Лук 24:29-ийг үз) санаа тавих ёстой ажил Өөрт нь өдий төдий байсан ч (Maтай 14-ийг үз) хүмүүст зориулан цаг гаргадаг байв. “[Өөрсдөдөө] буй хүчнээс илүү хурдан гүйхгүй” (Moзая 4:27) байхын тулд ухаалгаар үйлчлэхийг бидэнд зөвлөдөг билээ. Гэвч заримдаа хамгийн таагүй үед бусдад үйлчилж, тэднийг адислах агуу боломж гарч ирдэг явдал бий. Аврагчийн нэгэн сургаалт зүйрлэлд сайн самари хүн аяны замдаа саатаж, гай зовлонд өртсөн хүнд тусалдаг билээ (Лук 10:30–37-г үз).
Аврагч хэнийг ч ажиглахгүй өнгөрөхгүй бөгөөд Түүний хувьд гар сунган туслахад хэн ч дорд бус юм (Maтай 9:9–13-ыг үз). Бид Аврагчийн энгэн адил бусдыг хайрлан, тэднийг өргөн дэмжиж, илүү сайн арга замыг тэдэнд заан, Аврагчийн санал болгодог сэтгэл хангалуун амьдралд өөрсөдтэйгөө нэгдэхэд тэднийг урьж чадна.
Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийн авьяас чадвар, нөхцөл байдал, хүсэл эрмэлзлийг мэддэг. Бид бусдыг адислахын тулд эдгээрийг хэрхэн ашиглаж болохыг Тэрбээр бас мэддэг. Бид Түүнд ойртох тусам хэнд, хаана, хэрхэн үйлчлэх вэ гэдгийг мэдэхэд Тэрбээр бидэнд туслах болно.