Олны хүч оломгүй далай
Мацгийн хууль
Их Эзэн Өөрийн хүмүүсийг адисалж, тусламж хэрэгтэй хүмүүсийг анхаарч халамжлах арга замаар хангахын тулд мацгийн хуулийг өгсөн юм. Тэрбээр “эд юмсаа ядуустай хуваалцах, … болон [үүнийг] ядуус хийгээд гачигдагсдад өгөхийн тулд … бишопын өмнө тавигдах ёстойг” (С ба Г 42:31, 34) гэгээнтнүүдэд зааварлажээ. Мацгийн өргөл бол Их Эзэний агуулахын үндсэн нөөц юм. Сүм, гишүүдээ мацаг барин доод тал нь дараалсан хоёр хоолны үнэтэй тэнцэх үнийг өргөл болгохыг уриалдаг. Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985) “бид боломжтой байгаа үедээ илүү бүр илүү, арав дахин илүүг” өгч байхыг гишүүдээс хүссэн юм.1
Бид мацгийн хуулийг ойлгож, түүгээр амьдарснаар зовж зүдэрсэн хүмүүсийг улам хайрлаж, тэдэнд өрөвч энэрэнгүй сэтгэлээр хандах нь өсөн нэмэгдэх болно. Залбирч, мацаг барих нь жинхэнэ шүтлэг бишрэлийн нэг хэлбэр мөн. Бид мацгийн хуулийг дуулгавартай дагаснаар сүнсний хүч чадалтай болж, материаллаг адислалуудыг хүртэн, бусдад үйлчлэх илүү их хүсэл эрмэлзэлтэй болдог.
“Мацгийн өргөлийн тухай үзэл баримтлал нь: Исаиа хүмүүсийг мацаг барихад дэмжин, ‘өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулдаг’ [Исаиа 58:7] байх тухай санаа нь бүр эрт үед бий болсон юм” хэмээн Ерөнхийлөгч Томас С.Монсон заасан билээ. Бошиглогч Иосеф ядуучуудад зориулан мацгийн өргөл цуглуулах ажлыг Огайогийн Көртландад, дараа нь Иллинойн Наувуд үндэслэн бий болгосон бөгөөд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга ‘мацгийн өргөлийн зарчмыг’ тодорхойлсон ерөнхий агуулгатай захидлыг Сүмд бичсэн ажээ. Уг захидалд: ‘Мацгийн өргөл цуглуулах нь бүх гэгээнтнүүдэд үлгэр дууриал болтугай, тэгвэл хэзээ ч талхаар дутагдахгүй: Ядуучууд өлсөж байгаа үед, юмтай хүмүүс нэг хоног мацаг барьж, идэх байсан зүйлээ ядууст илүүчлэн бишоптоо өгөг, тэгвэл хүн бүр урт удаан хугацаанд элбэг хангалуун байх болно.’ … Гэгээнтнүүд бүх нийтээрээ энэ зарчмаар хэдий чинээ урт удаан хугацаанд чин сэтгэлээсээ баяр баясгалантайгаар амьдарна, тэд үргэлж элбэг хангалуун байх болно.2’”2
Хүнсний үйлдвэрлэл
Өлсгөлөн хүмүүсийг хооллохын тулд хүнс үйлдвэрлэж, боловсруулах нь халамжийн төлөвлөгөө бий болсон үеэс хойш үндэс суурь нь болсоор байгаа билээ. Юта даяар тархсан ногооны талбайнууд дээр өрнөсөн хөдөлмөрийн төслүүд нь 1000 гаруй фермийг хамарсан сүлжээ болж, Сүмийн гадас, тойргууд хүнс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Халамжийн фермүүд Хойд Америк, Европ, Австрали, Полинезид ажиллаж байна. 1980-аад онд эдгээр фермүүд бэхжин, үйл ажиллагаа нь өргөжиж, тоног төхөөрөмж нь сайжирчээ. Зарим жижиг төслүүдийг худалдсан байна.
Эдгээр фермүүдийг өнгөрсөн үеийнхтэй адилхан Сүмийн гишүүд сайн дурын хөдөлмөрөөрөө дэмжиж байна. Тусламж хэрэгтэй хүмүүсийг дэмжихэд ашиглах хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах болон хуваарилан хүргүүлэхийн тулд гишүүд жил бүр хэдэн зуун мянган өдрийн хөдөлмөрөөрөө хандив өргөж байна. Жил бүр 45 сая кг гаруй үр тариа, шош, мах, жимс, хүнсний ногоо болон бусад зүйлийг үйлдвэрлэж, тусламж хэрэгтэй хүмүүсийг дэмжихийн тулд бишопуудын агуулахад нийлүүлж байна. Бишопуудын агуулах байхгүй газруудад бишоп болон салбарын ерөнхийлөгчид тусламж хэрэгтэй хүмүүсийг бараа бүтээгдэхүүн, үйлчлэлээр хангахын тулд мацгийн өргөлийг ашигладаг.
Их Эзэний агуулах
Халамжийн хөтөлбөрийг 1936 онд үндэслэн бий болгосноос хойш Сүмийн гишүүд тусламж хэрэгтэй хүмүүст тулгарч буй зовлон бэрхшээлийг нимгэлэхийн тулд хамтран хөдөлмөрлөж байна. Эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг, ажилгүйдэл, өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээл болон хүнд цаг үед Гэгээнтнүүд хэрэгцээг шийдвэрлэж, хувь хүмүүс болон гэр бүлүүдийг адислахын тулд санваартны удирдагчдын удирдлага дор мөр зэрэгцэн ажиллаж байна. Сая сая гишүүн Ерөнхийлөгч Монсонгийн хэлснээр “нэг хүний сул дорой байдлыг хамтдаа үйлчлэгч олон хүний хүчээр даван туулж” бусдыг адислан, тэдэнд туслахын тулд олон жилийн турш цаг зав, авьяас чадвараа зориулж ирсэн юм.3
Ерөнхийлөгч Хебер Ж.Грант 1936 онд халамжийн тогтолцооны тухай 1936 онд өгүүлэхдээ: “Сүмд энэ ажлыг хариуцах шинэ тогтолцоо шаардлагагүй, харин гадас, тойргийн байгууллагууд, санваартны чуулгууд, Нийгмийн Халамжийн бүлэг, түүнчлэн туслах бүлгүүдийн янз бүрийн байгууллагууд Сүмийн ерөнхий халамжийн ашиг сонирхлыг биелүүлэхэд үйлчлэлийн дийлэнх хэсгийг үзүүлэх болно” хэмээн угтан хэлжээ.4 Ядуучууд болон тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахад шаардлагатай байгууллага санваартны чуулгууд, Нийгмийн Халамжийн бүлгийг Их Эзэн аль хэдийнэ үндэслэн бий болгосон юм. Мөн Бурханы санваар дэлхийд байлаа.
Ажил хөдөлмөр, авьяас чадвараа өргөл болгодог Сүмийн гишүүд бол Их Эзэний агуулахын салшгүй хэсэг мөн. Түүнээс гадна Сүмийн мацгийн өргөлийн санд төлдөг мацгийн өргөлөөс гадна тусламж нэн чухал хэрэгтэй байгаа хүмүүсийг адислахын тулд санваартны удирдагчид нийт гишүүдийн цаг зав, авьяас чадвар, эрч хүчийг зохион байгуулан чиглүүлдэг.
Бид тусламж хэрэгтэй хүмүүст ядарсан цагт нь туслах боломжийг ашигласнаараа Бурхан болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайраа харуулдаг. Энэ бол халамжийн тогтолцооны голт зүрх бөгөөд үүнийг итгэлтэйгээр хэрэгжүүлэх нь өгөгч, авагч хоёрыг хоёуланг нь өргөмжилдгийг өнөө үеийн бошиглогчид сургасаар байгаа билээ.