2011
Сүнсний тэмдгүүд
2011 оны зургадугаар сар


Номлолын талбараас

Сүнсний тэмдгүүд

Би Бүгд Найрамдах Домникан Улсад бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа бөгөөд саяхан заах хүмүүс олоход төвөгтэйгөөрөө нэрд гарсан нэг бүсэд шилжиж ирээд байна. Намайг энд ирэхэд бид ердөө ганцхан сонирхогчтой байлаа. Түүний нэр Оривиадес. Тэр өмнө нь сүмд явж байсан ч дохионы хэлээр харилцдаг дүлий учраас номлогчид заах боломжгүй байсан гэнэ.

Нэг өдөр хамтрагч бид хоёр Оривиадест заах боломжийг бидэнд олгох гайхамшгийн төлөө мацаг барьж, залбирахаар шийдэв. Хамтрагч бид хоёр дохионы хэл мэдэхгүй болохоор гэр бүлийн гишүүдийнх нь нэг нь орчуулахад туслах тохиромжтой цагийг олж тохиров.

Гэвч биднийг Оривиадестай уулзахаар иртэл гэр бүлийнх нь гишүүдээс хэн нь ч байсангүй. Оривиадесыг сандал авчрахаар түр зуур гарах хооронд хамтрагч бид хоёрт Сүнс биднийг удирдахын төлөө залбирах боломж гарав. Бүр залбирахаасаа өмнө би Сүнсийг хүчтэй мэдэрч билээ.

Оривиадес дохионы хэлээр ярьж эхэлсэн ч бид түүнийг ойлгосонгүй. Бид хоёр зүгээр л түүнийг болон бие биеэ хараад инээмсэглэн, яах ёстойгоо таамаглах гэж оролдов. Бид дараагийн удаа орчуулагчтай болно гэдэгт найдан уулзах цагаа цаасан дээр бичиж түүнд харуулъя гэж шийдлээ. Гэвч бид эндээ үлдэж, түүнд заах гэж оролдоод үзэх хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж бидэнд төрлөө. “Сүнс бидэнд бага ч гэсэн туслахын төлөө хичээгээд үзье” гэж би хамтрагчдаа хэллээ.

Бид хичээлээ зураг ашиглан, гараараа болхидуухан дохио зангаагаар заах гэж оролдов. Бид хоёр Оривиадесын дохионуудыг алгуураар ойлгодог болж, хариу дохиж чаддаг болов. Тэр биднийг маш сайн ойлгож байгаа бололтой.

Бид түүнтэй гэрчлэлээ хуваалцах хэрэгтэй хэмээн өдөөгдөв. Тэгээд Анхны Үзэгдлийн зургийг түүнд үзүүлээд, “Үүнийг үнэн гэдгийг би мэднэ” гэж цаасан дээр бичлээ.

Дараа нь Оривиадес, “Бурхан надад хэлсэн—энэ нь үнэнийг би мэднэ. Би залбирсан энэ нь үнэнийг би мэднэ” гэж хариулав.

Хамтрагч бид хоёр нүд дүүрэн нулимстай энэ уулзалтыг өндөрлөлөө. Сэргээгдсэн сайн мэдээний тухай энэ сонирхогчид гэрчлэх боломжийг Бурхан бидэнд олгосон бөгөөд Ариун Сүнс бидний захиасыг түүний зүрх сэтгэлд хүргэснийг би мэднэ (2 Нифай 33:1-ийг үз). Бид зарим үед сайн мэдээг хуваалцахдаа төгс байдлаар эсвэл уран цэцнээр ярих хэрэггүй юм байна, заримдаа ерөөсөө ярих ч хэрэггүй юм байна гэдгийг мэдсэн.

Мацаг барих, залбирах болон итгэл зэрэг энгийн зүйлс бидэнд болон бидний үйлчилж байгаа хүмүүсийн амьдралд хэрхэн гайхамшгуудыг үйлдэж болдог нь үнэхээр гайхалтай билээ.

Зураг чимэглэлийг Дилейн Марш