Бидний гэр орон, гэр бүл
Мормоны Номонд дуртай болоход нь хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?
Дор дурдсан арга хэрэгслүүд хүүхдүүдэд Мормоны Номноос заахад үр өгөөжтэй болохыг бид мэдсэн юм.
Эхнэр бид хоёр таван хүүхдээ өсгөж, гэр бүлээ төлөвшүүлэхэд хүүхдүүдээ Мормоны Номонд дуртай болгохыг туйлын их хүсдэг байлаа. Мужаанууд янз бүрийн багаж хэрэглэдэг шиг хүүхдүүддээ судруудыг хайрладаг байхыг зааж сургахад олон янзын арга ашиг тустай төдийгүй амин чухал болохыг бид мэдсэн юм. Хүүхдүүддээ заах арга хэрэгсэл буюу арга техниктэй байх нь нэг хэрэг харин тэдгээрийг хэрэглэх нь өөр хэрэг гэдгийг бид хоёр бас ойлгосон юм.
Түүнээс гадна Мормоны Номыг амьдралдаа хэрхэн хэрэглэх болон бидний аж төрж байгаа дэлхийтэй энэ ном хэрхэн холбоотой болохыг ойлгох нь бидэнд хэрэгтэйг бид мэдсэн юм. Хүүхдүүддээ туслахын тулд янз бүрийн аргыг хэрэглэх бидний чадвар нь судруудыг ойлгох бидний өөрсдийн ойлголт, судрууд үнэн болох тухай бидний гэрчлэл, урам зоригоос юуны өмнө хамааралтай юм.
Бага насны хүүхдүүдэд заах нь
Судруудын хэл ямар нэг хэмжээгээр нийтэд ойлгомжгүйн сацуу хүүхдийн үг хэллэг хязгаарлагдмал учраас Мормоны Номонд дуртай болохыг хүүхдүүдэд заахад сорилт бэрхшээл учирч болно. Манай хүүхдүүд бага байхдаа анхаарлаа нэг зүйл дээр удаан төвлөрүүлж чаддаггүй байсан болохоор судар судлах бидний цаг мөн л богинохон байлаа. Бид гэр бүлийн судар судалгаандаа судрын зурагтай түүхүүдийг олонтоо ашигладаг байсан.
Хүүхдүүдийнхээ судраас уншиж, ойлгосон зарчмуудыг бататгахын тулд би судрын түүхүүдийг унтахаас нь өмнө ярьж өгдөг байлаа. Энэ нь их үр нөлөөтэй байсан тухай хожим нь манай охин дурсан ярьдаг байв. “Дахин дахин ярьж өгдөг байсан судрын түүхүүдэд бид дуртай болсон гэж би боддог. Та бидний орны дэргэд суугаад судрын түүхүүдийг хуваалцдаг байж билээ. Бид нас бага байсан болохоор судрын түүхүүдийн захиасын үзэл санааг мэдэрч чаддаггүй байсан ч судрын түүхүүдэд дуртай болж, тэдгээр түүхүүдэд итгэлтэй, эрэлхэг зоригтой хүмүүсийн тухай өгүүлдгийг мэддэг байсан учраас түүхүүдийг дахин дахин ярьж өгөхийг гуйдаг байлаа. Бид тэдэнтэй адилхан байхыг хүсдэг болсон юм” гэж охин минь ярьсан юм.
Хичээлүүдийг гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулах нь
Мэдээж хэрэг, хүүхдүүдээ өсч том болсон үед бид Мормоны Номноос шууд уншдаг болсон. Хэдийгээр манай зарим хүүхэд хөнжил дотроо нүдээ хагас аниастай байдаг ч, бид судруудаас өглөө бүр итгэлтэйгээр уншихыг хичээдэг байсан. Гэсэн ч тэд анхааралтай сонсож, үйл явдлуудыг санан, ирээдүйн үр суулгаж байснаа одоо ярьдаг.
Бид бас гэр бүлийн үдшийн үеэр судруудад онцгой анхаарал хандуулдаг байлаа. Жишээ нь, гэр бүлийн зарим гишүүд судрын аль нэг түүхийг жүжиглэн тоглож, бусад нь уг түүхийг таадаг байсан судрын таавар мэт үйл ажиллагаануудыг бид гэр бүлийн үдэштээ олонтоо оруулдаг байлаа. Манай хүүхдүүд бас “Би хэн бэ?” гэдэг тоглоомоор тоглох дуртай байлаа.Бид энэ тоглоомоор Мормоны Номонд гардаг хүмүүсийг таах олон түлхүүр санааг хүүхдүүддээ өгдөг байсан. Хүүхдүүд маань өсөхийн хэрээр гэр бүлийн үдшийн хичээлүүдэд бэлтгэж, заахад оролцдог болсон.
Бид гэр бүлийн үдшээ гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулан, зарчмуудыг заахад туслахын тулд Мормоны Номын түүх шастируудыг ашигладаг байлаа. Жишээ нь, бид ёс суртахуун болон порнографиас зайлсхийх тухай хичээлүүдийг Aлма 39 дэх хүү Кориантондоо өгсөн Алмагийн зөвлөгөөнөөс заадаг байсан. Биен дээрээ элдэв шивээс хийлгэхээс зайлсхийх тухай сайн хичээлийг Алма 3-аас зааж болно.
Би Нифайн амьдралаас сэдэвлэн хүүхдүүдийн хоорондын зөрчил, сөргөлдөөнийг хэрхэн шийдвэрлэвэл зохих тухай хичээлийг бэлтгэж билээ (1 Нифай 7:20–21; 16:4–5), Иaков (2 Нифай 2:1–3) болон Кориантоныг үз (Aлма 39:1, 10-ыг үз). Aлма 14:12–28 дахь Алма, Амюлек нарын тухай сонирхолтой түүх нь гай зовлон тохиолдсон үед тэвчээртэй байх тухай заадаг. Эдгээр болон бусад олон асуудлаар бидний сурч мэдсэн нэг чухал зарчим бол тэдгээр асуудлууд хүүхдүүдийн минь амьдралд бодитой сорилт болохоос өмнө хүүхдүүдээ сэрэмжлүүлж, хор уршигийг нь ойлгуулах явдал мөн.
Асуултууд асуух нь
Бид хүүхдүүдтэйгээ хамт судруудыг уншдагаас гадна уншсан зүйлийнхээ утгыг ойлгоход нь хүүхдүүддээ туслах асуултуудыг асуух нь чухал болохыг бид ойлгосон юм. Асуултуудын хүнд хөнгөн нь хүүхдийн наснаас хамааралтай байх боловч тэдэнд заах гол зүйл нь Мормоны Номноос санаануудыг шинээр нээж олон, амьдралдаа хэрэглэхэд нь тэдэнд туслах явдал мөн.
Жишээ нь, Нифай яагаад “амьдралынхаа турш өчнөөн зүдгүүрийг туулсан” гэсэн атлаа дараагийн мөрөнд нь “Их Эзэний өндөр ээл хишгийг хүртсэн” (1 Нифай 1:1) хэмээн өмнөхөөсөө эсрэг зүйлийг хэлсэн гэж бодож байгааг нь би хүүхдүүдээсээ асууж билээ. Их Эзэн Нифайг зовлон зүдгүүрээс нь чөлөөлсний сацуу Өөрийн нууцуудын тухай агуу ойлголтыг Нифайд өгснийг манай хүүхдүүд бидний ярилцлагын явцад олж мэдсэн юм (1 Нифай 1:1, 20-ийг үз).
Үнэнүүдийг олж мэдэхэд нь туслахын тулд бид хүүхдүүддээ тусалсан үед хүүхэд, залуучууд юмсыг сан ойлгож мэддэг билээ. Тэд ингэснээр Мормоны Номонд дуртай болж, амьдралынхаа туршид уг номын үзэл санааг хэрэгжүүлэн, бусдад туслахын тулд үүнийг ашиглах хэрэгтэйг мэдрэх болно.
Мормоны Ном бодит хүмүүсийн бодит түүхийг агуулсныг бид мэдэж байсныг хүүхдүүд маань мэдсэн юм. Тэд Мормоны Номны тухай бидний харсан зүйлийг хардаг, мэддэг зүйлийг мэддэг, мэдэрдэг зүйлийг мэдэрдэг болсон билээ. Энэ нь тэдний итгэлийг бэхжүүлж, Мормоны Номонд дуртай болоход нь тусалж, мөн өөрсдийнхөө хүүхдүүдийг ийм болгоход удирдан хөтөлдөг.