2012
Элбэг хангалуун амьдрах нь
2012 оны нэгдүгээр сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Элбэг хангалуун амьдрах нь

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Шинэ онтой золгож байгаа энэ мөчид би элбэг хангалуун амьдрал хэмээн нэрлэж байгаа амжилт бүтээл, сайн сайхан байдал, адислалаар дүүрэн амьдралын төлөө хүн бүр нөр хичээнгүй эрэл хайгуул хийхийг газар бүрийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдээс уриалан хүсч байна. Бид сургуульд үндсэн суурь мэдлэг эзэмшдэг шиг, элбэг хангалуун амьдрахад бидэнд туслах өөрийн үндсэн зарчмын тухай өгүүлье.

Аливаад өөдрөг үзлээр хандаж бай.

Эхний зарчим нь зан төлөв. Америкийн анхны сэтгэл судлаач, философич Виллям Жеймс, “Манай үеийнхэнд тохиосон хамгийн агуу хувьсгал бол дотоод зан төлөвөө өөрчилснөөр амьдралынхаа гадаад талыг өөрчилж чадна гэдгийг хүмүүн төрөлхтөн нээсэн явдал мөн” гэж бичжээ.1

Амьдралд өдий төдий зүйл бидний зан төлөвөөс шалтгаалдаг. Юмсыг ойлгохоор бидний сонгосон арга, бусад хүмүүстэй харилцах бидний харилцаа юм бүхэнд нөлөөлдөг. Хэрэв бид чадах бүхнээ хийж, байгаа нөхцөлдөө аз жаргалтай байхаар сонгох юм бол амьдралын нөхцөл нь ямар ч байлаа гэсэн аз жаргал, сэтгэл ханамжийг авчрах болно.

Зохиолч, соён гэгээрүүлэгч, Христийн шашны пастор Чарльз Свиндол: “Зан төлөв нь миний хувьд … Энэ нь гадаад байдал, авьяас бэлэг буюу ур чадвараас илүү чухал юм. Энэ нь компани, сүм, гэр орныг үүсгэн бий болгох буюу эвдэн бусниулж чадна. Бид ямархуу байдалтай байх талаараа өдөр бүр сонголт хийдэг нь үнэхээр гайхалтай зүйл юм.2

Бид хүрээлэн байгаа дэлхийд хяналт тавьж чадахгүй. Гэвч бид дэлхийтэй харилцан ажиллахад хяналт тавьж чадна. Аз жаргал, амар амгалан сэтгэл хангалуун байхын төлөө аливаа зүйлд өөдрөг үзлээр ханддаг байцгаая.

Өөртөө итгэ

Хоёр дахь зарчим бол өөртөө, эргэн тойрныхоо хүмүүст түүнчлэн мөнхийн зарчмуудад итгэх итгэл юм.

Өөртөө болон өрөөл бусдад мөн Тэнгэрлэг Эцэгтээ үнэнч шударга бай. Бурханд шударга бус хандсанаа засч залруулахад нэгэнт оройтсон хүн бол ширээт лам Уолси байлаа. Шекспирийн өгүүлснээр тэрбээр урт удаан амьдралаа гурван хаанд үйлчлэхэд зориулж, эд хөрөнгө, эрх мэдлээр бялхаж явсан аж. Эцэстээ, тавтиргүй нэгэн хаан түүний эрх мэдэл, эд хөрөнгийг булаан авсан гэнэ. Ширээт лам гашуун нулимс урсган:

Ганцхан Бурхандаа л зүрх сэтгэлээ зориулан үйлчилсэн ч болоосой

Би хаандаа үйлчилсэн. Тэр миний насны хүн биш байлаа

Намайг дайснуудад минь гар нүцгэн тавьж өглөө хэмээн уйлсан гэдэг.3

17-р зууны үед амьдарч асан, Английн шашны зүтгэлтэн, түүхч Томас Фуллер: “Итгэлийнхээ дагуу амьдардаггүй хүнд жинхэнэ итгэл байдаггүй” гэсэн энэхүү үнэнийг тэрлэжээ.4

Өөрийгөө бүү хазаарла. Чи хийж чаддагаасаа илүүг хийж чадахгүй гэж ятгах боломжийг бусдад бүү олго. Өөртөө итгэлтэй байж, боломж бүхнээ дайчлан амьдар.

Тэгвэл чи чадна гэж өөрийнхөө итгэсэн тэр зүйлд хүрч чадна. Итгэл, бишрэлтэй бай.

Сорилт бэрхшээлийг зоригоор даван туул

Эрийн ёсоор амь насаа зориулахад бэлэн байх төдийгүй, зохистой амьдрах шийдвэр төгс байсан үед зориг нь үнэ цэнэтэй, утга учиртай хүч болдог билээ.

Америкийн нийтлэлч, яруу найрагч Ральф Вальдо Эмерсон ийн хэлсэн байдаг. “Юуг ч хийлээ гэсэн танд зориг хэрэгтэй. Таныг ямар нэг юм хийхээр сонгох үед энэ нь буруу байвал, буруу байна шүү гэдгийг хэлж өгөх хүн ямагт бэлэн байдаг. Намайг шүүмжилсэн хүмүүсийн зөв юм байна гэдэгт итгэх уруу таталтын үе ч бас байдаг. Явах замаа тодорхойлж, үүнийг эцсээ хүртэл дагах нь цэрэг хүнд байдагтай адил зоригийг шаарддаг. Амар амгалан нь зоригтой эрчүүд, эмэгтэйчүүдийг ялалтанд хүргэдэг.”5

Айж бэргэн, урам хугарах үе танд тохиолдох болно. Өнгөрч дээ гэж бодох үе ч ирж мэднэ. Ялалтанд хүрэх нь санаанд оромгүй, сэтгэл догдлом байж магадгүй. Зарим үед танд Голиаттай тулалдах гэж байгаа Давид шиг санагдаж болно. Гэвч санагтун—Дaвид ялсан шүү дээ!

Хүслэн болсон зорилгодоо хүрэхийн төлөө эхний алхмыг хийхэд зориг шаардагддаг. Гэвч хүн бүдэрч, зорилгодоо хүрэхийн төлөө дахин хүч чармайлт гаргаж байгаа үед бүр ч илүү зориг шаардагддаг.

Хүч чармайлтаа дайчилж ажиллахын төлөө тууштай бай. Зөв зорилгын төлөө нэгэн үзүүрт сэтгэл гарган ажилласан үед зориг нь зайлшгүй ирэх сорилт бэрхшээлийг даван туулах төдийгүй, дахин хүч чармайлт гаргахад ч шаардлагатай юм. “Зарим үед зориг нь өдөр дуусахад ‘Маргааш дахин оролдоод үзье дээ’ гэх намуухан дуу хоолой байдаг.”6

Ирж байгаа шинэ ондоо аливаад өөдрөг сэтгэлээр хандан, зорилго, амлалтдаа хүрч чадна гэдэгт итгэлтэй байж, замдаа тохиолдож болох ямар ч сорилт бэрхшээлийг даван туулах зоригтой байцгаая. Тэгвэл элбэг хангалуун амьдрал биднийх байх болно.

Эшлэл

  1. Виллям Жеймс, Ллоид Альберт Жонсоны эмхтгэл, A Toolbox for Humanity: More Than 9000 Years of Thought (2003), 127.

  2. Чарльз Свиндол, Daniel H. Johnston, Lessons for Living (2001), 29.

  3. Виллям Шекспир,King Henry the Eighth, 3-р бүлэг, 2-р үзэгдэл, бадаг 456–58.

  4. Thomas Fuller, H. L. Mencken, хянан тохиолдуулсан. A New Dictionary of Quotations (1942), 96.

  5. Ralph Waldo Emerson, Roy B. Zuck, The Speaker’s Quote Book (2009), 113.

  6. Мэри Анн Радмахер, Courage Doesn’t Always Roar (2009).

Энэ захиасаас заах нь

Өөрсдөдөө итгэж, ямар нэг зүйлд өөдрөг сэтгэлээр хандсан эсвэл зориг хэрхэн тусалсан талаар хувийнх нь туршлагыг гэр бүлийн гишүүдээр хуваалцуулахад анхаар. Эсвэл эдгээр гурван зарчмын жишээг судруудаас олохыг тэднээс хүс. Судруудын тухай болон өөрийнхөө туршлагын талаар залбирч бодон, заахдаа бэлтгэж болно.

Зураг чимэглэлийг Стийв Кропп