Гэр бүлийн үдшийн 100 жилийн ой
Энэ сард Тэргүүн Зөвлөл гишүүдээ гэр бүлийн үдэш хийхэд урамшуулан дэмжсэний 100 жилийн ой тохиож байна. Гэр бүлийн үдшийн талаар танилцуулсан Тэргүүн Зөвлөлийн захидлаас авав. Энэ нь 1915 оны 4-р сард гарсан бөгөөд 1915 оны 6-р сард Improvement Era (733–734-р хуудас) дээр хэвлэгдсэн. Том үсэг ба цэг тэмдгийг орчин үеийн дүрмээр өөрчлөв.
Хүндэт ах, эгч нар аа:
Бид хожмын үеийн гэгээнтнүүдэд Сургаал ба Гэрээний 68 дахь хэсэгт өгөгдсөн Их Эзэний зарлигийг илүү чанд дагахыг зөвлөж байна:
“Мөн дахин, Сионд … эцэг эхчүүд хүүхдүүдтэй байхын хэрээр, тэдэнд наманчлалын сургаал, амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээхийг, мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг тэд заадаггүй бол, тэднийг найман нас хүрэхэд уг нүгэл эцэг эхчүүдийнх нь тэргүүн дээр байх болно; …
“Мөн тэд тэрчлэн залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг хүүхдүүддээ заах ёстой” [С ба Г 68:25–28-ыг үзнэ үү].
Сионы хүүхдүүд нь эртний израильчуудад өгөгдөж, мөн хожмын үеийн гэгээнтнүүдэд дахин өгөгдсөн Их Эзэний зарлигуудыг бүрэн дүүрэн дагаж мөрдөх ёстой:
“Их Эзэн Бурхан тань чамд өгсөн тэр нутаг дээр чиний өдрүүд урт байж болохын тулд Эцэг, эхээ хүндэл” [Египетээс гарсан нь 20:12].
Эдгээр илчлэлт хожмын үеийн гэгээнтнүүд рүү илүүтэй чиглэж, эдгээр зарлиг гэр оронд тань заагдаж, мөн хэрэгжиж болохын тулд Сүм дэх эцэг эхчүүдээс үүнийг шаарддаг болой.
Энэхүү зорилгын тул бид Сүм даяар эцэг эхчүүд охид, хөвгүүдээ гэр орондоо цуглуулж, мөн тэдэнд Их Эзэний үгийг зааж болохын тулд “гэр бүлийн үдшийг” эхлүүлэхийг зөвлөмж болгож, мөн уриалж байна. Тэд мөн гэр бүлүүдийнхээ хэрэгцээ, шаардлагуудыг илүү бүрэн дүүрэн олж мэдэхийн зэрэгцээ өөрсдийгөө болон хүүхдүүдээ Есүс Христийн сайн мэдээний зарчмуудтай илүү сайн танилцуулах болно. Энэхүү гэр бүлийн үдэш нь залбирал, дуулал болон дуунууд дуулах, хөгжим тоглох, судар унших, гэр бүлийн сэдвүүд болон сайн мэдээний зарчмууд, мөн амьдралын ёс зүйн асуудал дээрх тодорхой зааварт, түүнчлэн эцэг эх, гэр орон, Сүм, нийгэм, улс үндэстэндээ хүлээх үүрэг, хариуцлага дээр төвлөрөх ёстой. Бага насны хүүхдүүдэд тэдний насанд тохирсон уншлага, дуу, түүх болон тоглоомыг танилцуулж болох юм. Ихэнхдээ гэртээ бэлтгэсэн хөнгөн зуушаар үйлчилж болно.
Албархаг болон хөшүүн байдлаас аль болох зайлсхийх хэрэгтэй бөгөөд гэр бүлийн гишүүн бүр эдгээр үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй.
Эдгээр цугларалт нь эцэг эх, хүүхдүүдийн хооронд, мөн ах, эгч, дүү нарын хооронд харилцан итгэх боломжийг олгож, эцэг эх нь охид, хөвгүүдээ сэрэмжлүүлэг, зөвлөгөө, зөвлөмжийн үгсээр хангах боломж бүрдэнэ. Тэдгээр нь тэдэнд хандсан Их Эзэний амлалт үгчлэн биелэгдэж, тэдний өдрүүд урт, аз жаргалтай байж болохын тулд эцэг эхээ хүндэлж, гэр орондоо байгаа адислалуудын төлөө талархах боломжийг охид хөвгүүдэд олгоно. …
Бид … залуучуудыг гэр бүлийн үдшээр гэртээ үлдэж, үүнийг сургамжтай, ашигтай, сонирхолтой болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулахад урамшуулан дэмжиж байна.
Гэгээнтнүүд энэ зөвлөгөөг дуулгавартай дагавал агуу адислалууд ирэх болно гэдгийг бид амлаж байна. Гэр орон дахь хайр болон эцэг эхдээ дуулгавартай байх явдал өсөн нэмэгдэх болно. Израилийн өсвөр үеийнхний зүрх сэтгэл дэх итгэл өсөж, тэд тойрон хүрээлэх хилэнцэт нөлөө, уруу таталтуудтай тэмцэх хүч чадлыг олж авах болно.
Хүндэтгэсэн,
Жозеф Ф.Смит
Антон Х.Ланд
Чарльз В.Пэнрөүз
Тэргүүн Зөвлөл