Бид Христийн талаар ярьдаг
Итгэлийн хүч
Зохиогч нь АНУ-ын Орегонд амьдардаг.
Тэнгэрлэг Эцэг биднийг гуйсан болохоор л сорилт бэрхшээлүүдээс маань шууд чөлөөлчихсөн байсан бол бидний авралд зайлшгүй шаардлагатай тэрхүү туршлагуудаас биднийг холдуулах байсан.
Коллежид сурч байсан нэг жил намайг шалгалт өгч байтал хүзүү маань өвдөж эхэлсэн юм. Шалгалт дууссан ч өвдөлт намдахгүй байв. Би эмч нартай болон физик эмчилгээний эмч нартай зөвлөлдөж, олон төрлийн эмчилгээ хийлгэсэн ч өвдсөөр л байлаа. Дараа жил нь би энэ өвчнөө эдгээх гэж тэмцэлдэхийн зэрэгцээ итгэлээ нэмэгдүүлэхээр хичээж байлаа. Би олон удаа залбирч, судруудыг судлан, санваарын адислалууд авсан. Хэрэв би хангалттай итгэлтэй л байвал эдгэрнэ гэж бодож байлаа.
Есүс Христ өвчтэй, сохор, доголон, уяман өвчтэй хүмүүсийг “[тэдний] итгэлийн дагуу” (Матай 9:29) эдгээж байсан. Тэрээр мөнх бус амьдралынхаа турш маш олон хүнийг эдгээсний нэгэн адил намайг эдгээх хүчтэй гэдгийг би мэдэж байсан юм. Бага итгэлтэй байгаа минь намайг эдгээхгүй байна гэж үзсэн учраас би илүү их хичээж эхлэв. Би физик эмчилгээ хийлгэж байхдаа залбирч, мацаг барин, сургаалаас судалж, бас итгэж байлаа. Гэсэн ч миний өвчин хэвээрээ л байв.
Бид итгэлээр дамжуулан гайхамшиг үйлдэж чадна хэмээн судрууд заадаг ч (Матай 17:20) би энэ өчүүхэн зөвлонгоосоо чөлөөлөгдөж чадахгүй л байлаа. Миний итгэлийн хүч хаана байсан юм бол? Би эцэст нь нөхцөл байдлыг даруухнаар хүлээн авч, ая тухгүй байдлаа даван туулах арга замуудыг олж, хэзээ нэг өдөр итгэл ба эдгээлтийн талаар бүрэн ойлголттой болно гэдгээ ухаарсан юм.
Түүнээс хойш хэдэн жилийн дараа, би нэг найзтайгаа ярилцаж байлаа. Анх жирэмсэн байх үедээ тэрээр маш их хордлого өгч, үүнээсээ болж олон удаа эмнэлэгт очих шаардлагатай болж байж. Эрин дахин хүүхэдтэй болохыг хүсэж байсан ч эхний удаа жирэмсэн болоход түүнд тохиолдсон тавгүй мэдрэмжийг дахин тэсвэрлэхээс айж байв. Тэр мацаг барьж, залбирч байгаагаа, мөн Тэнгэрлэг Эцэг үүнийг хоёр дахь удаагаа түүнээс хүсэхгүй гэдэгт үнэхээр итгэлтэй байгаагаа надад хэлсэн юм.
Биднийг ярилцаж байхад: “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд” (Дуулал 46:10) гэсэн нэг судрын эшлэл санаанд орж ирж билээ. Би зовлон бэрхшээл дунд тэмцэлдэхээ болиход суралцаж буй өөрийн туршлагын талаар бодлоо. Тэгээд Эринд үргэлжлүүлэн итгэлтэй байж, дараагийн удаа жирэмслэхдээ хордлоготой тэмцсэн ч итгэлтэй хэвээр байхыг ятгав.
Би итгэлийн зарчмыг үргэлжлүүлэн судалж байхдаа “хэрэв та нар итгэлтэй аваас та нар үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах болно” (Алма 32:21) хэмээн заасан Алмагийн үгийг олж уншсан юм.
Энэ судрыг тунгаан бодох үед итгэл нь миний бодсон тэр зүйл биш байсныг би олж мэдэв. Алмагийн бидэнд заасан итгэл нь үнэн зарчмууд дахь найдвар байв. Итгэлтэй байна гэдэг нь Тэнгэрлэг Эцэг маань бидний асуусан цагт хүссэн зүйлийг маань үргэлж өгнө гэсэн үг биш юм. Христ миний хүзүүг эдгээх болно, эсвэл Тэр Эриний жирэмслэлтийг хордлогогүй байлгах болно гэдэгт итгэх нь үнэн зарчмуудад итгэлтэй байгаа хэрэг биш билээ. Гэсэн хэдий ч, бид Христ эдгээх хүчтэй, Тэр бидэнд санаа тавьдаг, мөн Тэр биднийг хүчирхэгжүүлэх бөгөөд хэрэв бид үүнийг дажгүй давбал бид мөнх амьдралыг хүлээн авахуйц зохистой болно гэдэгт итгэлтэй байж болно.
“Чи Христийн нэрээр хүлээн авах болно хэмээн найдаж итгэлтэйгээр гуйсан юуг ч болов, чи хүлээн авах болно” (Инос 1:15) хэмээн Их Эзэн амласан. Энэ амлалттай холбоотой хүчийг “Христийн нэрэнд” итгэх зөвлөгөөгөөр олж авдагт би итгэдэг. Библийн толь бичигт залбирлын талаар бидэнд: “Бидний оюун санаа Христийн оюун санаа байж, бидний хүсэл Христийн хүсэл байхад—Түүний үгс бидний дотор байхад бид Христийн нэрээр залбирдаг (Иохан 15:7) гэж заажээ. Дараа нь бид Бурханы өгөх боломжтой зүйлсийг гуйдаг. Христийн нэрэн дээр биш учраас олон залбирал хариулагдахгүй үлддэг. Тэдгээр нь Түүний оюун санааг огт төлөөлдөггүй бөгөөд хүмүүний зүрхний аминч байдлыг илэрхийлдэг.”
Биднийг Бурханы хүслийн дагуу ямар нэгэн зүйлийг итгэлтэйгээр гуйх үед Тэр бидэнд хүслийн маань дагуу зөвшөөрөх болно. Тэнгэрлэг Эцэг биднийг мэддэг, хайрладаг бөгөөд Түүний дэргэд эргэн ирэхэд шаардлагатай бүх зүйлийг хүсдэг билээ. Энэ нь заримдаа зовлон зүдгүүр, гай зовлон, сорилт бэрхшээлтэй байдаг (1 Петр 1:7-г үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг биднийг гуйсан болохоор л сорилт бэрхшээлүүдээс маань шууд чөлөөлчихсөн байсан бол бидний авралд зайлшгүй шаардлагатай тэрхүү туршлагуудаас биднийг холдуулах байсан. Бид Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөнд итгэж, Түүнд өөрсдийнхөө хүслийг захируулж сурах ёстой. Бид өөрсдийн хүслийг Түүний хүсэлтэй нийцүүлэн, Түүнээс бүрэн хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх үед “итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг” (1 Петр 1:9) олж авахуйц зохистой байх болно.