2015
Бид одоо л ариун сүм рүү явах ёстой!
дөрөвдүгээр 2015


Бид одоо л ариун сүм рүү явах ёстой!

Мари Холмэс Эвэн, АНУ, Калифорниа

drawing of elderly woman sitting and talking to another woman

Зураг чимэглэлийг Брэдли Х.Кларк

Нэгэн ням гаргийн өглөө баптисм хүртсэн шинэ гишүүнийг тойргийнхонд танилцуулав. Түүний нэрийг Лидиа гэдэг байв. Тэр шууд л бидний хайрыг татсан юм.

Лидиа нас өндөр болсон бөгөөд чихрийн шижинтэй олон жил тэмцсэний эцэст хараагүй болжээ. Тэр тойргийн гишүүдийг дуу хоолой ба хөлийн чимээгээр нь маш хурдан таньдаг болов. Тэр бидний нэрийг хэлж, бидэнтэй гар барьдаг байсан бөгөөд бид түүнийг сохор гэж боддоггүй байлаа.

Шаардлагатай нэг жилээ хүлээсний эцэст Лидиа ариун сүмийн эрхийн бичиг авахаар бишоптой болон гадасны ерөнхийлөгчтэй уулзав. Нэг ням гаргийн өдөр Халамжийн Нийгэмлэгийн ангид би түүний хажууд сууж байв. Тэр намайг татаад, “гадасны ерөнхийлөгч намайг аль болох хурдан ариун сүм рүү явах хэрэгтэй гэсэн. Чи намайг авч явах уу?” гэв.

Арванхоёрдугаар сарын эхний долоо хоног байсан бөгөөд бид бүгд завгүй байлаа. Би шалтаг гаргахыг хичээн, “нэг сар хүртэл хүлээж болохгүй юу?” гэж хэлэв.

“Үгүй ээ, бид одоо л явах ёстой!”

Тойргоос эгч нарын групп сар бүр ариун сүм рүү явдаг байсан учраас би Лидиатай хамт аялал хийхийг тэднээс гуйв. Тэд ч бас завгүй байлаа. Гэвч Лидиа нүдэндээ нулимстайгаар, гадасны ерөнхийлөгч намайг аль болох хурдан яваарай гэж хэлсэн гэж бидэнд дахин хэлэв.

Тэгэхэд бид бүгдээрээ 241 км-ийн аяллыг дараагийн долоо хоногт хийхээр зөвшөөрсөн юм. Найман эгч бүхээгт машиндаа нөхөрлөн, хөгжилдсөөр замдаа гарав. Лидиа ариун сүмд очиж, хувийн хишгээ хүлээн авснаар ирсэн адислалдаа хөл нь газар хүрэхгүй баяртай байсан билээ.

Нэгдүгээр сарын эхний долоо хоногт Лидиагийн биеийн байдал муудаж, эмнэлэгт яаралтай хэвтэв. Долоо хоногийн дараа тэр нас барсан. Лидиа хэдхэн долоо хоногийн өмнө ариун сүмд хүлээн авсан мөнхийн адислалуудтайгаа хамт явсан юм.

Дараа нь би гадасны ерөнхийлөгчид аяллын талаарх түүхийг дурдаж, Лидиад ариун сүм рүү даруйхан явах ёстой гэж хэлэх сүнслэг өдөөлт мэдэрсэнд нь хэчнээн их талархалтай байгаагаа түүнд хэлж билээ.

“Би түүнийг яг одоо яв гэсэн утгаар хэлээгүй” хэмээн тэр хариулав. “Би шинээр ариун сүмийн эрхийн бичгээ авч байгаа хүн бүрд удахгүй ариун сүм рүү яваарай гэж хэлдэг. Би биш, харин Сүнс Лидиад хэлсэн байна!” хэмээн тэр хариулсан юм.

Лидиа бид бүгдэд Сүнсийг сонсохыг, мөн үүний дагуу даруй үйлдэх хэрэгтэйг заасан. Намуухан, зөөлөн дуу хоолойг сонсохыг сануулсан түүнд би талархалтай байдаг.