2015
Сул дорой байдал нь нүгэл биш
дөрөвдүгээр 2015


Сул дорой байдал нь нүгэл биш

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Хязгаарлагдмал болон хангалтгүй байдал нь нүгэл биш бөгөөд биднийг цэвэр байж, Сүнсийг хүлээж авахуйц зохистой байхад саад болдоггүй.

Би үнэхээр Бурханы өргөөнд орохуйц зохистой байна уу? Хэрэв би төгс биш бол яаж үүнд зохистой байж чадах вэ?

“Бурхан үнэхээр миний сул дорой байдлыг хүчтэй тал болгож чадах уу? Би энэ асуудлыг өөрөөсөө авч хаяхын тулд олон удаа мацаг барьж, залбирсан ч юу ч өөрчлөгдөхгүй юм шиг санагдаж байв.”

“Би номлолын талбарт байхдаа хэзээ хэзээнээс илүү сайн мэдээний дагуу илүү тогтвортой амьдардаг байсан ч дутагдлуудынхаа талаар огт мэддэггүй байв. Би яагаад, мөн хэзээ ийм сайн байсан юм бол, бас яагаад надад заримдаа муу мэдрэмж төрдөг юм бол?”

Энэ асуултыг тунгаан бодох үед нүгэл нь биднийг өөрийн эрхгүй Бурханаас холдуулдаг бол сул дорой байдал нь эсрэгээрээ биднийг Түүн рүү удирдаж чадна.

composite of 2 photo's of different landscapes

Гэрэл зургийг iStock/Thinkstock

Нүгэл ба сул дорой байдлыг ялган таних нь

Бид ихэнхдээ нүгэл ба сул дорой байдал нь хүн бүрд өөр өөр бөгөөд гэм нүглийн аюул ч бас өөр өөр гэж боддог. Гэвч судрууд нүгэл ба сул дорой байдал нь анхнаасаа өөр байдаг бөгөөд өөр өөр эмчилгээ шаардаж, өөр өөр үр дүн бий болгох боломжтой гэж хэлдэг.

Бидний ихэнх нь нүглийн талаар мэддэг ч, үүнийг дахин нэг авч үзэцгээе. Нүгэл бол Бурханы зарлигуудад дуулгаваргүй байх, эсвэл өөрсдийнхөө дотор байгаа Христийн гэрлийг үгүйсгэх сонголт юм. Нүгэл нь өөрсдийгөө Эцэгийн эсрэг дайсан болгож, Сатанд Бурханаас илүү найдах сонголт юм. Биднээс ялгаатай нь Есүс Христ ямар ч гэм нүгэлгүй байсан бөгөөд бидний гэм нүглийн төлөө Цагаатгал хийж чадах байв. Бид чин сэтгэлээсээ наманчлах үед оюун бодол, зүрх сэтгэл болон зан чанараа өөрчлөн; зохих ёсоор уучлал гуйж, эсвэл гэм буруугаа хүлээн; боломжтой бол нөхөн төлж; ирээдүйд тэр нүглээ давтахгүй байснаар Есүс Христийн Цагаатгалыг хүлээн авч, Бурханаар өршөөгдөн, дахин цэвэр ариун болж чадна.

Цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурханы оршихуйд оршиж чадахгүй учир цэвэр болох нь нэн шаардлагатай юм. Гэвч хэрэв бидний туйлын зорилго нь Бурханы оршихуйг орхихдоо гэм зэмгүй байсан шиг тийм гэнэн байсан бол бид амьдралынхаа үлдсэн хугацаанд хүүхдийн орон дээрээ тухтай гэгч хэвтэж байх нь бидэнд илүү сайн байх байсан биз ээ. Үүний оронд бид муугаас сайныг ялган таньж, мэргэн ухааныг болон чадваруудаа хөгжүүлэн, өөрсдийнхөө эрхэмлэн үздэг зүйлсийн дагуу амьдарч, бурханлаг шинж чанаруудыг буюу бид аюулгүй өлгийн дотор байхдаа хэзээ ч өөрсдөө олж авч чадахгүй байсан тэр өсөлт хөгжлийг өөрсдийн туршлагаас суралцахаар дэлхийд ирсэн юм.

Хүн төрөлхтний сул дорой байдал нь мөнх бус амьдралын энэ чухал зорилгуудад чухал үүрэг гүйцэтгэдэг. Моронай өөрийнх нь бичгийн сул дорой байдал Харийнханд ариун нандин зүйлүүдээр тохуурхахад хүргэх вий хэмээн санаа зовох үед Их Эзэн эдгээр үгээр түүнийг тайвшруулсан юм:

“Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27; мөн 1 Коринт 15:42–44; 2 Коринт 12:7–10; 2 Нифай 3:21; болон Иаков 4:7-г үзнэ үү).

Бидний мэдэх энэ судрын далд утга нь гүн гүнзгий бөгөөд биднийг сул дорой байдлаас (энд тодорхойлсноор Бурханаас бидэнд “өгөгддөг”) нүглийг (Сатаны дэмждэг) ялган танихад урьсан байдаг.

Сул дорой байдлыг бид мөнх бус дэлхийд бидэнтэй хамт ирдэг мэргэн ухаан, хүч чадал, ариун байдлын хязгаарлагдмал байдал гэж тодорхойлж болох юм. Эгэл хүмүүсийн хувьд бид бие махбодын олон төрлийн өө сэвтэй, өртөмтгий, бусдаас хамааралтай төрдөг. Бид сул дорой эгэл хүмүүсээр өсгүүлж, тэдний дунд байдаг бөгөөд тэдний сургаал, үлгэр жишээ бидэнд хандаж буй хандлага нь буруу байж, заримдаа биднийг сүйтгэдэг. Бид сул дорой, эгэл чанартаа бие махбодын болон сэтгэл санааны өвчинд өртөж, өлсөж, ядардаг. Бид уур бухимдал, гашуудал, айдас зэрэг хүмүүст байдаг сэтгэлийн хөдөлгөөнүүдтэй нүүр тулгардаг. Бидэнд мэргэн ухаан, ур чадвар, тэсвэр тэвчээр болон хүч чадал дутагддаг. Бид олон арга замаар уруу таталтуудад өртдөг.

Хэдийгээр Есүс нүгэлгүй байсан ч Тэрээр мөнх бус сул дорой байдалд бидэнтэй бүрэн нэгдсэн юм (2 Коринт 13:4). Тэрээр мөнх бус биеэр бусдын тусламжийг хүсэн, нярай хүүхэд болон мэндэлж, төгс бус хүмүүсээр өсгүүлсэн билээ. Тэр хэрхэн алхаж, ярьж, ажиллахыг, бас бусадтай сайн харьцаатай байхыг сурах ёстой байв. Тэр өлсөж, ядарч, бусдын адил сэтгэл хөдлөлийг мэдэрч, өвдөж, зовж шаналан, цусаа урсган, нас барсан юм. Тэр гэм нүгэлгүй байсан ч Тэрээр бидний сул дорой мэдрэмжүүдийг Өөр дээрээ мэдэрч, бидний сул дорой байдлуудад биднийг дэмжиж болохын тул Тэрээр бидний нэгэн адилаар бүхий л төрлийн уруу таталтуудад автагдсан юм” (Еврей 4:15; мөн Алма 7:11–12-ыг үзнэ үү).

Бид сул дорой байдлаа зүгээр наманчилж чадахгүй бөгөөд сул дорой байдал ч биднийг бохирлож чадахгүй. Бид нүглээс татгалзахгүй л бол сүнслэгээр өсөж чадахгүй, мөн бид хүн төрөлхтний сул дорой байдлыг хүлээн авахгүй л бол бас сүнслэгээр өсөж хөгжин, Бурханд итгэх сул дорой байдлаараа дамжуулан суралцдаггүй. Моронайг бичгийн сул дорой байдалдаа санаа зовох үед Бурхан түүнд наманчил гэж хэлээгүй. Оронд нь Их Эзэн түүнд даруу байж, Христэд итгэлтэй байхыг заасан юм. Биднийг даруу, итгэлтэй байх үед Бурхан өршөөлийг бус, ач ивээлийг сул дорой байдлаа даван туулах арга зам болгон өгдөг. Библийн толь бичигт нигүүлсэл бол өөрсдийнхөө хүчээр (Библийн толь бичиг, “Нигүүлсэл”—ийг үзнэ үү) хийж чадахгүй зүйлүүдээ Бурханы боломжтой болгогч хүчээр—“сул дорой зүйлүүдийг хүчтэй болгож” чадах Түүний бурханлаг тусламжаар хийх явдал юм гэж тодорхойлсон байдаг.

Даруу байдал ба итгэлийг хөгжүүлэх нь

Сүм байгуулагдсан үеэс эхлэн бид наманчлалын чухал элементүүдийг заалгаж байгаа ч даруу байдал ба итгэлээ хэрхэн өсгөн нэмэгдүүлдэг вэ? Дараах зүйлсийг хийх талаар бодож үз:

  • Тунгаан бодож, залбир. Бид сул дорой учраас нүгэл (оюун бодол, зүрх сэтгэл болон зан чанараа даруйхан, гүн гүнзгий өөрчлөх дуудлага) эсвэл сул дорой (даруу, тогтвортой хүчин чармайлт, суралцах болон өсөж сайжрах дуудлага) байдалтай тэмцэж байгаа эсэхээ ялгахгүй байж болох юм. Эдгээрийг хэрхэн харж байгаагаас бидний өсөлт болон бие даах байдлын маань түвшин тодорхойлогдох болно. Нэг зан чанарт нүгэл ба сул дорой байдлуудын шинжүүд аль аль нь байж болно. Нүгэл бол үнэхээр сул дорой байдал гэж хэлэх нь наманчлахын оронд зөвтгөж буй хэрэг болдог. Сул дорой байдал нь нүгэл гэж хэлэх нь ичгүүр, буруутгал, цөхрөлийн болон Бурханы амлалтуудад бууж өгөх үндэс болж болно. Тунгаан бодож, мөн залбирах нь эдгээрийг ялган танихад бидэнд тусалдаг.

  • Чухал зүйлээ тодорхойл. Бид сул дорой учраас нэг удаад хэрэгтэй бүх өөрчлөлтийг хийж чадахгүй. Бид даруухан, мөн итгэлтэй байж, хүмүүний сул талуудаа даван туулахаар багаар багаар хичээх үед мунхаг зан чанараа мөн бага багаар багасгаж, эдгээр хэв маягийг сайн хэвшил болгож, биеийн болон сэтгэл санааны эрүүл мэнд, тамир тэнхээгээ сайжруулж, Их Эзэнд итгэх итгэлээ өсөн нэмэгдүүлж чадна. Бурхан бидэнд хаанаас эхлэхээ мэдэхэд тусалж чадна.

  • Төлөвлөгөө гарга. Бид сул дорой учраас хүчтэй болох нь зөв шударга хүсэлтэй болон хувийн сахилга баттай байхаас илүү олон зүйлийг шаардах болно. Бид бас төлөвлөж, алдаануудаасаа суралцан, илүү үр дүнтэй төлөвлөгөөнүүд боловсруулж, төлөвлөгөөгөө засварлах, мөн дахин хийх хэрэгтэй. Бидэнд судар, холбогдох номнуудын болон бусад хүний тусламж хэрэгтэй. Бид жижиг зүйлээс эхэлж, гаргаж буй өсөлтдөө баярлаж, эрсдлүүдийг хүлээн авдаг (хэдийгээр тэдгээр нь биднийг эмзэглүүлж, сул дорой болгодог ч). Бид ядарч эсвэл сэтгэлээр унаж, мөн хальтрах үедээ зам дээрээ эргэн очихоор төлөвлөж байхад ч гэсэн сайн сонголтууд хийхэд бидэнд тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг.

  • Тэвчээрийг хөгжүүл. Бид сул дорой учраас өөрчлөлт нь цаг хугацаа шаардаж болох юм. Бид зөвхөн нүгэлд бууж өгдөг арга замаараа сул дорой байдлуудад бууж өгдөггүй. Даруухан шавь нар шаардлагатай зүйлсийг өөрсдийн хүслээр хийж, уян хатан суралцаж, үргэлжлүүлэн хичээж, бууж өгдөггүй. Даруу байдал нь өөрсдөдөө болон бидэн шиг сул дорой бусад хүнд тэвчээртэй байхад тусалдаг. Тэвчээр нь бидний Их Эзэнд итгэх итгэл, бидэнд итгэж буй Түүний итгэлд талархах талархлын, мөн Түүний амлалтуудад итгэх бидний итгэлийн илрэл билээ.

Бид гэм нүглүүдээ чин сэтгэлээсээ наманчилж, өршөөгдөн, дахин цэвэр болсон ч сул дорой хэвээр үлддэг. Бид өвчин, сэтгэлийн хөдөлгөөн, мунхаглал, өртөмтгий байдал, тахал болон уруу таталтуудад харьяалагддаг хэвээр үлдэх болно. Хязгаарлагдмал болон хангалтгүй байдал нь нүгэл биш бөгөөд биднийг цэвэр байж, Сүнсийг хүлээж авахуйц зохистой байхад саад болдоггүй.

Сул дорой байдлаас хүчирхэгжих нь

composite of young man in sillouette and landscape

Гэрэл зургийг iStock/Thinkstock

Сатан бидний сул дорой байдлыг биднээр нүгэл үйлдүүлж, уруу татахын тулд ашиглах хүсэлтэй байдаг бол Бурхан бидний сул дорой байдлыг бидэнд зааж, биднийг хүчирхэгжүүлж бас адислахын тулд ашигладаг. Бидний найдаж байгаагийн эсрэгээр нь, Бурхан үргэлж бидний сул дорой байдлыг багасгаснаар “сул дорой зүйлүүдийг хүчирхэг” болгодоггүй. Төлөөлөгч Паул Сатан түүнийг зовоож “махан биед нь өгөгдсөн өргөсийг” салган авахыг Бурханаас олон удаа залбиран гуйжээ. Бурхан Паулд хандан “Миний нигүүлсэл чамд хангалттай: Учир нь мөхөс байдал дотор миний хүч бүрэн төгс болно” (2 Коринт 12:7, 9) гэжээ.

Их Эзэнд “сул дорой зүйлүүдийг хүчирхэг” болгодог олон арга зам байдаг. Тэрээр бидний найдаж байгаачлан, эрс өөрчлөх замаар бидний сул дорой байдлыг багасгаж болох ч миний хувийн туршлагаар бол энэ нь маш ховор тохиолддог. Жишээ нь, Ифер 12-р бүлэг дээрх хүн бүрийн мэддэг шүлгийн дараа Бурхан Моронайн сул дорой байдлыг багасгасан ямар нэгэн нотолгоог бид олж хардаггүй. Бурхан биднийг сул дорой байдалтайгаа ажиллахад, тэдний талаар зохих мэдрэмж эсвэл ойлголтуудыг олж аван, мөн цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээр сул дорой байдал дээрээ өсөж хөгжихөд тусалснаар сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгож болох юм. Түүнчлэн, хүчтэй болон сул талууд нь ихэнхдээ холбоотой байдаг (шаргуу хичээнгүй байдал нь хүчтэй тал ба гөжүүд байдал нь сул тал) бөгөөд бид хүчтэй талаа үнэлж, үүнтэй хамт явдаг сул талаа багасгаж сурах хэрэгтэй.

Бурхан бидэнд сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгож өгдөг өөр нэгэн хүчирхэг арга зам байдаг. Их Эзэн Моронайд хандан Ифер 12:37-р шүлэгт “Чи өөрийн сул доройг харсны учир чи, миний Эцэгийн эзэмшилд миний бэлтгэсэн байранд суух хүртэл хүчирхэг болгогдох болно” хэмээн хэлсэн байдаг.

Энд Бурхан Моронайн сул талыг өөрчлөхийг бус, харин Моронайг өөрчлөхийг хүссэн тухай гарч байна. Хүмүүний сул тал болох сорилтыг даван туулснаар, Моронай болон бид энэрэл, нигүүлсэл, даруу байдал, тэвчээр, зориг, удаан тэсвэрлэх, мэргэн ухаан, тэсвэр хатуужил, уучлал, уян хатан байдал, талархал, бүтээлч байдал болон биднийг Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болгодог бусад олон эрхэмлэх чанараас суралцаж чадна. Эдгээр нь бидний дэлхий дээр хөгжүүлэхээр ирсэн зан чанарууд бөгөөд дээр орших харшид биднийг бэлтгэдэг Христийнхтэй адил зан чанарууд юм.

Түүний чадвараар дамжуулан бидний сул талтайгаа тэмцэж буй тэмцэл нь Түүнтэй илүү адил болгодог хэмжээлшгүй бурханлаг ариун журам хийгээд хүчтэй талууд болон хувирахаас илүү Бурханы хайр, мэргэн ухаан болон гэтэлгэлийн хүч хаана ч байхгүй нь тодорхой юм.