Итгэлтэй урагшил
2014 оны 2-р сарын 4-нд Бригам Янгийн Их сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “Гэсэн хэдий ч би урагш явсан” хэмээх үгээс. Англи хэл дээрх бүрэн эхийг үзэх бол speeches.byu.edu хаягаар орж үзнэ үү.
Нифайн гаргасан дөрвөн сүнслэг шийдвэр та нарын айдсыг багасгаж, урагшлах итгэлийг тань нэмэгдүүлэх болно.
Залуучууд та нар одоо “Шийдвэр гаргах эрин” хэмээн нэрлэгддэг тийм нийгэмд амьдарч байна. Та нар “ариун сүм явах, номлолд үйлчлэх, боловсролтой болох, мэргэжлээ сонгох, ханиа сонгох, энэ амьдрал болон үүрд мөнхөд ариун сүмд холбогдох гэх мэт” амьдралынхаа хамгийн чухал олон сонголтыг хийж байна.1
Би эдгээр чухал шийдвэрийн аль нэгтэй, эсвэл түүнээс ч олон шийдвэр гаргахаар тэмцэж буй хүмүүст хандан яримаар байна. Зарим нь буруу шийдвэр гаргасан айдсаасаа болж, эсвэл өмнө нь гаргасан шийдвэртээ итгэлтэй үлдэхэд нэмэлт хүч хэрэгтэй байгаагаасаа болж ямар ч сонголт хийж чадахгүй байж болох юм.
Нифайн гаргасан дөрвөн сүнслэг шийдвэрийг хэрэгжүүлбэл энэ нь та нарын айдсыг багасгаж, урагшлах итгэлийг тань нэмэгдүүлэх болно.
1. Зарлигуудыг дуулгавартай дага
Нифайн ариун цэдгийн хамгийн сүүлийн шүлэг нь түүний амьдралыг товчоор илэрхийлдэг: “Учир нь Их Эзэн надад тийн зарлигласан, мөн би дагах ёстой” (2 Нифай 33:15).
Нифайн итгэл ба Аврагчийг хайрлах хайр нь түүний Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар харагддаг. Тэр залбирдаг байв (1 Нифай 2:16-г үзнэ үү). Тэр судруудыг уншдаг байсан (1 Нифай 22:1-ийг үзнэ үү). Тэр амьд бошиглогчийн удирдамжийг эрэлхийлж, дагасан юм. (1 Нифай 16:23–24-ийг үзнэ үү). Энэ дуулгавартай байдал нь Ариун Сүнс Нифайг амьдралынх нь турш хүчирхгээр дагаж, хувийн илчлэлтүүд авах боломжийг олгосон.
Та нар бас Бурханы зарлигуудыг дагаснаар Их Эзэнтэй ойр байх ёстой. Судар унших, өдөр бүр залбирах, Сүмийн цуглаануудад оролцох, амьд бошиглогчдын зөвлөгөөнд анхаарал хандуулах, мөн бусдад үйлчлэх гэх мэт жижиг зүйлүүдэд тууштай, дуулгавартай байснаар энэ нь та нарыг Ариун Сүнсийг болон үүнээс ирдэг энэ илчлэлтүүдийг хүлээн авахуйц зохистой болгох болно гэдгийг би гэрчилж байна.
Төгс байдал нь хувийн илчлэлт авах урьдчилсан нөхцөл биш юм. Өдөр бүр наманчлах нь урьдчилсан нөхцөл болдог (Ром 3:23-ыг үзнэ үү). Хэрэв та нарын наманчлал чин сэтгэлийнх бөгөөд жинхнээсээ байвал (С ба Г 58:42–43-ыг үзнэ үү) Цагаатгалын цэвэршүүлэгч хүч нь амьдралын хүнд шийдвэрүүд гаргахад та нарыг удирдах тэрхүү Сүнсийг авчрах болно.
2. Итгэлтэй урагшил
Өөрийгөө Нифайн оронд байгаагаар төсөөл. Аав чинь Их Эзэн эд хөрөнгөө орхиж, аглаг буйд руу явахыг гэр бүлд чинь зарлигласан хэмээн чамд хэлэв. Чи аяллынхаа талаар болон хүрэх газраа мэдмээргүй байна гэж үү?
Хэрэв Их Эзэн түүний ирээдүйг тодорхой илчилсэн бол Нифай маш их догдлох байсан гэж би бодож байна. Гэвч энэ нь Бурханы Нифайтай ажилласан арга зам байсангүй. Бас Тэр та нартай ийм арга замаар ажиллахгүй.
Нифайн гэр бүлийг аглаг буйдад аялах үед зааврууд түүнд зөвхөн “цагаас цагт” (1 Нифай 16:29; 18:1) ирж байв. Амьдралынхаа аяллыг эхлээд тодорхой мэдэх нь Христтэй илүү адил болоход түүнд тусалж, түүнийг хүчирхэгжүүлж, итгэлийг нь бий болгосон тэрхүү туршлагуудыг түүнд олгохгүй байх байсан.
Хэрэв та нар ямар мэргэжлээр сурах, хэнтэй гэрлэх, ямар ажил хийх, хаана амьдрах, сургуулиа хаана төгсөхийг болон хэдэн хүүхэдтэй болохыг тань Бурхан илчилнэ гэж хүлээж байгаа бол та нар бараг хэзээ ч тохилог сууцаа орхихгүй. Хувийн илчлэлт зөвхөн “цагаас цагт” ирэх болно гэдгийг би гэрчилж байна.
Тэнгэрлэг Эцэг маань биднээс өсөж хөгжихийг хүсдэг бөгөөд энэ нь нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн, шийдвэр гаргахыг хэлдэг. Гэвч Тэр бас биднийг залбирч, шийдвэрүүдээ гаргахад урьдаг (С ба Г 9:7–9-ийг үзнэ үү). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт залбирлын хариултууд нь “гурван арга замын нэгээр нь” ирдэг гэж заажээ.2
Баттай нотолгоо
Ахлагч Скотт хэлэхдээ, “Нэгдүгээрт, таны шийдвэр зөв гэдгийг баталсан амар амгалан, тайтгарал болон баталгааг та мэдэрч болно”3 гэжээ. Миний эхнэр, Кристи бид хоёр амьдралд нөлөөлөх чухал шийдвэрүүдэд зориулсан баталгаа нь ариун сүмд залбирсны дараа судруудаар дамжин ирж болдгийг олж мэдсэн юм.
Жишээ нь, бид маш их тунгаан бодож, залбирсны дараа Техас дахь мөрөөдлийн шинэ байшингаа орхиж, өөр ажлын санал хүлээн аваад, зургаан хүүхэдтэйгээ Хятадын Бээжин рүү нүүхээр шийдэв . Гэвч бид нүүх ийм чухал шийдвэртээ сүнслэг баталгаа хүссэн юм. Биднийг ариун сүмд Сургаал ба Гэрээн дээрх эдгээр үгийг унших үед дараах тэнгэрлэг баталгаа ирсэн билээ: “… Энэ газарт олон өдрөөр бүү үлд; … өмч хөрөнгөнийхөө талаар бүү бод … энэ нь миний таалал юм.” Дорнод нутгууд уруу явагтун” (С ба Г 66:5–7).
Ариун Сүнсний хүчирхэг мэдрэмжүүдийн хамт судрууд дээрх Есүс Христийн дуу хоолой нь бидний Хятад руу явах шийдвэр зөв байсныг батлав.
Тогтворгүй мэдрэмж
Тэнгэрлэг Эцгийн залбирлуудад хариулдаг хоёр дахь арга зам нь “чиний сонголт буруу гэдгийг илтгэх тогтворгүй мэдрэмж, дүйнгэ бодол санаагаар дамжин ирж болно.”4
Би Тайваньд номлолд үйлчилснийхээ дараа олон улсын хуулиар сурвал ажил олоход сайн сонголт болох байх гэж бодож байв. Кристи, бид хоёр ирээдүйнхээ талаар бодож байхдаа ирэх таван жил гаруйн хугацаанд өндөр төлбөртэй боловсрол эзэмших болно гэдгээ ойлгосон юм.
Нэгдсэн Улсын эдийн засаг гүн хямралд орсон байсан бөгөөд бидний санхүүгийн байдал сайнгүй байв. Тиймээс бид Агаарын Хүчний НОБК (Нөөцийн офицер бэлтгэх коллеж)-д орох нь сургуулийнхаа төлбөрийг төлөх ухаалаг сонголт гэж үзэж байлаа. Гэвч намайг шаардлагатай шалгалтуудыг өгч, бичиг баримтуудаа бүрдүүлж байх үед бид тэр шийдвэрийнхээ талаар амар амгаланг мэдэрч чадахгүй байв. Дүйнгэ бодол болон харанхуй мэдрэмжүүд төрөөгүй ч амар амгалан мэдрэгдээгүй юм.
Зарим талаараа би аймшигтай хуульч болж болох байсан учраас огт авцалдаагүй санхүүгийн шийдвэр сүнслэгээр ирсэн байх гэж санагддаг.
Тэнгэрлэг итгэл
Бурханы бидний залбиралд хариулдаг гурав дахь арга зам нь: хариулт ирэхгүй байх явдал юм. “Та нар зохистой амьдарч, сонголт тань Аврагчийн сургаалуудтай нийцэж байвал үүнийг хийх хэрэгтэй бөгөөд итгэлтэй урагшил”5 гэж ахлагч Скотт заасан.
Гуулин ялтсуудыг олж авах Нифайн сүүлчийн оролдлого нь биднийг тэнгэрлэг итгэлээр хэрхэн урагшилж болохыг харуулдаг. Тэрээр бичихдээ:
“Мөн би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир бибээр Сүнсэнд хөтлөгдөн байлаа.
“Гэсэн хэдий ч би урагшлан явсан” (1 Нифай 4:6–7).
Та нар дахин нэгээхэн ч удаа хойшлуулж болохгүй, үйлдэх ёстой үед олон шийдвэр гаргах мөчүүд ирэх болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс “Бид хийх зүйлдээ удирдамж хүсэн, сүүдэрт залбирч сууснаас илүүтэй гадаа гарч, үйлдэл хийх юм бол, мөн бид чадах бүхнээ хийсэн үед Сүнсний өдөөлтүүдийг олж авах болно”6 хэмээн заасан юм.
Нифайн адил, Сүнс та нарын сонгосон замыг баталж, эсвэл сэрэмжлүүлэх болно.
3. Одоо цагтаа амьдар
Амлагдсан нутаг руу аялах Нифайн амлалт нь ах Лемен, Лемүел нарынх нь эсрэг байв. Тэд явах шийдвэр гаргасан ч зүрх сэтгэл нь хэзээ ч Иерусалимыг орхиогүй юм. Ах нар нь майханд амарч байгаа мэт байхад, Нифай хоолоо олохын тулд эвдэрсэн нумаа засаж, завь барихын тулд хүдэр олборлож байв.
Өнөө үед дэлхий дээр олон Лемен, Лемеүл байна. Гэвч Их Эзэнд Нифай шиг бүхнээ зориулсан эрэгтэй, эмэгтэйчүүд хэрэгтэй байна. Та нар ирээдүйнхээ төлөвлөгөөг гаргасан хэдий ч одоогийнхоо нөхцөл байдлуудад гаргасан шийдвэрүүддээ өөрсдийгөө бүрэн зориулж, тэдгээрийг даван туулахаар хичээх үед агуу ихээр өсөж хөгжих болно.
Нифайн үлгэр жишээ ерөнхийлөгч Томас С.Монсоны ухаалаг зөвлөгөөг харуулсан юм. “Өнгөрснөө санагалзаж, ирээдүйдээ тэмүүлэх нь тайвшрал өгч болох ч одоогийн амьдралыг урагшлуулахгүй. Энэ нь бидэнд боломж олгож буй өдөр юм. Тиймээс бид үүнийг шүүрч авах ёстой.”7
4. Бусдын хүч чадалд найд
Бид Сүнсийг эрэлхийлэн, шийдвэртэй урагшилж, үүндээ бүхнээ зориулсан ч эргэлзэж болох бөгөөд биднийг шийдвэртээ эргэлзэхэд ч хүргэж болох юм. Ийм үед итгэл хүлээсэн гэр бүлийн гишүүн эсвэл найзууд маань биднийг зам дээрээ үлдэх зөвлөгөө, хүч чадлаар хангаж чадна. Нифайг аялах үед эхнэр нь түүний итгэлийг хүлээсэн хүн байсныг би сануулмаар байна.
Намайг Сүмийн түүхийн музейд айлчилж байх үеэр Нифайн эхнэрт талархах сэтгэл надад төрж билээ. Хөлөг онгоцны шурагтай хүлэгдэж, хүчит шуурганд арьс нь норсон Нифайн зургийг хараад би биширсэн.8
Нифайн хажууд түүний эхнэр болон хүүхдүүдийнх нь нэг байв. Эхнэр нь Нифайн адил тэр шуурга, сорилтуудыг даван туулж байсан ч үл тоон, хүчит гараараа түүний мөрийг хамгаалан тэвэрч байв. Тэр мөчид би ч бас сорилт бэрхшээлтэй үед хүч чадал өгдөг үнэнч эхнэрээр адислагдсанаа ухаарч билээ. Би бас эхнэрийнхээ хувьд үүнтэй адилхан хүч болдог гэдэгтээ найдаж байлаа.
Ах нар аа, номлогч байхдаа юм уу өөр зөв шударга үйлчлэлээр дамжуулан олж авсан (эсвэл олж авах) сүнслэг хүч чадлаа хадгалан, хөгжүүлэх нь сайн нөхөр, аав болоход тань туслах хамгийн сайн хөрөнгө оруулалт юм. Эгч нар аа, сүнслэг мэдрэмж, итгэл, Есүс Христийг дагах зориг нь эхнэр болон эх хүний танд байх хамгийн сайн зан чанарууд юм.
Би та бүхнийг одоо эсвэл ирээдүйд ухаалаг зөвлөгөө болон хүч чадалд тань найдаж болох тийм эхнэрүүд эсвэл нөхрүүд болоход урьж байна. Ариун сүмд энэ амьдралд болон үүрд мөнхөд холбогдсон ариун журамт эрэгтэй ба зөв зохистой эмэгтэй нь адил тэгш үүрэг хариуцлагатайгаар хүнд хэцүү зүйлүүдийг хийж чадна.
Хэрэв та нар шийдвэр гаргах талаар Нифайгаас болон өнөө үеийн бошиглогчдоос сурсан зүйлүүдээ хэрэгжүүлэх юм бол та нар “цагаас цагт” хувийн илчлэлтүүдээр удирдагдах болно гэдгийг би амлаж байна. Та нар олон шийдвэрээрээ дамжуулан өсөж хөгжих үед Нифайн адил ийн хэлэх итгэлтэй байх болтугай:
“Мөн би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир бибээр Сүнсэнд хөтлөгдөн байлаа.
“Гэсэн хэдий ч би урагшлан явав” (1 Нифай 4:6–7).