Бидний гэр орон, гэр бүл
Гэр бүлийн үдэш—Та нар үүнийг хийж чадна!
Танай гэр бүл ямар байгаагаас үл хамааран гэр бүлийн үдэш нь та нарыг адисалж, хүчирхэгжүүлж чадна.
Ажлын урт өдрийн дараа аав нь гэртээ ядарч ирээд, гэрийнхэн нь бас түүнтэй адил цухалдуу мэдрэмжтэй байгааг олж мэдэв. Өнөөдөр даваа гаргийн үдэш бөгөөд гэр бүлийн үдэш хийх боломжгүй санагдаж байлаа. Тусламж хүсэн залбирсны дараа эцэг эх нь үүнийг тун энгийн хийхээр шийдэв. Тэд гэр бүлийнхнээ бүгдийг дуудаж, Сүмийн дуулал дуулж, хамтдаа залбирав. Эцэг эх нь саяхан сүнслэгээр нөлөөлсөн ямар нэгэн зүйлээ тэдэнд хэлэх үедээ хүн бүрд асаах жижиг лаанууд өгчээ. Харанхуй өрөөнд лаануудын гэрэл нь сүнслэг удирдамжийг төлөөлж, хүүхдүүдийн анхаарлыг татав. Тэднийг гэрчлэлүүдээ хуваалцах үед гэрт амар амгалангийн болон хайрын гайхалтай мэдрэмж мэдрэгдэж байв. Тэд гэр бүлийн үдшээ хийсэндээ талархаж, тэр оройг өндөрлөсөн юм.
Гэр бүлийн үдэш 100 жилийн турш Сүмийн нэгэн хөтөлбөр болж хэрэгжиж байгааг та нар мэдэх үү? 1915 оны 4-р сард Тэргүүн Зөвлөл гишүүдийг долоо хоног бүрийн нэг оройг гэр бүлийн залбирал, хөгжим, сайн мэдээнээс суралцах, мөн түүх, үйл ажиллагаа зэрэгт зориулах удирдамж өгчээ. (Тэргүүн Зөвлөлийн захиас бичгээс хэсэгчлэн авсан хэсгийг 80-р хуудсаас үзнэ үү.) Бошиглогчид гэр бүлийн үдшийн чухал ач холбогдлын талаар бидэнд анхааруулсаар байна. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид тэнгэрээс сүнслэг удирдамжаар ирсэн энэ хөтөлбөрийг үл тоомсорлож болохгүй” гэжээ. “Энэ нь хаа сайгүй байгаа тэрхүү уруу таталтуудыг сөрөн зогсоход гэр бүлийн гишүүдэд туслан, сүнслэг өсөлтийг хүн бүрд авчирч чадна.”1
Та нар гэр бүлийн үдшийг долоо хоногийнхоо нэг хэсэг болгосноор санаж байх ёстой зарим хандлага байдаг.
Энэ нь надад ч хэрэгждэг. “Гэр бүлийн үдэш нь хүн бүрд зориулагдсан зүйл юм”. Бид бүгд—гэрлэсэн, гэрлээгүй, хүүхдүүдтэй эсвэл хүүхэдгүй байлаа ч гэр бүлээ хүчирхэгжүүлж, сайн мэдээнээс суралцахад цаг заваа зориулж чадна гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрри хэлсэн.2
Би цаг гаргаж чадна. Сүм даваа гаргийн орой ямар ч үйл ажиллагаа хийхгүй байснаар үлгэр жишээ үзүүлдэг. Та нар хамгийн чухал зүйлийнхээ төлөө цаг гаргах хүсэлтэй байгаагаа Их Эзэнд болон гэр бүлийнхэндээ харуулж чадна.
Би гэр бүлдээ тохирох арга замыг олж чадна. Хэрэв гэр бүлийнхэн чинь өөр өөр газар байгаа бол гэр бүлийн гишүүдтэйгээ онлайнаар эсвэл утсаар ярьж, “гэр бүлийн онлайн үдэш” ч хийж болно. Хэн нэгэн нь орой болтол ажиллах шаардлагатай байдаг уу? Завсарлагаанаар нь ажлын байрных нь ойролцоо очиж, “гэр бүлийн цэцэрлэгт үдэш” хий. Салсан нэгэн эцэг хол амьдардаг хүүхдүүддээ захидал бичин, даваа гараг бүр “гэр бүлийн захидалтай үдэш” хийдэг байв.3 Илүү агуу зүйлийг бүтээхэд саад бэрхшээлүүдийг хурдасгуур болгон ашигла.
Би энэ долоо хоногт эхэлж чадна. Гэр бүлийн үдшийг гэрийнхээ хэрэгцээ, нөхцөл байдлын дагуу зохион байгуулж болно. Зарим нийтлэг санал гэвэл:
-
Залбирлаар эхэлж, залбирлаар төгсгө.
-
Сүмийн дуулал болон хүүхдийн дуунууд зэрэг дуу хөгжим ашигла.
-
Судруудаас болон амьд бошиглогчдоос суралц.
-
Долоо хоног бүр олон төрлийн чөлөөт үйл ажиллагаа, үйлчлэл хийх төслүүдийг болон сайн мэдээнд төвлөрсөн үйл ажиллагаануудыг багтаа.
-
Хөгжилтэй бай! Тоглоом тогло, эсвэл хөнгөн зууш хий.
-
Тууштай бай. Хэрэв та нар үүнийг даваа гарагт хийж чадахгүй бол тохиромжтой өөр нэг өдрийг сонго.
Би адислал авахыг хүсэж байна. Хэрэв бид гэр бүлийн үдэшт оролцох юм бол агуу адислалууд ирэх болно: Гэр орон дахь хайр болон дуулгавартай байдал өсөн нэмэгдэх болно гэж бошиглогчид амласан. Өсвөр үеийнхний зүрх сэтгэлд итгэл өсөн нэмэгдэнэ. Гэр бүлүүд “тэднийг тойрон хүрээлдэг нөлөө, уруу таталтуудтай тэмцэх хүчийг олж авах болно.”4
Гэр бүлийн тань үдэш үргэлж төгс болж чадахгүй байлаа ч та нарын гаргаж буй хичээл зүтгэлүүдээр дамжуулан гэр бүл тань хүчирхэгжиж, бас адислагдах болно. “Гэр бүлийн үдэш бүр нь бидний бодгалийн зотон даавуун дээр бийрээр зурахтай адил юм” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар заажээ. “Ямар ч үйл ажиллагаа ийм гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн буюу дурсамжтай байх аргагүй юм. Гэвч … будгийн зураас бүр нийлж, сэтгэл татам урлагийн бүтээлийг бий болгодог шиг жижиг мэт санагдах зүйлсийг байнга хийснээр сүнслэг байдлын чухал үр дүнд хүргэж чадна.”5