2015
Та надад үргэлж хэрэгтэй
дөрөвдүгээр 2015


“Та надад үргэлж хэрэгтэй”

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Биднийг өөр юу заахаа мэдэхгүй байх үед, хамтрагч маань энэ дууллыг дуулахыг санал болгов.

drawing of family with missionaries

Солонгосын Балсан хотод номлолоо хийж байсан тэр сайхан ням гаргийн үдээс хойш хамтрагч бид хоёр Сүм тарсны дараа гишүүдэд баяртай гэж хэлээд, тойргийн номлолын удирдагчийн бидэнд танилцуулсан 12 настай хүү Кон Сүн-Гянд сайн мэдээ заахаар төлөвлөж байлаа. Тэр хүү тэр өдөр Сүмд ирсэн байсан ба сайн мэдээний талаар илүү ихийг суралцахыг хүссэн юм.

Бид мэдээж түүнд заах боломжтой байсандаа баяртай байсан ч, ийм бага насны хүүд зааж болох эсэхэд санаа зовж байлаа. Бид түүний эцэг эхийн зөвшөөрлийг авахаар шийдсэн учраас Кон Сүн-Гяны гэр рүү утасдаж, түүний ээж Пак Ми-Жүнтэй товчхон ярив. Түүний хүү Сүмд явахаар сонирхож байгаад нь, мөн хүүдээ биднээр хичээл заалгуулахдаа баяртай байгаагаа хэлэхэд би ихэд баярлаж билээ.

Гэнэтийн сонирхогчид

Маргааш орой нь бид хүүд заахаар гэрт нь очсон юм. Пак Ми-Жүн бас охин Кон Сү-Жиндоо заалгуулах хүсэлтэй байгааг олж мэдээд бид баяртай байв. Бид тэдний шинэ зочид учраас Пак Ми-Жүн хичээлүүдэд суухыг хүсэв. Мэдээж хэрэг, бид сонсохыг хүссэн хүн бүрд заахдаа баяртай байлаа.

Тэд биднийг хөнгөн зуушаар дайлсны дараа бид хамтдаа сууж, ярилцаж эхлэв. Биднийг хичээлээ эхлэхээс өмнө Пак Ми-Жүн бидэнтэй илүү сайн танилцаж, бас гэр бүлийнхээ нөхцөл байдлын талаар бидэнд хэлэхийг хүссэн юм. Тэрээр саяхнаас хүү нь хорт хавдартай болж, хүнд сорилт бэрхшээлүүд тулгарсан тухай бидэнд ярив. Түүний туяа эмчилгээ амжилттай болсон бөгөөд хорт хавдар нь одоогоор багассан ч эмч нар үүнийг хэзээ ч сэдэрч магадгүй гэж анхааруулсан байлаа. Энэ нь тэр гэр бүлд хүнд тусаж байв. Тэд ажилчин гэр бүл байсан бөгөөд аав нь тэднийг зөвхөн хоргодох гэр оронтой, ширээн дээр нь хоолтой байлгахын тулд маш шаргуу ажиллах ёстой байдаг байв.

Тэдний амьдрал дахь хүнд сорилтуудыг сонсоод би цочирдсон бөгөөд харамсаж байлаа. Амьдрал тэдний хувьд амаргүй байсан ч тэр гэр бүл дэх нэгдмэл байдал нь Солонгост миний уулзаж байсан ямар ч гэр бүлээс илүү байсан нь тодорхой байв. Энэ нь гэр бүлд чиглэсэн Солонгос шиг нийгэмд ихийг өгүүлдэг. Бид тэр орой энэ онцгой гэр бүлийн тухай илүү сайн мэдэж аван, тэдэнтэй сайн мэдээний захиасуудыг хуваалцах боломжтой байсан билээ.

Хамтрагч бид хоёр тэр долоо хоног хэд хэдэн удаа тэдэнд заахаар буцаж очсон юм. Очих бүрдээ анх очихдоо мэдэрсэн шиг халуун дулааныг мэдэрдэг байв. Биднийг баптисмын тухай ярилцахад хүүхдүүд хоёулаа Сүмд нэгдэх хүсэлтэй байлаа. Гэсэн хэдий ч ээж нь адил сэтгэгдэлтэй байгаагүй юм. Бидний заасан зүйлс түүнд хүрч, тэр үүнийг үнэн гэж найдаж байсан ч тэр Сүмд нэгдсэнээр хийх шаардлагатай амлалтуудыг хийж, бас дагаж чадна гэж бодохгүй байв. Тэр бас нөхөргүйгээр ганцаараа баптисм хүртэх нь түүний хувьд зохистой зүйл гэж бодохгүй байв. Бид нөхөртэй нь хараахан уулзаж амжаагүй байсан юм. Гэвч тэр бидэнтэй үргэлжлүүлэн уулзаж, хүүхдүүдээ Сүмд явуулахыг хүсэж байлаа.

Хоёр дахь долоо хоногийн төгсгөлд бид түүний гэрт үргэлжлүүлэн зааж байх үедээ түүний нөхөр болох даруухан, эелдэг, сайхан сэтгэлтэй Кон Күк Вонтой танилцав. Сүүлийн хэдэн ярилцлагын үеэр тэр бидэнтэй нэгдсэн бөгөөд бидний заасан бүх зүйлд, тэр тусмаа бусад хүний хэцүү гэж хүлээж авдаг аравны нэг болон мэргэн ухааны үг гэх мэт сургаалуудад хүртэл маш хурдан итгэж байв. Тэд санхүүгийн хүнд нөхцөлд орсон байсан ч аравны нэгээ төлж эхэлсэн юм. Аавынх нь цорын ганц бэрхшээл бол ням гарагт ажиллах ёстой явдал байв. Тэр Сөүлийн олон улсын нисэх онгоцны буудалд ням гараг бүр ажилладаг байсан учир гэр бүлийнхэнтэйгээ хамт Сүмд явах боломжгүй байв. Тэрээр ажлынхаа хуваариас үл хамааран эхнэртэйгээ дараагийн ням гарагт хүүхдүүдийнхээ баптисмд ирэхээр төлөвлөсөн байв.

Хүүхдүүдийнх нь баптисмын дараа ч бид энэ гэр бүлтэй тогтмол уулзаж байлаа. Бид гэр бүлийн үдэш хийж, судруудыг болон урам өгөхүйц туршлагуудаа хуваалцан, тэднийг тойргийн гишүүдтэй танилцуулсан юм. Эцэг эх нь сайн мэдээний талаар сонссоор байсан ч баптисм хүртэх болоогүй л байв.

Хамтрагч маань солигдож, Номлогчийг бэлтгэх төвөөс дөнгөж ирсэн ахлагч миний шинэ хамтрагч болсон юм. Тэр итгэл, эрч хүч, баяр хөөрөөр дүүрэн байсан бөгөөд үнэндээ түүнийг гүйцэж ажиллахад надад хэцүү байлаа. Кон Күк Вон, Пак Ми Жүн хоёртой хэд хэд уулзсаны дараа хамтрагч маань надаас, өмнөх хамтрагчтайгаа тэдний төлөө мацаг барьсан эсэхийг асуув. Бид мацаг бариагүй байсан юм. Үнэндээ, ийм бодол надад огт орж ирээгүй байв. Тиймээс бид тэр гэр бүлтэй уулзаж, мацаг барихыг санал болгов. Тэд өмнө нь хүүгийнхээ эрүүл мэндийн төлөө болон Кон Күк Воныг Сүмд явах боломжтой болгохын тулд ажлынх нь хуваарь өөрчлөгдөхийн төлөө өөрсдөө мацаг барьсан тухай сонсоод, би гайхаж билээ. Хамтрагч бид хоёрыг тэдэнтэй хамт мацаг барьсны дараа бидний залбирлууд хариулагдаж, Кон Күк Воны ажлын хуваарь өөрчлөгдсөн юм. Гэвч Пак Ми Жүний баптисм хүртэхгүй байх бодол нь хэвээр байв.

Сүнслэгээр өдөөгдсөн санаа

Хамтрагчид маань дараа нь өөр нэгэн гайхалтай санаа төрөв. Тэр жижигхэн дууллын номоо гаргаж ирээд, тэдэнтэй хамт дуулал дуулж болох уу гэж асуув. Бид өмнө нь хааяа хамт дуулдаг байсан ч, би хэзээ ч Пак Ми Жүнг дуулж байгааг хараагүй бөгөөд дуу нь түүний хувьд шинэ учраас түүнийг дуулах дургүй эсвэл эвгүй байдаг байх гэж таамагладаг байсан юм. Хамтрагч маань түүнээс дуртай дуу байгаа эсэхийг асуухад хамгийн гайхалтай нь тэрээр хоолойгоо засан, жаахан охин байхаас нь л түүний дуртай дуулал нь “Та надад үргэлж хэрэгтэй” (Hymns, дугаар 98) байсан гэж хариулав. Бид дөрвөн өнгөөр дуулж эхлэв. Аав нь дууг аялан, ээж нь альтаар, хамтрагч маань тенор хоолойгоор, би бассаар дуулав.

Өрөөнд Сүнс маш хүчтэй мэдрэгдэж байв. Биднийг гуравдугаар бадгийг дуулж эхлэхэд түүний сэтгэл хөдлөн дуулах үедээ хоолой нь тасалдаж байв.

“Та надад үргэлж хэрэгтэй”

Баяр хөөрт гунигт үед

Хурдан оршихоор ирээч,

Эсвээс бүгд утгагүй

Тийм надад хэрэгтэй та,

Үргэлж хэрэгтэй та

Хайрт Аврагч минь намайг та

Байнга адислаач!

Биднийг 4 дэх буюу сүүлийн бадгийг дуулж дуусахад тэрээр уйлж байлаа. Нөхөр нь түүнийг тайвшруулахаар хичээж байсан ч, тэрээр эцэст нь өөрөө тайвширсан юм. Тэр миний нүд рүү эгцлэн хараад, “Би баптисм хүртэх хэрэгтэй” гэж хэлэв.

drawing of woman holding an Asian hymnbook

Тэр ням гаргийн үдээс хойш болсон, Кон Күк Вон, Пак Ми Жүн хоёрын баптисмын үйл ажиллагаа миний номлолын хамгийн сүнслэг явдлуудын нэг байсан билээ. Тэдний хүүхдүүд баптисмын хөтөлбөрт оролцсон бөгөөд орон нутгийн олон гишүүн тойргийнхоо шинэхэн хөрвөгч гэр бүлд дэмжлэг үзүүлэхээр ирсэн байлаа. Хамтрагч бид хоёр “Та надад үргэлж хэрэгтэй” дууг онцгойлон дуулсан юм.

Эцэст нь миний номлол дуусаж, би гэртээ харив. Коллежид нэг жил суралцсаныхаа дараа би зуны дадлагаар Солонгост эргэж ирсэн бөгөөд номлолдоо байхдаа долоо хоног бүр уулзаж байсан онцгой найзууд болон гэр бүлүүд дээр очих цаг гаргалаа. Балсанд буцаж очоод, хэдхэн долоо хоног болсны дараа би энэ онцгой гэр бүлтэй дахин уулзсан юм. Тэдний гэрт эргэж ирээд, би тэнд хэн нэгнийг—тэдний хүүг байхгүй байгааг анзаарав. Пак Ми Жүн нүдэндээ нулимстайгаар тэр мэдээг надтай хуваалцсан юм. Хүүгийнх нь хорт хавдар сэдэрч, 14 настайдаа тэр нас барсан байна.

Намайг эмгэнэл илэрхийлж, мэдэрч байгаа уй гашуугаа дарахаар хичээх үед Кон Күк-Вон зүгээр ээ гэж намайг тайвшруулав. Тэд Сүмдээ итгэлтэйгээр явж, сургаалыг хайрлан, Солонгосын Сөүлийн ариун сүмд гэр бүлээрээ мөнхөд лацдан холбогдох тэр өдрийг харж амьдарсан юм. Тэд зүрхэндээ уй гашууг мэдэрч байсан ч гэр бүл нь Конг Сүн-Гянтай дахин уулзах бөгөөд гэр бүл нь дахин нэгдэнэ гэдгийг мэдэж байлаа. Бас Пак Ми-Жүн өдөр бүр Сүмийн дуулал дуулах нь түүнд даван туулах хүч чадлыг олоход, мөн Ариун Сүнсний авчирдаг тэрхүү амар амгаланг мэдрэхэд тусалж байгааг надад хэлсэн юм.

Тэр орой тэдний гэрээс гарч явахдаа би Пак Ми Жүний дуртай дууллын үгсийг дахин тунгаан бодож билээ. Гон Сүн-Гяныг нас барсны дараа Тэнгэрлэг Эцэг энэ гэр бүлийг амар амгалангаар адисалсанд би талархаж байна. Ялангуяа энэ гэр бүлийг ариун сүмийн мөнхийн адислалуудыг хүлээн авахуйц зохистой болгосон, мөн Пак Ми-Жүний хөрвөлтөд нөлөөлсөн Сүнсний нөлөөнд би талархаж байна.