Залбирал ба дуган сүм
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
“Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол, миний шавь нар мөн” (Иохан 13:35).
Дани охин дээшээ харсан ч үзэсгэлэнтэй дуган сүмийн оройг харж чадсангүй. Өөр сүмд явдаг хүмүүс энд ирдэг байв. Дани гэр бүлийнхэн нь яагаад энэ сүм рүү баасан гарагт явж байгааг ойлгоогүй юм. Харин аав нь оройн залбиралд оролцохоор явж байгаагаа хэлсэн юм.
“Тэр чинь юу юм бэ?” гэж Дани асуув.
“Энэ бол хүмүүсийн дуулж, судар уншиж, хамтдаа залбирдаг цуглаан юм.” “Орой бүх гэр бүлээрээ цугладаг шиг” гэж аав нь хэлэв.
Дани үүнийг сонсоод баяртай байв. Тэр гэр бүлийнхэнтэйгээ Англи руу аялж байжээ. Өнгөрсөн ням гарагт тэд Иорк хэмээх нэртэй хотын нэг тойрогт очив. Хүүхдийн хэсэгт байсан бүх хүүхэд Данигийн мэддэг судар ба дуунуудыг мэдэж байлаа. Түүний очсон энэ тойрог нь тэдний явдаг тойрогтой адил Есүсийн үнэн Сүмийн нэг хэсэг байсныг тэр мэдэж байв.
Гэвч энэ дуган сүм түүний явдаг сүмээс маш өөр байлаа. Тэр дүүрэн лаатай нэг жижиг ширээг олж харав. Дани нэг хүүг лаа асааж байхыг ажиглав.
“Чи яагаад лаанууд асааж байгаа юм бэ?” гэж Даниг асуухад
нөгөөх хүү инээмсэглэн, “Би онцгой зүйлүүдийн төлөө залбирахдаа лаа асаадаг. Дөл нь дүрэлзэхийн хэрээр Бурхан миний залбирлыг сонссоор байгаа гэдэгт би итгэдэг” гэлээ.
Данид эдгээр лаа нь энгийн лаанууд шиг л харагдаж байлаа. Тэр бага зэрэг гайхсан боловч эелдэг байхыг хүсэв. Тэр хүү рүү хараад инээмсэглэсэн юм.
Даниг гэр бүлийнхэнтэйгээ хамт суухад оройн залбирал эхэллээ. Тэр хэдэн эгнээний ард тэр хөвгүүнтэй адилхан нэг эрэгтэй хүүхэд байгааг олж харав. Тэгээд тэрээр хүмүүсийн дуулж байсан дуунуудаас алийг нь ч мэдэхгүй байгаагаа ойлгожээ. Тэд залбирахдаа нэг жижиг номноос уншиж байв. Бүх зүйл түүний мэддэгээс өөр байлаа.
Танил биш байсан ч хөгжим сайхан сонсогдож байв. Дараа нь нэг эрэгтэй хүн судраас уншихаар босож зогслоо. Тэр бишоп шиг нь костюм өмсөж, зангиа зүүхийн оронд өмсгөл өмссөн байв. Түүнийг уншиж эхлэхэд Дани энэ түүхийг мэддэгээ ойлгосон юм! Тэр Есүс 10 уяман өвчтэй хүнийг эдгээсэн талаар уншиж байлаа.
“Аав аа, Би энэ түүхэнд дуртай” гэж Дани шивнэв.
Аав нь инээмсэглэн, “Би ч гэсэн” гэлээ.
Дараа нь өмсгөл өмссөн тэр хүн залбирал хэлэв. Тэр өвчтэй болон гачигдсан хүмүүсийг адислахыг Бурханаас гуйв. Данийн залбирдаг шиг! Тэр бас сүмийн удирдагчдаа онцгойлон адислахыг гуйв. Дани гэр бүл нь үргэлж ерөнхийлөгч Томас С.Монсонг болон түүний зөвлөхүүдийг адислахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйж залбирдаг талаар саналаа.
Данийн зүрх сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрөв. Хэдийгээр тэд өөр сүмд явж, тэдэнд сайн мэдээний бүрэн байдал байхгүй ч Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай бөгөөд тэдний бүх залбирлыг сонсдог гэж хэлж, Тэнгэрлэг Эцэг түүнд ч бас байгааг тэр мэдсэн юм.
Тэднийг явахаар босоход аав нь утсаа шалгалаа. Тэр мессэжээ уншиж байхдаа гунигтай байгаа нь харагдав. “Монсон эгч нас барсан байна” гэж тэр хэллээ.
“Үгүй байлгүй дээ!” Дани ерөнхийлөгч Монсоны төлөө зүрх сэтгэлдээ хурдхан залбирав.
Хэн нэгэн “Чи зүгээр үү” гэж асуулаа. Энэ бол түүний урд сууж байсан хүү байв. Тэр Даниг сонсоод, санаа нь зовсон байдалтай байв.
“Монсон эгч нас барсан байна. “Тэр манай бошиглогч, ерөнхийлөгч Монсоны эхнэр байсан юм” гэж Дани хэлжээ.
“Би харамсаж байна”. “Би түүний төлөө лаа асаах болно” гэж тэр эелдгээр хэллээ.
Дани инээмсэглээд, түүнд талархлаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Монсоны төлөө онцгойлон залбирах болно гэж хэлсэн нь түүний сайхан сэтгэлийн илрэл гэж тэр бодов. Тэнгэрлэг Эцэг түүний зүрх сэтгэлдээ хэлсэн залбирлыг болон тэр хүүгийн залбирлыг ч бас сонсох болно гэдгийг Дани мэдэж байлаа.