2015
Зөв зам
дөрөвдүгээр 2015


Зөв зам

“Буруу замаар эс явцгаая,” хэлсэн үгээс, Лиахона, 2014 оны 5-р сар, 39–41-р хуудас

“Та нарыг бий болгосон Бурханы үгийг сонс” (С ба Г 43:23).

Олон жилийн өмнө би гэр бүлийнхэнтэйгээ хамт АНУ-ын Юта дахь Арчэс үндэсний хүрээлэн рүү явсан юм. Цэцэрлэгт хүрээлэн дэх хамгийн үзэсгэлэнтэй, алдартай аркуудын нэгийг Дэликэйт арк гэдэг бөгөөд бид аркад хүрэхийн тулд уул руу авирахаар шийдлээ.

Бид аяллаа их л урам зоригтой эхэлсэн боловч хэсэгхэн зуур яваад л нөгөө хэд маань амрах хэрэгтэй болов. Би тэнд хүрэх хүсэлдээ хөтлөгдөн, цааш ганцаараа явахаар шийдлээ. Алхаж яваа замаа анхаарахын оронд урд минь маш итгэлтэй урагшилж яваа мэт санагдсан нэгэн залууг би дагав.

Зам улам бүр хэцүү болж байлаа. Гэр бүлийнхнээ аркад хэзээ ч хүрч чадахгүй юм байна гэдэгт би итгэсэн байв. Гэнэт би Дэликэйт аркыг олж харсан ч, миний хувьд хүршгүй газарт байгааг үзээд, алмайрч орхилоо. Явсан зам маань арк руу хөтөлсөнгүй.

Урам минь ихэд хугарч, буцахаар шийдлээ. Би бусадтайгаа уулзахыг тэсэж ядан хүлээж байв. Гэтэл тэд зам заасан тэмдгүүдийг анхааралтай, хичээнгүйлэн даган явсаар Дэликэйт аркад очсон гэдгээ надад хэллээ. Харамсалтай нь, би буруу замаар явсан байжээ. Би ямар гайхалтай сургамж авсан гээч!

Тэнгэрлэг Эцэгт эргэн очих мөнх амьдрал руу хөтлөх замаасаа бүү гаж. Өөрсдийнхөө суралцсан сайн мэдээний зарчмууд ба зарлигуудыг дага. Тэгвэл та нар Түүнтэй үүрд хамт амьдрах зөв зам дээрээ үлдэх болно.