2015
Өөр хэн нэгний Сара
дөрөвдүгээр 2015


Өсвөр үеийнхэнд

Өөр хэн нэгний Сара

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

“Чи яагаад кофе уудаггүй юм бэ?” гэх мэт энгийн асуултад хариулахдаа өөрийнхөө итгэлийг ашиглах надад хэцүү байдаг байв. Өмнө нь би “Дэндүү гашуун байдаг юм,” эсвэл “Би амтанд нь дургүй” гэх мэт шалтгууд хэлдэг байлаа.

Би яагаад ичдэг байсан юм бол? Би яагаад итгэдэг зүйлээ хамгаалахаас айдаг байсан юм бол? Өнгөрснөө эргээд харахад, би яг юунаас айдаг байснаа ойлгодоггүй юм. Гэхдээ би яг хэзээ шалтаг хэлэхээ больсноо санадаг.

Нэг өдөр ахлах сургуулийнхаа англи хэлний хичээл дээр сууж байтал багш бидэнд ТВ-ийн цуврал шоу нэвтрүүлэг үзүүлэх гэж байгаагаа хэлэв. Би үүнийг үзэж болохгүй гэдгээ мэдэж байлаа. Бусад сурагчийг баярлалдан хөөрөлдөж байхад манай ангийн Сара гараа өргөн, би гарч болох уу гэж асуув.

Багшийг яагаад гэж асуухад Сара “Би мормон учраас хараалын үгтэй шоу нэвтрүүлэг үздэггүй” гэж тодорхой хариулсан юм.

Ангийнхныхаа өмнө гаргасан түүний зориг гайхалтай байв. Сарагийн ачаар би ч бас босоод, ямар нэгэн гэмших шалтгаангүйгээр шоу нэвтрүүлэг дуусахыг гадаа гарч хүлээлээ.

Би бүрмөсөн өөрчлөгдсөн юм. Би асуудлаас зайлсхийхийн оронд итгэл үнэмшлээ тайлбарладаг болсон. Үүний үр дүнд би өөртөө итгэлтэй болж, Сүмийн болон сургуулийн үйл ажиллагаануудад илүү идэвхтэй оролцдог болов.

Сарагийн үлгэр жишээ миний хувьд ямар их утга учиртай зүйл байсныг би түүнд хэзээ ч хэлж байгаагүй боловч түүний итгэлтэй байдлын үлгэр жишээг үргэлж дуурайхыг хичээдэг. Бурханы гайхалтай, ариун Сүмийн гишүүн байх нь ичих зүйл үнэхээр биш гэдгийг би одоо ойлгосон. Би үлгэр дуурайлаараа хэн нэгний хувьд Сара шиг үлгэр жишээ нь байж чадна гэдэгтээ итгэдэг.