2015
Түүний үргэлж хэмээх амлалт
дөрөвдүгээр 2015


Түүний үргэлж хэмээх амлалт

Робэн Каспер, АНУ, Юта

drawing of a broken bike

Зураг чимэглэлийг Брэдли Х.Кларк

Ариун ёслолын цуглаан дээр талхны залбирлыг тунгаан бодож суух үед “Ариун Сүнс тэдэнтэй үргэлж хамт байж болохын тулд” (Моронай 4:3; С ба Г 20:77) гэсэн хэсэг нь оюун санаанд минь дахин дахин сонсогдоно.

Тодорхой цагуудад биш, харин “үргэлж” хэмээн бодолд минь хэлж байв. Тэгвэл яагаад хэдэн сарын өмнө дугуй авто машинтай осолдож, 11 настай хүүгээ алдахаас өмнө түүнийг хэрхэн хамгаалах талаар нөхөр бид хоёр илчлэлт аваагүй юм бол? Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг “үргэлж” харж хандан, бас сэрэмжлүүлдэггүй юм бол?

Би Хүүхдийн хэсэгт байхаасаа л Ариун Сүнс биднийг хамгаалах болно гэж заалгаж, үүнд итгэдэг байсан. Тэр биднийг анхаарч, удирдаж, аюулаас сэрэмжлүүлэхдээ зөөлөн, намуун дуу хоолойгоо ашиглаж болох байсан шүү дээ. Бэнийг нас барснаас хойш энэ бодол миний оюун санаанд эргэлдсээр байв. Би түүнийг маш их санаж байсан бөгөөд үүнийг ойлгож, амар амгаланг олж авахын тулд зүрх сэтгэл минь шаналж байлаа.

Надад сэрэмжлүүлэх дуу хоолой хаана байсан юм бэ? Ариун Сүнс хаана байсан юм бэ? Бид зөв зохистой байхын тулд хамгийн сайнаараа хичээж байсан гэж бодож байв. Бид аравны нэгээ төлж, цуглаанууддаа оролцож, дуудагдах бүрдээ үйлчилдэг байсан. Бид төгс болох өдий байсан ч гэр бүлийн үдшээ хийж, судраас уншдаг байсан. Бид хичээдэг байлаа.

Намайг нэг удаа Халамжийн Нийгэмлэгийн хичээлд сууж байх үед багш ойрын хамаатныхаа талаар нэг түүх ярив. Хамаатных нь хүн улаан гэрэл дээр зогсоод, хүлээж байхад нь ногоон гэрэл астал байгаа газраа зогсож бай гэсэн хүчтэй мэдрэмж мэдэрчээ. Тэрээр сүнслэг өдөөлтийг анхаарсан бөгөөд бараг тэр даруй том ачааны машин улаан гэрлээр уулзварыг маш хурдан дайрч өнгөрөв. Хэрэв тэр эмэгтэй тэр дуу хоолойг сонсож, дуулгавартай дагаагүй байсан бол тэр хүүхдүүдтэйгээ хамт гэмтэж, бүр үхэж ч болох байж.

Энэ түүх надад маш хүчтэй нөлөөлсөн юм. Босож, ангиас гарахаар бэлдэн, сандал дээрээ уйлан суух үед агуу их тайвшрал намайг нөмрөн авав. Үнэндээ Ариун Сүнс надтай үргэлж хамт байсныг би ойлгож, амар амгаланг мэдэрсэн юм. Миний энэ нөхцөл байдалд Тэрээр сэрэмжлүүлгийн дуу хоолой биш, харин тайтгаруулагчийн үүрэг гүйцэтгэсэн.

Бэнийн ослоос хойш, би өөрөөсөө давсан хүч чадлыг мэдэрсэн бөгөөд Тэнгэрлэг Эцгийн хайраар тайвширсан юм. Тодорхой зүйлүүд болдог учир шалтгааныг ойлгоход ойлголт маань дутдаг ч, би түүний хайранд хэзээ ч эргэлзэж байгаагүй билээ.

Бурхан бүх зүйлийг ойлгодог бөгөөд Тэр хэзээ ч намайг тайтгаруулалгүйгээр орхихгүй гэдгийг би мэднэ. Ариун Сүнс миний амьдралд маш олон үүрэг гүйцэтгэдэг. Тэр биднийг хамгаалж, удирдан, тайтгаруулж, бидэнд зааж, биднийг ойлголт болон бусад адислалаар хангаж чадна.

Тэнгэрлэг Эцэг амлалтуудаа биелүүлдэг гэдгийг би мэдэж авсан. Тэр “үргэлж” надтай хамт байсан.