2016
Бусдаас онцгой Христийн мэндэлсний баяр
2016 оны арванхоёрдугаар сар


Бусдаас онцгой Христийн мэндэлсний баяр

Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг.

Ээжийгээ харахгүй байх нь хэцүү ч Христийн мэндэлсний баяр сайхан байж болно.

“Энэ жилийн Христийн мэндэлсний баярыг дүрслэн бодохдоо түүнийг дурсан сана” (Children’s Songbook, 50).

A Different Christmas

Христийн мэндэлсний баяр бараг болох гэж байхад Диего баярлахгүй байв. Энэ бол ээж, аав хоёр нь салснаас хойш тэмдэглэж байгаа анхны Христийн мэндэлсний баяр байлаа. Бүх юм орвонгоороо өөрчлөгдсөн мэт түүнд санагдаж байв. Тэр дүү Самуэлтэйгээ хамт энэ жилийн Христийн мэндэлсний баяраар ээжийнхээ царайг харах ч боломжгүй болсон байлаа.

Диего аавдаа “Бүх юм нэг л өөр санагдаад байх юм” гэж хэллээ.

Аав нь “Ойлгож байна аа” гэхэд нүд нь нэг л гунигтай байв. Тэр “Заримдаа бүх юм сайн сайхан болохын өмнө өөрчлөлт болдог” гэв. Аав хэсэг зуур чимээгүй байснаа, инээмсэглээд, “Энэ жилийн Христийн мэндэлсний баяр өөр байх боловч энэ нь бид цагаа сайхан өнгөрүүлж чадахгүй гэсэн үг биш. Бид Аврагчийн төрснийг тэмдэглэнэ шүү дээ” гэлээ.

Диего ч толгойгоо дохин зөвшөөрөв. Ээжийгээ харахгүй ч аавын хэлснээр Христийн мэндэлсний баяр өмнөх жилүүдтэй адил сайхан болж магадгүй. Диего энэ жилийн Христийн мэндэлсний баярыг аз жаргалтай болгоход туслахыг хүсэж байлаа.

Тэр энэ тухай бодохоор өрөөндөө оров. Заримдаа тэд Христийн мэндэлсний баяраар гэр бүлээрээ үйлчлэлийн төсөл зохион байгуулдаг байв. Энэ жил тэд юу хийж болох вэ?

Диего өрөөгөө тойруулан харав. Тэр аль хэдийн тоглохоо больсон тоглоомон машин байхыг олж харлаа. Тэр тоглоомоо аваад, дугуйг нь эргүүлэв. Тоглоом бараг элэгдээгүй байв. Магадгүй тэр аав, Самуэл хоёртойгоо хамт тоглоомгүй хүүхдүүдэд тоглоомоо өгч болох шүү дээ. Тэр өөр хэд хэдэн тоглоом олоод, машинтайгаа хамт уутанд хийв.

Диего тоглоомнуудаа ялгаж дууссаны дараа уутаа барин, Самуэлийн өрөө рүү орлоо. Тэр “Би өрөөг чинь цэвэрлэхэд туслах уу? Аавд гэнэтийн бэлэг барих гэсэн юм” гэлээ.

Самуэл зураг зурж байснаа болиод толгойгоо өндийлгөн, “Тэг тэг” гэв.

Хөвгүүд хамтдаа Самуэлийн өрөөг цэвэрлэлээ. Диего төлөвлөгөөгөө түүнд хэлэв. Тэд Самуэлийн тоглохоо больсон хэдэн тоглоомыг олоод, уутандаа нэмж хийв.

Дараа нь тэд ууттай тоглоомнуудаа аваад, шатаар доош буулаа. Диего “Аав аа, бид тоглохоо больсон хэдэн тоглоом оллоо. Бид тэдгээрийг ямар ч тоглоомгүй хүүхдүүдэд өгч болох уу?” гэлээ.

Аав нь гайхсан, баярласан шинжтэй харагдав. Тэр “Ёстой сайхан санаа байна. Үдээс хойш гэр оронгүй хүмүүсийг орогнуулдаг байранд аваачиж өгье” гэв.

Орогнох байранд айлчлан очсоны дараа аав нь томчуудтай ярьж байх хооронд Диего, Самуэл хоёрт хүүхдүүдтэй тоглох боломж олдов.

Гэр рүүгээ явах замдаа аав нь энэ Христийн мэндэлсний баярыг онцгой болгохын тулд өөр юу хийж болох талаар асуулаа.

“Ноднингийн Христийн мэндэлсний баяраар бид хөршүүддээ жигнэмэг хийж өгсөн” гэж Диего хэлэв.

Аав нь “Бид ч бас хийж болно шүү дээ. Жигнэмэг хийх зүйлсээ худалдаж авъя” гэлээ.

Самуэл ч жигнэмэг хийх нь их сайхан санаа байна гэж бодов.

Хөвгүүд дэлгүүрээс жигнэмэгийн орцонд орох зүйлсийг худалдаж авахад нь аавдаа тусаллаа. Гэртээ тэд гурилаа зуураад, од болон модны хэлбэрт оруулан хэрчив. Диего, Самуэл хоёр жигнэмэгүүдээ шар, ногоон өнгөөр чимэглэлээ. Дараа нь тэд жижигхэн уутанд хийсэн жигнэмэгээ хөршүүддээ тарааж өгөв.

Орой болоход Диего ядарсан байсан ч аз жаргалтай байлаа. Тэр гэр бүлээрээ, Самуэл, аав хоёртойгоо хамт юм хийж, бусдад тусалсан. Аавын хэлсэн зүйл үнэн байлаа. Христийн мэндэлсний баяр арай өөр байсан ч сайхан болж өнгөрөв.