Биднийг дахин уулзах хүртэл
Бурханы жинхэнэ мөн чанар
“The Grandeur of God,” Liahona, 2003 оны 11-р сар, 70–73-аас авав.
Есүс Христ бол төгс Эцэгийн төгс илэрхийлэл байв.
Олон үеийн бошиглогчид хүмүүний гэр бүлд Эцэгийн хүсэл, замын талаар ихэнхдээ амжилтгүй ч гэсэн заах гэж оролдсоны дараа Бурхан Өөрийгөө бидэнд мэдүүлэх гэсэн сүүлчийн оролдлогоо хийхдээ дэлхий рүү Өөрийн дүр төрхөөр бүтээсэн Хайрт, төгс Хүүгээ өдөр тутмын амьдралын хатуу чанга нөхцөлд мөнх бус хүмүүний дунд амьдарч, үйлчлүүлэхээр илгээсэн билээ.
Тэрээр Елохимын оронд зогсож, Түүний адил ярин, шүүж, үйлчилж, хайрлаж, сэрэмжлүүлж, өршөөнгүй байж, уучлах хариуцлага үүрсээр дэлхий дээр ирсэн юм. Энэ нь бидний төсөөлж ч чадахгүй асар том үүрэг хариуцлага юм. Харин үнэнч, шийдэмгий тэнгэрлэг хүүгийн зан чанарыг өвлөсөн Есүс үүнийг ойлгосон бөгөөд хийж чадсан. Гэхдээ магтаал, алдар суу ирэхэд Тэр даруухнаар бүх хүндлэлийг Эцэгт өгсөн билээ.
Тэр чин сэтгэлээсээ “Эцэг Өөрийнхөө ажлуудыг хийж байгаа юм” гээд, “Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг” [Иохан 14:10; Иохан 5:19] хэмээн хэлсэн. Өөр нэгэн үед Тэр: “Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би хэлдэг” [Иохан 8:38] гэж бас хэлсэн байдаг. …
Орчин үед дэлхий дээрх зарим хүн [Бурхан, бидний Тэнгэрлэг Эцэгийн] талаар маш сэтгэл түгшим буруу ойлголттой байдаг. Тэдгээрийн дунд Түүнд итгэдэг байлаа гэхэд Эцэгээс холдох, бүр хүйтэн хөндий байх хандлага орж байгаа юм. … Библийг буруу ойлгосноос (мэдээж зарим тохиолдолд буруу орчуулснаас) болж, Хуучин болон Шинэ Гэрээн дээр Бурханы Хүү нэгдмэл, нэгэн байж “өчигдөр, өнөөдөр бас үргэлжид”1 адил Эцэгийн удирдлаган дор дандаа үйлддэг гэдгийг нотолсоор байхад тэд Эцэг Бурхан, Есүс Христ хоёр тэс өөр арга барилаар үйл ажиллагаагаа явуулж байгаагаар хардаг. …
Тэгэхлээр Христ өлссөнийг хооллон, өвчтөнийг эдгээж, хоёр нүүртнийг зэмлэж, итгэлтэй байхыг гуйснаараа бидэнд “өршөөнгүй, нинжин сэтгэлтэй, уурлахдаа удаан, тэсвэртэй, сайн сайхнаар дүүрэн”2 Эцэгийн арга замыг бидэнд харуулж байгаа юм. Христ амьдралынхаа туршид, ялангуяа Өөрийнхөө үхлээр ‘энэ бол Бурханы болон Өөрийнхөө нинжин сэтгэлийг та нарт үзүүлж байгаа юм’” хэмээн тунхагласан билээ. Төгс Эцэгийн хайр халамжийн төгс Хүүгийн илэрхийллээс нь, мөн бидний нүгэл, сэтгэлийн зовиурын төлөө хамтдаа үүрэлцсэн зовлон шаналал, хуваалцсан уй гашуугаас нь: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ” [Иохан 3:16–17] хэмээх тунхаглалын жинхэнэ утга санааг харж болох билээ.