2016
Есүстэй мэндчилсэн нь
2016 оны арванхоёрдугаар сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Есүстэй мэндчилсэн нь

little girl waving

Зураг чимэглэлийг Дан Бөрр

Хэдэн долоо хоног хүсэн хүлээсний эцэст Христийн мэндэлсний баярын өмнөх орой болов. Флэтчэр өвөө, эмээ болон гурван охин маань нөхөр үр хүүхдүүдтэйгээ гээд гэр бүлийн бараг бүх гишүүн ирсэн байлаа. Харанхуй ч болж, гудамжны гэрлүүд ассан байв. Байшингуудыг гоёмсог чимэглэлээр гоёж, Христийн мэндэлсний баярын гацуур моддын гэрэл цонхны дэргэд баяртай гэгч анивчина.

Бид Канадын Альбертад олон жилийн турш Сүмээс тавьсаар ирсэн Христийн мэндэлсний баярын үзүүлбэрийг үзэхээр явахад бэлдэж байлаа. Бид Христийн мэндэлсний баярын өмнөх үдэш бүр илжиг, хонь, мэргэд, хоньчид, Ромын цэргүүд, тэнгэр элчүүд, хүчтэй дуу хөгжмийн систем зэргээс бүрдсэн гадаа болдог үзүүлбэрийг үзэхийг тэсэн ядан хүлээдэг байв. Энэ үзүүлбэр баярын хөл хөдөлгөөний үеэр амар амгалан, хайр энэрэл, Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг бидэнд мэдрүүлдэг байсан.

Бид үзүүлбэр болдог Хэритэж цэцэрлэгт хүрээлэнд ирж, удсан ч үгүй Мормон табернеклийн найрал дууны сайхан дуу хөгжим, Аврагчийн төрсөн түүхийг амтархан сонсож эхэллээ. Тэр үед манай ууган зээ охин Лорэн гурван настай байсан юм. Тэр маань хүрээлэн буй орчин, дуу хөгжим, бидний өмнө өрнөж байгаа үйл явдалд бүрэн автсан байлаа. Одод түгсэн, цэлмэг тэнгэрийн доор бидний амьсгал хүйтэн агаарыг манантуулан бүрхэж байв. Хүмүүс Иосеф, Мариа хоёрыг Цезар Августын зарлигийн дагуу Бетлехем орж татвар төлөхөөр явж байгаа үзүүлбэрийг үзэж байлаа. Мариагийн дүрд тоглож байсан эмэгтэй “хүүхэдтэй болсон” (Лук 2:5-ыг үзнэ үү) байсан бөгөөд тэдэнд малын хашаанаас өөр буудаллах газар олдсонгүй. Тэнд “тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй” (Лук 2:7-г үзнэ үү). Тайзны гэрэл толгод руу тусахад “хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож бай[гааг]” (Лук 2:8-ыг үзнэ үү) харлаа. Гэнэт тэнгэр элчийн хувцас өмссөн жүжигчин агаарт тод гэрэл цацруулсаар сүртэй гэгч гарч ирэв. Лорэн маань өөрийн эрхгүй “Есүс ээ, би байна. Лорэн байна!” гэж хайр гэрэлтэм чанга хашгирах нь тэр.

Бүх хүн түүний мэндчилэхийг сонсоод, чимээгүйхэн инээж, гэнэтийн энэ үйл явдалд баярлаж байлаа. Энэ нь хэн болохыг нь андуурч мэндчилсэн хүүхдийн гэнэн цайлган үйлдэл байсан ч тэр жилийн үзүүлбэрийг хэзээ ч мартахааргүйгээр баяжуулсан юм. Есүс түүнийг таньдаг гэдгийг Лорэн мэдэж байсан бөгөөд Тэр бидний хүн нэг бүрийг мэддэг гэсэн бидний аль хэдийн мэдэх нэг зүйлийг дахин сануулсан билээ. Гуравхан жилийн өмнөх Аврагчийн талаарх дурсамж Лорэнд үлдсэн байсан юм болов уу гэж бидэнд бодогдсон. Лорэний гэнэтийн мэндчилгээ нь хэзээ нэгэн цагт бид ч гэсэн Түүнтэй уулзахдаа Түүнийг танина гэсэн найдварыг бидэнд төрүүлсэн юм. Тэр нэгэн тэсгэм хүйтэн Христийн мэндэлсний баярын орой Аврагчийг хайрлах Лорэний хайр, түүнийг хайрлах Аврагчийн хайр бидний зүрх сэтгэлийг дулаацуулсан.