2016
Ганц цэнхэр чийдэн
2016 оны арванхоёрдугаар сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Ганц цэнхэр чийдэн

one blue bulb

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Ээж, аав хоёр маань Христийн мэндэлсний баярын үеэр гэрээ хэрхэн чимэглэх тухайд санал зөрөлдөв. Аав маань өнгө ялгаж чаддаггүй байсан тул түүнд улаан, ногоон, бор өнгө бүгд адил, бүүдгэр, харин цэнхэр өнгө тод, гоёмсог харагддаг байлаа. Тэр бас цэнхэр өнгийн хувцастай Бригам Янгийн Их Сургуулийн хөлбөмбөгийн багийн үнэнч дэмжигч байв.

Мэдээж дуртай өнгө нь цэнхэр байсан болохоор тэр цэнхэр өнгийн гэрэл өлгөх хүсэлтэй байлаа. Харин ээж маань цэнхэр өнгө Христийн мэндэлсний баярын өнгө биш гэж хэлсэн учраас аав жил болгон улаан, ногоон, цагаан гэрлийг дээврээс нямбай гэгч унжуулан өлгөдөг байв. Тэр ээжээр даажигнах гэж гэрлүүдийн нэгийг тод цэнхэр чийдэнгээр сольсон байлаа. Сайн харах юм бол улаан, ногоон, цагаан гэрлүүд дунд ганц цэнхэр чийдэн гэрэлтэн байгааг харж болохоор байв.

Жил бүр цэнхэр чийдэн өөр өөр байрлалаас гэрэлтдэг байсан. Заримдаа тэр чийдэнг хэнд ч харагдахгүй булан хавьд, заримдаа гараж, довжооны дээхнэ гэх мэтчилэн байрлуулдаг байлаа. Энэ нь ээж, аав хоёрын хооронд болдог хөгжилтэй тоглоом байв.

Нэг жил аав маань Христийн мэндэлсний баяр болохоос хоёрхон хоногийн өмнө гэнэт нас барсан юм. Түүний оршуулгын ёслол дээр жил болгон өлгөдөг байсан цэнхэр чийдэнгийнх нь тухай түүхийг ярьж билээ. Удаах орой нь ээж цонхоор харав. Гудамжны эсрэг талд, хөршийнх нь довжоон дээрх цагаан гэрлүүд дунд ганц цэнхэр гэрэл байлаа. Хэдхэн хоногийн дотор олон хөрш, найз нөхөд нь Христийн мэндэлсний баярын гэрлүүдийнхээ дунд цэнхэр чийдэн нэмсэн байв. Зарим нь бүр бүхэл бүтэн модыг цэнхэрээр чимсэн гээч.

Ээжийн маань найз нөхөд, хөршүүд цэнхэр гэрлээр чимэглэж, хайраа илэрхийлсэнд би талархдаг. Тэд “гашуудах тэдний хамт гашуудаж … мөн тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруул[ах]” (Moзая 18:9) гэдэг нь ямар утга учиртай болохыг олж мэдэхэд надад тусалсан. Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийн Хүүг бэлэг болгон өгсөнд би бас талархдаг. Есүс Христ байгаа учраас л би аавтайгаа дахин уулзах боломжтой.