2016
Надад хэрэгтэй байсан номлолын үйлчлэл
2016 оны арванхоёрдугаар сар


Надад хэрэгтэй байсан номлолын үйлчлэл

Зохиогч нь Бразилын Сан Паулод амьдардаг.

Хэдийгээр би Сүмийн гишүүн ч гэлээ надад номлогчид хэрэгтэй байв.

young man praying

17 нас хүрэхэд бүх найз маань явсан байлаа. Тэд хол газар нүүсэн, номлолд үйлчлэхээр явсан эсвэл зүгээр л найзлахаа больсон байв. Би гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан ч ганцаардсан хэвээр байлаа. Гэрийнхнээсээ гадна надад ямар ч тус дэм болох хүн байдаггүй байсан бөгөөд хичээсэн ч бусадтай таарч тохирохгүй байв.

Нэг өдөр тойрогт маань шилжин ирсэн шинэ номлогчид өөрсдийгөө танилцуулахаар манай гэрт ирсэн юм. Тэд бидэнд хэрхэн тусалж болох талаар асууж билээ. Би зөвхөн өөрийнхөө гунигтай, ганцаардмал байдлын тухай бодож байсан тул тэдний хэлж байгаа зүйлд ач холбогдол өгсөнгүй. Дараа нь тэд надад зарим хичээлийг зааж тусалбал баярлана гэж хэллээ. Би ямар их гайхсан гээч! Яагаад тэд сэтгэл санааны хувьд тийм ч сайнгүй байгаа нь илт ийм хүнээс тусламж хүсэх болсон юм бол?

Би ч туслахаар зөвшөөрч, зарим хичээлд нь хамт явах болов. Номлогчид зааж байгаа хүмүүстээ туслахын зэрэгцээ надад сайнаар нөлөөлсөн юм.

Ахлагчдын нэг нь шилжихэд, номлогчидтой хамт цаг заваа өнгөрүүлэх болсноос хойш амьдрал маань дээрдэж эхэлснийг би анзаарав. Манай бүсэд дараа нь ирсэн номлогч бид хоёр олон талаараа адилхан байсан бөгөөд би ч номлогчидтой цагаа үргэлжлүүлэн өнгөрөөх боллоо. Тэд надад урам зориг өгч, зааж сурган, тус дэм болдог байв. Хэцүү өдрүүдэд тэд сэтгэлийг маань сэргээдэг байлаа. Хэлний саад бэрхшээлтэй, цаг зав муутай байсан ч номлогчид надад туслах гэж хичээдэг байв. Номлогчид надад ганцаараа биш гэдгийг олж мэдэхэд тусалсан. Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ хоёр бусдаар дамжуулан намайг харж хамгаалан, тусалж байв.

Тэр шинэ номлогчийг явахад би түүнд намайг аврах Их Эзэний мутар дахь зэмсэг байж чадсанд нь талархаж билээ. Тэр миний хувьд адислал байсан учраас энэ номлолд ирсэнд нь би талархаж байв.

Тэр цаг мөчөөс өмнө надад номлолд үйлчлэх хүсэл бараг төрж байгаагүй боловч номлогчдыг хараад үйлчлэх хүсэл төрсөн юм. Би удахгүй номлолдоо явах гэж байгаа бөгөөд яг тэр номлогчдын адил Их Эзэнд бүхнээ зориулж чадна гэж найдаж байна.

Эхний удаад номлогчид гэрт маань ирэхээс өмнө нэгэн шөнө ганцаардан, залбирч байснаа би санадаг. Би Бурханаас надад тусалж, тус дэм болох ганцхан найз өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйсан юм. Их Эзэн миний залбирлыг огт бодож байгаагүй арга замаар хариулж номлогчдыг илгээсэн. Би Есүс Христ амьд бөгөөд номлогчид Түүний үйлчлэгчид гэдгийг мэднэ.