2016
Итгэл, найдвар, энэрэл: Нэг нэгэндээ харилцан нөлөөлдөг зан чанарууд
2016 оны арванхоёрдугаар сар


Итгэл, найдвар, энэрэл: Нэг нэгэндээ харилцан нөлөөлдөг зан чанарууд

Итгэл, найдвар, энэрэл гэсэн зан чанар хамтдаа биднийг Христийн жинхэнэ дагалдагч болоход тусалдаг.

rope and blocks

Гэрэл зургийг iStock/Thinkstock

Мормоны Номын Моронайн цэдэг арван бүлгээс бүрдсэн, харьцангуй богино ном ч гэсэн олон сайхан зөвлөгөөг бидэнд өгдөг. Моронай, Мормон хоёр хоёулаа сайн мэдээний үнэ цэнтэй зарчмуудыг заасан. Моронай аавынхаа Мормоны Номын хураангуй бичгийг хийж дуусгасны дараа итгэл, найдвар, энэрлийн хоорондох холбоосын тухай заасан сургаалыг нь дахин дахин дурдсан байдаг. Мормон, Моронай хоёр энэ гурван зарчмын ач холбогдлыг онцлохыг хүсэж байсан нь илт.

Өмнө нь би Мормоны Номыг судалж байхдаа энэ гурван зарчмыг барилгын хавтан маягаар хардаг байв. Эхлээд итгэл, дараа нь найдвар, эцэст нь энэрэл. Энэ дараалал надад логикийн дагуу ойлгомжтой санагддаг байсан. Итгэл өсөхийн хэрээр бид илүү гүн судалж, мэдлэгээ нэмэгдүүлэх бөгөөд найдварын зарчмыг амьдрал дээрээ хэрэгжүүлж эхэлнэ. Харин итгэл, найдвар хоёр хамтдаа биднийг өөрчлөн, Аврагчийн алхаж байсан замаар хөтөлж, бид энэрлийн шинж чанарыг өөртөө хөгжүүлж эхэлдэг гэх мэт.

Гэхдээ би сүүлийн үеийн судалгааныхаа үр дүнд итгэл, найдвар, энэрлийг арай өөрөөр ойлгох болсон юм. Одоо би эдгээр нь нэг нэгэндээ харилцан нөлөөлдөг зан чанарууд бөгөөд бидний гэрчлэлийг хөгжүүлж, тодорхойлоход нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бодох болсон.

Манай охин Жой үлээдэг бөмбөлгүүдийг хооронд нь холбон мушгиж амьтан, эд зүйлс хийх дуртай. Нэг өдөр би түүний ийнхүү хийж байгааг хараад, олсыг хэд хэдэн утсаар томж хийдэг тухай бодов. Энэ нь надад итгэл, найдвар, энэрэл хамтдаа нийлэн, бат бөх олс болж байгаа хэмээн олж авсан шинэ ойлголтоо төсөөлөн бодоход тусалсан юм.

Итгэл: “Та нар … хүчтэй байх болно”

Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл нь мөнх амьдралыг олж авахаас гадна дэлхий дээрх бидний амьдралын үндэс суурь болдог. “Мөн Христ хэлдэг: Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд шаардлагатай болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно” (Moронай 7:33). Би энэ хүчийг итгэлээр дамжуулан олон удаа амьдралдаа ашиглаж байсан. Түүнчлэн би хүнд хэцүү цаг үеийг итгэлээр даван туулж ч байсан.

Би Хавай дахь Бригам Янгийн Их Сургуульд сурч байхдаа шинэ орчинд амьдарч, төрөлх бус англи хэл дээр ярих хэрэгтэй болсон юм. Энэ нь надад хэцүү байсан бөгөөд хэрэв би сургалтынхаа тэтгэлгийг авч үлдэхийг хүсэж байвал академик тал дээр тусламж авах хэрэгтэй гэдгээ ойлгож байсан юм. Тусламж авахгүйгээр сургуульдаа үлдэх ямар ч боломж байхгүй байв. Үүнээс гадна би ням гарагт хичээлээ хийхгүй байхаар шийдсэн байлаа.

Нэгэн өдөр Сургаал ба Гэрээнээс уншиж байхад нэгэн шүлгийн мөр гэнэт анхаарлыг минь татав. 109-р хэсгийн 7-р шүлгийг уншиж байхад “Та нар … бүр сурахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл” гэсэн мөр таарлаа. Энэ шүлэг хичээл сургуульдаа амжилт гаргах түлхүүр маань болж билээ. Би долоо хоногийн зургаан өдөр итгэлтэй байж, шаргуу суралцсанаар сурах явц маань адислагдсан. Ангийн зарим хүүхэд яаж ням гарагт хичээл хийхгүйгээр ийм сайн сурч байгааг маань ихэд гайхдаг байлаа. Үүнээс үндэслэн би итгэлээр суралцах юм бол олон саад бэрхшээлийг ялан дийлэх боломжтой гэдгийг мэдэж авсан юм.

Үүнтэй адил зүйл бизнесийн талбарт ажиллахаар зэхэж байхад маань бас тохиолдож билээ. Надад маш сайхан ажлын санал ирсэн боловч ням гарагт ажиллах шаардлагатай байлаа. Би Хүндэтгэлийн өдөр ажиллахгүй байхаар шийдсэн учраас эцэст нь тэр ажлын саналаас татгалзсан. Би Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахина гэсэн шийдвэрээсээ ухарч чадсангүй. Сургуульд байсантай адил үүний дараа надад буулт хийх шаардлагагүй болж, ням гаргийг Их Эзэнийг шүтэн бишрэхэд бүрэн зориулах боломж олгосон олон сайхан бизнесийн боломж гарч ирсэн билээ.

Тэнгэрлэг адислалтай холбодог олсыг оюун ухаандаа бий болгохдоо итгэлийн бат бөх утаснаас эхэлцгээе.

Найдвар: “Мөнх амьдралд босгогдохын тулд”

man standing in field

Гэрэл зургуудыг © Djorje_Stojilijkovic болон urfinguss/Thinkstock

Бид албан тушаал дэвшээсэй, үр хүүхдүүд маань сайн сайхан амьдраасай, Сүмийн үйлчлэлийг шаардлагын дагуу сайн хийчих юмсан, эрүүл саруул байгаасай, амьдралд хэрэгтэй зүйлсээр хангагдаж, гэр бүлээ тэжээчих юмсан гээд олон зүйлд найддаг. Гэхдээ найдварын хамгийн дээд илрэл хаанаас ирдэг юм бол мөн энэ нь биднийг хаашаа хөтлөх бол?

Мормон “Иймийн тул, би сүмийнх болох та нарт, Христийн амгалан дөлгөөн дагалдагчид болох та нарт, мөн энэ цагаас хойшид та нар тэнгэрт түүнтэй амрах болтлоо, Их Эзэний амралтыг олж чадахаар хангалттай найдвар олж авсан та нарт ярья” (Моронай 7:3) хэмээн хэлсэн байдаг.

Мормон биднийг Христийн үнэнч дагалдагч болоход үргэлжүүлэн урихдаа найдварын талаарх сэдвийг дахин хөнддөг. Тэрээр “Мөн та нар юуны төлөө найдах билээ?” гэсэн хүн бүрийн хувьд чухал энэ асуултад: ”Болгоогтун та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой” (Моронай 7:41) хэмээн хариулдаг.

Найдварын ийм илрэл энгийн нэг найдвараас огт өөр. Энэ тэнгэрлэг найдвар Есүс Христийн Цагаатгалаар дамжиж ирдэг. Энэ бол мөнхийн найдвар билээ. Бид ийм найдваргүйгээр эдгээр гайхалтай адислалыг гараа сунгаж авах боломжтой гэдгийг мэдэлгүй долоо хоног бүр сүмдээ ирэх болно. Христээр дамжуулан найдвар маань биднийг Тэнгэрлэг Эцэг рүү болон мөнх амьдрал руу хөтөлнө.

Саяхны Ерөнхий чуулган дээр Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “[Эцэг] Өөрийн Хүүд Түүний цагаатгагч золиослолоор дамжуулан бидний төлөө найдвар өгөхийг зөвшөөрсөн. Энэ найдвар Түүнд буцаж очих зам хэчнээн хүнд хэцүү байж болох байсан ч биднийг тайтгаруулдаг”1 хэмээн хэлсэн. Бид Есүс Христийн сайн мэдээнд үнэнч хэвээр үлдэж, Түүнд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх юм бол найдвараар дамжуулан өмнө маань хүлээж байгаа адислал, боломжуудыг олж харах боломжтой.

Үүнийг ойлгосноор дараагийн утас болох найдварыг олсондоо нэмцгээе.

Энэрэл: Үнэнч дагалдагчдад өгөгддөг болой

mother studying with child

Бидний олсыг улам бүр бат бөх болгодог гурав дахь зан чанар бол энэрэл юм. Бид Аврагчийн үлгэр жишээг чин сэтгэлээсээ дагаснаар энэрлийн бэлгийг өөрсдөдөө хөгжүүлж эхэлдэг. Гэхдээ зөвхөн чин сэтгэлээсээ залбирах үед Бурхан бидэнд энэ бэлгийг бүрэн байдлаар нь өгдөг билээ. Бидэнд амьдралыг өгөгч Түүнийг дагах үед “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) болох энэрэл гэж юу болохын жинхэнэ утга учрыг бид ойлгож эхэлдэг.

Мормон “та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” (Moронай 7:48) хэмээн заасан байдаг. Бид энх тайвныг эрхэмлэдэг дагалдагчдын хувьд хангалттай найдвар хүлээн авсан байж болох ч энэрлийг хүлээн авахын тулд жинхэнэ дагалдагчид болох хэрэгтэй. Хэрэв жинхэнэ дагалдагчид нь болж чадвал бид Түүнтэй илүү адилхан болох бөгөөд энэ бол амьдралын маань зорилго билээ.

Христийн цэвэр хайрыг зүрх сэтгэлдээ суулгаснаар бид бүх хүнд мөн Бурханд үйлчлэх тэнгэрлэг шинж чанар болох энэрлийг хүлээн авах нь гарцаагүй. “Хэрэв хүмүүн хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон, мөн Ариун Сүнсний хүчээр Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөг аваас, түүнд энэрэл байх нь гарцаагүй; учир нь түүнд энэрэл үгүй бол тэр хэн ч биш билээ; иймийн тул түүнд энэрэл байх нь гарцаагүй” (Моронай 7:44).

Одоо бидэнд олсыг маань бүрдүүлдэг нэн чухал гурван утас байна. Тэгэхлээр эд нар хэрхэн хамтдаа ажилладаг талаар ярилцацгаая.

Гурвуулаа хамтдаа ажилладаг

“Иймийн тул, итгэл байх учиртай; мөн хэрэв итгэл байх ёстой аваас түүнчлэн найдвар байх учиртай; мөн хэрэв найдвар байх ёстой аваас түүнчлэн энэрэл байх учиртай.

Мөн та нар энэрэлтэй байхгүй аваас Бурханы хаант улсад та нар яавч аврагдаж чадахгүй; бас хэрэв та нар итгэлгүй аваас Бурханы хаант улсад аврагдаж чадахгүй; мөн хэрэв та нар найдвар үгүй аваас мөн чадахгүй” (Моронай 10:20–21).

Итгэл, найдвар, энэрэл нь одоо надад барилгын хавтан шиг биш, харин нэг нэгэнтэйгээ сүлжилдэн нийлсэн мэт харагдах болсон. Бид итгэлээ хөгжүүлээд, дараа нь найдварыг олж аван, харин найдварыг олж авсныхаа дараа энэрлийг хөгжүүлээд дуусчихдаггүй. Тэд хамтдаа ажилладаг. Тэд хамтдаа сүлжилдэн нийлснээр бидний зан чанар, гэрчлэлд хамтдаа тусалдаг билээ.

Эшлэл

  1. Хэнри Б.Айринг, “Тайтгаруулагч,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 139.