2016
Аз жаргалтай төгсгөлөө бүтээх нь
2016 оны арванхоёрдугаар сар


Аз жаргалтай төгсгөлөө бүтээх нь

Зохиогч нь Оросын Воронежид амьдардаг.

Би мөнхийн ханиа олохын тулд залбирч байсан ч түүнийгээ ариун сүмд хүргэх галт тэргэнд хажууд минь сууж явна чинээ санасангүй.

man and woman on a train

Зураг чимэглэлийг ЖОШУА ДЭННИС

Би Сүмийн гишүүн болсноос хойш 10 жилийн дараа хань болох хүнээ хайж олох хэрэгтэй гэсэн баталгаа хүлээн авсан юм. Би селестиел гэрлэлтийн сургаалыг ойлгодог байсан бөгөөд ийм байдлаар гэрлэж, гэр бүлтэй болохыг хүсэн, чин сэтгэлээсээ залбирдаг байлаа. Би өөрийн амьдардаг Оросын Самарагаас яаж хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйг олохоо сайн мэдэхгүй байсан ч Их Эзэн надад тусална гэдэгт итгэж байв (1 Нифай 3:7-г үзнэ үү).

2009 онд намайг Оросын Самара номлолын арван хотод хийгдэх ганц бие насанд хүрэгчдийн чуулганд оролцоход урьсан юм. Эдгээр үйл ажиллагаа надад мөнхийн ханиа олох боломж өгөх байх гэж би найдаж байлаа.

Би чуулгануудад оролцож, бүх зүйл олон талаараа сонирхолтой байсан. Гэвч олон сар өнгөрсөн ч болзох ямар ч харилцаа тогтоож чадсангүй.

Би санаа зовон, Их Эзэнээс туслахыг гуйлаа. Үүний хариуд надад Сүмээс гадуур харилцаа холбоо үүсгэхээр уруу татагдаж магадгүй гэсэн сэрэмжлүүлсэн бодол орж ирэв.

Бошиглогчид бидэнд ариун сүмд гэрлэхийг эрэлхийлэх хэрэгтэй гэж заасныг мөн би эхнэртэйгээ хамт Аврагчийг дагах гэж хичээхгүй юм бол баяр баяслын бүрэн байдлыг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэж байлаа. Би ийм зүйлд уруу татагдахгүйн тулд сүнслэг хүч хүлээн авч, Аврагчийн надад зориулсан төлөвлөгөөг дагахад туслахыг хүсэн, үргэлжлүүлэн залбирсаар байв.

Үүний зэрэгцээ би Финляндын Хельсинкийн ариун сүм рүү тогтмол хийдэг долоо хоногийн аялалдаа бэлдэж эхэллээ.

Галт тэргэнд ганц бие болохыг нь олж мэдсэн Марияг оролцуулбал надаас гадна гурван аялагч байв. Тэр гадаад төрх, сүнслэг байдал гээд аль ч талаараа дур булаам нэгэн байсан бөгөөд би яагаад ийм эмэгтэйтэй өмнө нь учирч байгаагүй юм бол гэж бодлоо. Надад өмнө нь Сүмээс гадуур харилцаа холбоо үүсгэхээр уруу татагдаж магадгүй гэж сэрэмжлүүлсэн тухай бодов.

Би “Тэвчээртэй бай, Зарчимдаа үнэнч бай. Тэгэх юм бол чи Сүмээс зохистой, сайхан эгчийг олж чадна” гэж бодлоо.

Ядаж сайн номлогч гишүүн байя даа, магадгүй сайн мэдээнээс түүнтэй хуваалцаж болох юм гэж бодон, сүнслэг өдөөлт хүлээн авахын тулд Мормоны Номоо уншихаар гаргаж ирэв. Бас тэр анзаарч магадгүй гэсэн бодол төрлөө. Гайхалтай нь Мария “Би чамайг хаашаа явах гэж байгааг чинь мэдлээ!” гэж чанга хэлэв.

Би толгойгоо өндийлгөн харахад тэр ч гэсэн Мормоны Ном барьсан байгааг харлаа. Тэр ч гэсэн Сүмийн гишүүн байсан бөгөөд ариун сүм рүү явж байсан аж.

Өглөө нь бид автобусаар Хельсинки орохоор хамт явав. Мария Оросын Москвагийн Баруун номлолын Воронеж хотоос ирсэн болохыг нь би мэдэж авлаа. Надад тэр шууд таалагдсан болохоор удирдамж хүлээн авахаар чин сэтгэлээсээ залбирч байв. Үүний хариуд зүрх сэтгэлд маань сайхан мэдрэмж төрсөн юм.

Би “Их Эзэн минь бид ариун сүмд ганцхан долоо хоног өнгөрүүлнэ. Энэ хугацаанд бидэнд нэг нэгэнтэйгээ илүү сайн танилцахад туслаач” гэж залбирав.

Бид сайн танилцаж амжсан юм. Ариун сүмийн ээлж солигдох хооронд бид хамт алхлан, хоол идэж, дэлгүүр орж, ярилцдаг байлаа. Долоо хоногийн төгсгөлд Мария Воронеж рүү, харин би Самара руу гэртээ харив. Бид нэг нэгнийхээ хотод зочлон очиж, улам дотно танилцсаар 2010 оны 9-р сарын 14-нд шинээр онцгойлон адислагдсан Киевийн Украины ариун сүмд гэрлэсэн билээ.

Мария бид хоёр одоо Воронежид аз жаргалтай амьдардаг. Зөвхөн үлгэр л “амар сайхандаа жаргаж гэнэ” хэмээн төгсдөг гэдгийг бид хоёр хоёулаа мэднэ. Бодит амьдрал дээр бид ариун сүмийн гэрээнүүдээ сахин, гэрлэлтээ хүчирхэгжүүлэхийн тулд ажиллаж, Есүс Христтэй адилхан болохыг эрэлхийлэх замаар Их Эзэнд итгэлтэй гэдгээ нотлон харуулснаар өөрсдийн аз жаргалтай төгсгөлийг бүтээдэг.

Бид ийм гайхамшигтай байдлаар учирсандаа талархаж явдаг бөгөөд бидний түүх мөнхийн ханиа хайж байгаа хүмүүсийн сэтгэлд найдварын оч асаан, хүч чадал өгөх байх гэж найдаж байна. Өөр хүмүүсийн түүх бид хоёрынхтой адил өрнөхгүй байж болох ч ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдлоо гэсэн Их Эзэн бидний чин сэтгэлийн залбирлыг сонсдог гэдгийг Мария бид хоёр мэднэ. Тэр бидэнд хайртай бөгөөд хүн бүрд санаа тавьдаг. Хэрэв бид Түүнд боломж олгох юм бол замыг маань зааж, бүх зүйлийг бидний сайн сайхны тулд ажиллуулах болно (С ба Г 90:24-ийг үзнэ үү).