2016
Сонгох хүч
2016 оны арванхоёрдугаар сар


Сонгох хүч

Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.

Номлолд үйлчлэх үү эсвэл мэргэжлийн бялдаржуулах урлагийн тамирчин болох уу? Найзын маань хуваалцсан судар болон эшлэл надад шийдвэрээ гаргахад тусалсан юм.

weightlifting

Нэгэн өдөр над руу нэг эрэгтэй утасдаад, бялдаржуулах урлагийн үзүүлбэрүүдийг чинь үзсэн бөгөөд ивээн тэтгэхэд бэлэн байна гэж хэлэхэд нь би ямар их баярласан гээч. Тэр миний өмсөх хувцас, уух уураг, Европт очиж үзүүлбэрт оролцох нислэгийн маань зардлыг төлнө гэлээ. Тэр ч байтугай намайг сэтгүүлийн нүүрэн дээр гарч болно гэсэн юм. Бялдаржуулах урлаг миний хүсэл тэмүүлэл байсан бөгөөд мөрөөдөл маань биелэх гэж байв. Гэвч гол асуудал нь би номлолын өргөдлөө хэдэн өдрийн өмнө явуулсан байлаа. Би тэр эрэгтэйд санал болгосон зүйлийнх нь талаар бодож үзээд, хариу өгье гэж хэлэв.

Би амьдралдаа урьд өмнө хийж байгаагүй хэцүү шийдвэрийг гаргах хэрэгтэй боллоо. Эцэг эх маань ивээн тэтгэх хүн олдсон талаар сонсохыг ч хүсэхгүй байлаа. Тэд “Номлолын чинь дараа ийм боломж гарч ирж магадгүй шүү дээ” гэж хэлсэн юм. Гэвч би энэ тухай бодохгүй байж чадахгүй байв. Би номлолд явж, Их Эзэнд үйлчлэх ёстой гэдгээ мэдэж байсан ч мөрөөдөл маань биелэх гэж байлаа.

Би найзуудаасаа яавал зөв гэж бодож байгаа талаар асуулаа. Зарим нь ивээн тэтгэгчийг сонгосон нь дээр гэж байхад, зарим нь Сатан чамайг номлолд явуулахгүйн тулд чиний эсрэг ажил хийж байна гэв.

Нэг өдөр миний нэг сайн найз ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний (1899–1994), “Амьдралаа Бурханд зориулдаг эрэгтэй, эмэгтэйчүүд Бурхан тэдний амьдралыг өөрсдөө бие дааж хийхээс хамаагүй илүү үр бүтээлтэй болгож чаддаг гэдгийг олж мэддэг. Тэр тэдний баяр хөөрийг гүнзгийрүүлж, харах хүрээг өргөтгөн, оюуныг хурцалж, булчинг чангаруулан, сүнсийг өргөж мөн адислалыг нь олшруулж, боломжуудыг нэмэгдүүлэн, бодгалиудыг тайвшруулж, найзуудыг өсгөж мөн амар амгаланг цутгадаг”1 гэсэн эшлэлийг хуваалцсан.

Тэр эшлэл надад гүн гүнзгий нөлөөлсөн юм. Бас “Мөн хүмүүний үрс Бурханы зарлигуудыг дагавал тэрээр тэднийг асран мөн тэднийг хүчирхэгжүүлж, бас тэдэнд өөрийн зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах арга замуудыг хангаж өгөх бөлгөө” (1 Нифай 17:3) гэсэн Мормоны Номоос уншсан судар ч бас нөлөөлөв.

Энэ эшлэл, судар, найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дэмжлэг туслалцаатай би номлолд үйлчлэхээр шийдэж, Боливийн Кочабамба номлолд үйлчлэхээр дуудагдсан юм.

Номлолд үйлчлэх болсон маань амьдралдаа хийж байсан хамгийн ухаалаг шийдвэр байв. Үйлчилж байхдаа би испани хэлийг маш хурдан сурах гэх мэт тоолж баршгүй олон адислал хүлээн авсан.

Их Эзэн гэр бүлийг маань ч гэсэн адисалсан билээ. Намайг номлолд байхад том ах маань 12 жилийн дараа анх удаа сүмд очсон гэсэн э-мэйлийг би аав ээжээсээ хүлээн авсан. Дараа нь ах маань ням гараг бүр сүмд явахын тулд ажлынхаа цагийн хуваарийг өөрчлөн, Мормоны Номыг унших зорилго тавьсан. Эрэгтэй дүү маань ч гэсэн амьдралдаа зарим өөрчлөлт хийх гээд чаддаггүй байснаа итгэлээ хүчирхэгжүүлж чадсан юм. Үеэл маань идэвхтэй болж, долоо хоног бүр ариун сүмд орж, нас барагсдын өмнөөс баптисм хүртэх болсон. Бид үнэхээр их адислагдсан.

Эшлэл

  1. Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 42–43; онцлон бичилт нэмэв.