Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Тэнгэр элчүүдийн ариун ёслол
Талархлын баяр өнгөрснөөс хойш хэдэн өдрийн дараа гурван настай хүү Дрю маань өвдсөн юм. Тэр өглөө бүр сэрээд, өглөөний хоолоо идэж, хувцсаа өмсдөг байсан ч өдөр хоног өнгөрөх тусам сульдаж, хоолоо ч идэхээ болив.
Энэ байдал хэдэн долоо хоног үргэлжиллээ. Эцэст нь 12-р сарын 18-ны баасан гаргийн үдийн 3 цагийн үед би Дрюг дагуулан эмчид үзүүлэхээр ирлээ. Дрю ганцаараа зогсож, явж чадахгүйн зэрэгцээ арьс нь зэвхий даан цонхийсон байв.
Би эмч рүү хараад, “Хүү маань сүүлийн гурван долоо хоногийн турш өдөр, оройн цагаар ийм байдалтай байх болсон” гэв. Эмч Дрюг хараад, шууд эмнэлэгт хэвтүүллээ. Тэд шинжилгээ хийсэн боловч яг юу нь болохгүй байгааг тогтоож чадсангүй.
Маргааш нь Дрюг өөр эмнэлэг рүү шилжүүллээ. Тэр ням гаргийн өглөө би сэтгэлээр унав. Хоёр хоног өнгөрч, олон шинжилгээ хийсэн ч гэсэн хүүгийн маань яг юу нь болохгүй байгааг мэдэж чадсангүй. Ядаж байхад Христийн мэндэлсний баярын өмнөх ням гараг байлаа. Жилд болдог миний хамгийн дуртай ариун ёслолын цуглаан бол Христийн мэндэлсний баярын үйл ажиллагаа бөгөөд би тойрогтоо дуулагдах сайхан дуунууд болон хэлэх сайхан үгсийг сонсож чадахгүйд хүрэв.
Би нөхөр, Дрю хоёртойгоо хамт ариун ёслолын цуглаан болох гэж байгаа эмнэлгийн өрөө рүү явах замдаа сэтгэлээр бүрмөсөн унасан байлаа. Толгойгоо гулдайлгасаар хөтөлбөр өрж тавьсан ширээ рүү дөхөж очоод, нэгийг аван явж байхдаа хэн нэгэнтэй мөргөлдөх нь тэр.
Би толгойгоо дээш өргөөд, “Уучлаарай” гэсэн боловч хэн ч байсангүй. Ариун ёслол болох өрөө том заал шиг харагдав. Тайзан дээр үг хэлэх хүмүүсийн суух сандлыг мөн төгөлдөр хуур, ариун ёслолд зориулсан ширээг хэдэн сандалтай хамт тавьсан байлаа. Өрөөний энд тэнд өвчтэй хүүхдүүд ээж аавтайгаа сууж байсан бөгөөд ихэнх нь зөөврийн дусалтайгаа ирсэн байв.
Би өрөөг тойруулан хараад, тэнд тэнгэр элчүүд байгааг мэдрэв. Биднийг суудлаа эзлэн суухад нулимс хацар даган урсаж, жилийн энэ үеэр тэмдэглэдэг энэ сайхан баяраар янз бүрийн өвчнөөр өвдөж, зовж шаналан, эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдээ хайрлах Бурханы хайрыг би мэдэрсэн юм.
Энэ нь миний амьдралд болж байсан хамгийн сайхан ариун ёслолын цуглаан болсон.
Эмч нар Дрюгийн юу нь өвдсөн болохыг тогтоож чадаагүй бөгөөд түүнд өвчний шинж тэмдгийнх нь дагуу уух эм бичиж өгөөд, маргааш нь эмнэлгээс гаргасан юм. Энэ үйл явдлаас хойш өвчин нь дахин сэдрээгүй ч би Христийн мэндэлсний баярын ариун ёслолын тэр цуглааныг хэзээ ч мартахгүй.