2016
Ач ивээлийн тэнгэрлэг хүч
2016 оны арванхоёрдугаар сар


Ач ивээлийн тэнгэрлэг хүч

2014 оны 6-р сарын 3-нд Хавайн Бригам Янгийн Их сургууль дээрх Сүмийн боловсролын онцгой цугларалт дээр хэлсэн “Түүний ач ивээл танд хангалттай” сэдэвт үгээс авав. Бүрэн эхээр нь үзэх бол devotional.byuh.edu хаягаар орно уу.

Ач ивээл нь бидэнд Христтэй байх бүрэн эрхээ авах хүртлээ зарлигуудыг төгс дагаж, бурханлаг замаар явах боломж олгох зорилготой.

Christ appears to the Nephites

Уолтер Рейний Тэд бяцхан хүүхдүүдээ авчрав зургаас авав, хуулбарлаж болохгүй

Есүс Христийн бүх зан чанарын хамгийн чухал нь “нигүүлслээр … дүүрэн байсан” (Иохан 1:14) явдал юм. Судруудад нигүүлсэл буюу ач ивээл гэдэг нэр томъёо нь хүмүүнд адислал, бэлэг өгөх юм уу өөр бусад байдлаар таатай хандах бурханлаг эрхийг хэлдэг. Библийн толь бичигт “[ач ивээл] гэсэн үгийн гол агуулга нь бурханлаг тусламж, хүч чадал гэсэн утгатай. … Ач ивээл бол боломж олгогч хүч юм” (“Grace”) гэсэн байдаг. Энэ нь хүлээн авагчид дан ганц өөрийн хүчээр хийж чадахгүй зүйлээ хийж, болж чадахгүй байгаа тийм хүн болох боломжийг олгодог.

Бидэнд ийм боломж олгогч хүч хэрэгтэй. Бид бол Бурханы хөвгүүд, охид билээ. Тиймээс бидэнд Түүнтэй адилхан болох чадавх бий.

Бидний Сүнсний болон бие махбодын дутмаг байдал

Хэдийгээр биднээс “Христийн дүүрэн байдлын” (Ефес 4:13) хэмжээнд хүрэхийг хүсдэг ч гэлээ бид дангаараа үүнийг хийж чадахгүй. Бидний хүн нэг бүр мөнх орших сүнс, мөнх бус биеэс (Абрахам 3:18-ыг үзнэ үү) бүтдэг. Бидний мөнх орших сүнс мөнх бус байдлын өмнөх дэлхийд хийсэн сонголтын маань үр дүн болж энэ дэлхийд ирдэг. Мөнх бус байдлын өмнөх оршихуйд хийсэн эдгээр сонголт бидний ааш авир, зан чанар, оюун санааны сүнслэг чадамжийн нэгээхэн хэсэг билээ. Хамгийн гол нь ямар ч сүнс өөр хоорондоо адил байдаггүй (Абрахам 3:19-ийг үзнэ үү). Сүнс бүр мөнх бус байдлын өмнөх оршихуйд хийсэн сонголтынхоо дагуу өөр өөр түвшний сүнслэг оюун ухааныг, өөрөөр хэлбэл гэрэл, үнэнийг эзэмшдэг (С ба Г 93:36-г үзнэ үү). Бидний сүнс мөнх бус биендээ цэвэр, ариун, бүр эрхэм, агуу байдлаар ирдэг хэдий ч ямар ч хүний сүнс Христийн бүрэн байдалд төгс хөгжиж боловсроогүй байдаг. Мөнх бус байдалд олж авах мэдлэг, сүнсний дэлхийд олж авах нэмэлт туршлагаар дамжуулан сүнсээр төгс болохыг эрэлхийлж болох ч Амилуулалт хүртэл сүнсээр төгс болох боломжгүй.

Бидний сүнс төгс бус байдгаас гадна мөнх бус бие маань мөн адил төгс бус билээ. Хэдийгээр гайхамшигтай сайхан ч гэсэн мөнх бус бие маань өмнө нь мэддэггүй байсан ялзрал, доройтол, үхэл, тачаал, бие махбодын хэрэгцээ, дүр хүсэлд автдаг. Ийм нөхцөлд байдалд бие махбодыг сүнсний хүсэлд бүрэн захируулах маш хэцүү. Ихэвчлэн сүнс нь бие махбодын эрхшээлд ордог. Дэлхий дээр ирсэн зарим агуу сүнс бие махбодоо захирах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан байдаг. Нифай “Тийм ээ зүрх минь маханбодийнхоо учир харуусч” байна гээд, “Би хүрээлэгдсэн нэгэн, намайг туйлын амархнаар хавчих тэр уруу таталтууд болон нүглүүдийн улмаас болой” (2 Нифай 4:17, 18; мөн 27-р шүлгийг үзнэ үү) хэмээн харууссан байдаг.

Сүнс, бие махбод хоёрын хоорондох тэмцлийг мөнх бус байдлын өөр нэгэн зүйл улам хүндрүүлдэг. Бидний бие махбод “унасан” дэлхийн эд материалаас бүрдсэн болохоор энэ нь Сатанд “боолчлох хүчийг” (2 Нифай 2:29) өгдөг. Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) дараах зүйлийг ажигласан байна. “Бид бие махбодтой байхдаа нүглийн уруу таталтаас хэзээ нэгэн цагт суллагдана гэж бүү бод. Зарим хүн бие махбодтой байхдаа ариусгагдсан бие, сүнстэй мөн үнэний дайсны хүчийг хэзээ ч дахин мэдрэхгүй тийм ариун болно гэж бодож байж магадгүй. Хүмүүн бие махбодтой байхдаа ийм түвшинд төгс болж чадах байсан бол үхэх байсан бөгөөд нүгэлд автсан дэлхийд байж чадахгүй байх байсан. … Бид амьд байх хугацаандаа нүглийн нөлөөг их бага хэмжээгээр мэдэрсээр эцэс сүүлд нь насан эцэс болно.”1

Ач ивээлийн тэнгэрлэг хүч

Бодгалиа одоогийн сул дорой байдал, дутагдалтайгаа хамт бурханлаг бүх хүч чадал, сайн чанар, чадавхаар өөрчлөхийн тулд бидэнд тэнгэрлэг хүч хэрэгтэй. Аз болоход ийм тэнгэрлэг хүч байдаг бөгөөд энэ нь Бурханы ач ивээл юм. Бидэнд зөвхөн Бурханы ач ивээлээр “нэмэгдэх болно” (Абрахам 3:26), ингэж чадвал бид яваандаа Христийн бүрэн байдлыг хүлээн авна. Үнэхээр Христ Өөрийн бүрэн байдлыг яг ийм замаар олж авсан юм.

Их Эзэн Иосеф Смитэд хэлснээр: “Гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг” (С ба Г 50:24) билээ. Хэрэв бид хайнга хандан, хойш тавьж, тэр ч байтугай Их Эзэнээс харамгүй хүлээн авсан адислалуудыг үл ойшоох аваас “илүү агуу зүйлүүд [биднээс] далдлагдах болно” (3 Нифай 26:10). Ийм нөхцөлд бид “Бурханы нигүүлслийг дэмий хоосон авах” (2 Коринт 6:1) бөгөөд эцэст нь “ач ивээлээс [бүрмөсөн] уна[даг]” (С ба Г 20:32).

Бид одоогийн сул дорой, төгс бус байдалд өөрсдөдөө болон бусдад тэвчээртэй хандаж, хүссэн хүсээгүй удаан үргэлжлэх төгс байдал руу өсөж хөгжих үйл явцад шаргуу хичээнгүй хандах зан чанарт суралцах ёстой гэдгийг энэ бүхэн харуулж байна.

Есүс Христэд итгэх итгэл

Ач ивээлийг хүлээн авдаг үйл явцыг ойлгох нь хэрхэн зарим зарчим бидэнд ач ивээлийг бүрэн хүлээн авах боломжийг олгодог болохыг ойлгоход тусалдаг. Есүс Христэд итгэх итгэл нь ач ивээлийг урин авчирдаг анхны зарчим юм (Ром 5:1–2-ыг үзнэ үү). Үнэн, найдвар, үйлдэл, батлах гэрчүүд зэрэг нь итгэлийн нэн чухал хэсгүүд бөгөөд Их Эзэний ач ивээлээс хүртэх арга зам билээ.

Жишээлбэл, Петрийн усан дээгүүр Их Эзэн рүү алхсан туршлагын талаар бодож үз. Бидэнд ч гэсэн зарим үед тохиолддогийн адил Петр болон шавь нар давалгаалсан тэнгисийн дунд байв. Есүс усан дээгүүр алхлан, тэднийг Өөр рүү нь ир хэмээн хэлдэг. Петр найдвар тээн, завинаас гарч, давалгаалсан тэнгис рүү орон, Их Эзэн рүү алхдаг. Христэд найдаж, шийдэмгий үйлдэл хийсэн нь түүнд усан дээгүүр явах хүчийг хүлээн авах боломж олгосон юм. Гэхдээ Петр эргэн тойронд салхилах салхийг хараад эргэлзэж, живж эхэлжээ. Тэр “Эзэн, намайг авраач” гэж орилоход, хариуд нь “Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зуурав” (Матай 14:30–31) хэмээн судар дээр цэдэглэсэн байдаг. Петр харцаа Их Эзэн дээр төвлөрүүлэн, итгэлээр үйлдэх үед усан дээр алхах буюу өөрийн дан ганц чадлаар хийж чадахгүй зүйлийг хийх хүч түүнд байсан.

The Savior Walked on Water

Уолтер Рейний Аврагч усан дээгүүр алхсан нь зургаас авав, хуулбарлаж болохгүй

Харин Петр Их Эзэн рүү харахаа больж, эргэлзэж эхлэхэд уг хүчээс өөрийгөө тасалж, ганцаараа үлдэн, живж эхэлсэн байдаг. Тусламж хүсэн орилоход нь Их Эзэн Петрт хэрхэн хариулсанд анхаарлаа хандуулна уу. Их Эзэн “тэр даруй” гараа сунган, түүнийг аварсан. Үүн шиг хэрэгтэй үед Их Эзэн бидэнд туслахад бэлэн байдаг.

Наманчлал

Ач ивээлээс хүртэх боломж олгодог хоёр дахь зарчим бол наманчлал юм. Мормон “Тиймийн тул, наманчлах мөн Их Эзэн Бурханыхаа дуу хоолойг анхааран сонсдог тэд адислагдсан байдаг; учир нь тэд бол аврагдах тэд билээ. Мөн хүмүүн наманчлалд хийгээд сайн ажлуудад авчрагдаж болохыг, тэд үйлүүдийнхээ дагуу ач ивээлийн тулд ач ивээлд сэргээгдэж болохыг Бурхан агуу их бүрэн байдлаараа соёрхох болтугай” (Хиламан 12:23–24) хэмээн заасан байдаг. Энэ судар наманчилсан зүрх сэтгэл болон сайн үйл ач ивээлтэй нийцдэг болохыг тодотгож байна.

Залуу Алмагийн жишээг авч үзье. Тэр болон Мозаягийн хөвгүүд “адгийн нүгэлтнүүд байв” (Moзая 28:4). Их Эзэний тэнгэр элч Алма дээр ирэхэд тэрээр бүх нүгэл, хилэнцтэйгээ нүүр тулсан. Тухайн үед тэр “мөнхийн зовлонд тамлагд[сан]” (Алма 36:12) аж. Тэр “… Бурханыхаа дэргэд ирнэ гэдэг тэр л бодол бодгалийг минь илэрхийлэхийн аргагүй аймшигтайгаар тарчилгахаар … байв” (Алма 36:14) гэж хэлсэн байдаг. Гэхдээ Есүс Христ дэлхийн гэм нүглийг цагаатгахаар ирнэ гэж аавынх нь ярьж байсан нь Алмагийн санаанд орж ирдэг. Энэ дурсамж түүнийг сэтгэлийнхээ угаас “Ай Есүс, Бурханы Хүү та, … намайг нигүүлсээч” (Алма 36:18) гэж хэлэхэд хүргэсэн. Тэр үүнийг бодмогц “өвчнөө цаашид санаж чадсангүй” мөн “нүглүүдийнхээ санамжинд цаашид тарчлагдахгүй бол[дог]” (Алма 36:19).

angel appears to Alma the Younger

Алмагийн бодгалийг тарчлахад хүргэсэн наманчлал нь түүнийг цэвэршиж, өөр хүн болон өөрчлөх хүчийг өгсөн билээ. Үүний дараа тэр Бурханы Сүмийг устгах гэж эрэлхийлэхээ больсон. Түүнээс гадна өмнөх амьдралынхаа алдааг засахын тулд тэр бусдад наманчлан, Ариун Сүнсийг хүлээн авахад туслах замаар Сүмийг зохион байгуулах үйл хэрэгт хөдөлмөрлөх болсон. Адгийн нүгэлтнээс Бурханы бошиглогч болсон залуу Алмагийн хөрвөлт нь бидний хүн нэг бүрийг зөвтгөж, цэвэршүүлэх Их Эзэний хүч чадлын тод жишээ юм.

Даруу байдал

Гурав дахь зарчим нь даруу байдал юм. Их Эзэн Моронайд “Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө даруусгаж мөн надад итгэлтэй байх аваас тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27) хэмээн заасан байдаг. Сул дорой зүйлсийг хүчирхэг болгох нь ач ивээлээр хийгддэг ажил.

Хэрэв даруу байх шаардлагатай юм бол бид эхлээд даруу байдал гэж юу болох талаар асуух нь зүйд нийцнэ. Товчилбол, даруу байдал нь өөрийн хүслийг Бурханы хүсэлд захируулан, хийж бүтээсэн зүйлийнхээ төлөө хүлээн авсан алдар сууг Түүнд өгөхийг хэлнэ. Үүний хамгийн агуу үлгэр жишээ бол Есүс Христ юм. Даруу ба хүлцэнгүй байдал нь Түүний гэтэлгэгч золиослолын үеэр төгс илэрсэн байдаг. Есүс “Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” (Maтай 26:39) хэмээн залбирсан. Энэ үед Христ дээр Бурханы ач ивээлийн бүрэн байдал үер мэт буусан юм.

Хичээнгүй байдал

Дөрөв дэх зарчим бол хичээнгүй байдал юм. Нифай өөрийн хүмүүст “Учир нь бид ач ивээлээр л аврагдаж чадна гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” (2 Нифай 25:23) хэмээн заасан. Зарим хүн энэ судрыг уншаад, хамгийн сайнаараа хичээж зүтгэсний эцэст л Бурханы ач ивээлээс хүртэх боломжтой гэсэн утгатай гэж бодож болох юм. Харин би үүнийг ингэж ойлгодоггүй. Ямар ч хичээл зүтгэл гаргалгүйгээр Бурханы ач ивээлээс хүртсэн олон жишээ бий. Жишээлбэл, хувь хүний хичээл зүтгэлээс үл хамааран Бурханы ач ивээлээр бүх хүнд амилах хүч чадал өгсөн байдаг. Би Нифайн “бидний хийж чадах бүхний дараа” гэж хэлсэн үгийг хичээл зүтгэл гаргавал Бурханы ач ивээлээс хүртэх боломжтой гэсэн утгаар ойлгодог. Далын гишүүн асан ахлагч Брүс С.Хафэн: “Бид Аврагчийн ач ивээлийн бэлгийг зөвхөн хийж чадах бүхнээ хийсний ‘дараа’ хүртдэггүй. Бид хичээл зүтгэл гаргахынхаа өмнө, гаргаж байхдаа, гаргасныхаа дараа ямар ч үед Түүний ач ивээлээс хүртэх боломжтой”2 гэж бичжээ.

Жаредын ахын жишээг бодож үз. Тэр хөлөг барьж, үүнийг далайг гатлахдаа ашигла гэсэн удирдамж хүлээж авдаг. Жаредын ах алхам алхмаар Их Эзэний удирдамжийг яг таг дагадаг. Хөлгүүдийг хийж дууссаныхаа дараа Жаредын ах харанхуй байгаад санаа нь зовж, Их Эзэнээс гэрэл өгөхийг хүсдэг. Их Эзэн Жаредын ахад асуудлыг нь хурдан шийдэж өгч болох байсан ч үүний оронд “Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” (Ифер 2:23) хэмээн асуусан. Үүний хариуд Жаредын ах арван зургаан чулууг нямбайлан бэлдэж, Их Эзэнээс “тэдгээр нь харанхуйд гэрэлтэж болохын тулд” (Ифер 3:1–4-ийг үзнэ үү) тэдгээрт хүрэхийг даруухнаар залбиран гуйдаг.

Жаредын ах Их Эзэний хий гэсэн бүх зүйлийг бүгдийг гүйцэд хийгээгүй ч Бурхан Жаредын ахын өмнөөс Өөрийн хүчийг ашиглан чулуу бүрд хүрч гэрэлтүүлэн, аялалд нь хэрэгтэй гэрлийг өгдөг. Ийнхүү хийснээр, чадлынхаа хэрээр хичээл зүтгэл гаргавал Их Эзэн Өөрийн бурханлаг хүчийг бидэнд өгөхөд бэлэн гэдгээ харуулсан юм.

Дуулгавартай байдал

Тав дахь зарчим бол дуулгавартай байдал. Их Эзэн “… хэрэв та нар миний зарлигуудыг сахих аваас, … та нар ач ивээл дээр ач ивээлийг хүлээж авах болно” (С ба Г 93:20) хэмээн айлдсан. Моронай үүнийг “мөн хэрэв та нар бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно” (Моронай 10:32) гэсэн байдлаар хэлсэн.

Ач ивээл нь бидний төгс дагаж мөрдөх байдлаас хамаарахгүй бөгөөд Их Эзэний зарлигийг дага эсвэл Моронайн бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалз гэсэн зааврын ач холбогдлыг бууруулахгүй гэдгийг ойлгох ёстой. Хэрэв ач ивээл нь зарлигуудыг төгс дагах эсвэл өөрсдийгөө бүх бурханлаг бусаас төгс татгалзахаас хамаардаг байсан бол мөнх бус байдалд үргэлжид байх төгс бус байдал ач ивээлээс хүртэх боломжийг үүрд хаах байсан. Эцсийн эцэст ач ивээл нь бидэнд Христийн бүрэн байдлыг хүлээн автлаа зарлигуудыг илүү төгс дагаж, илүү бурханлаг замаар алхах боломжийг олгодог. 

Зарлигийг дага гэсэн Их Эзэний мөн бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалз гэсэн Моронайн зааврыг өөрийн зүгээс чадах бүхнээ хий гэсэн утгаар ойлгох ёстой. Хэдийгээр бидний хийх үйлдэл чухал ч гэлээ зүрх сэтгэлийн маань хүсэл үүнээс ч илүү чухал юм.

Ариун Сүнсийг хүлээн авч, Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэх нь

Хамгийн сүүлчийн зарчим бол Ариун Сүнсийг хүлээн авч, Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэх явдал юм (Мозая 18:16-г үзнэ үү). Ариун Сүнс нь Бурханы цэвэршүүлэгч, боломж олгогч, төгс болгогч хүчийг бидэнд түгээж, авчирч өгдөг учраас бид Бурханы ач ивээлээр дүүргэгддэг болно.

Энэ талаар Авранхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парли П.Пратт (1807–1857) дараах зүйлийг заасан байна. “Ариун Сүнсний бэлэг нь … бүх оюуны чадавхыг сэргээж, төрөлхийн бүх хүсэл тэмүүлэл, мэдрэмжийг өсгөн нэмж, тэлж, цэвэршүүлдэг бөгөөд тэдгээрийг мэргэн ухааны бэлгээр зохих хэрэглээнд нь дасган зохицуулдаг. Тэр бидний төрөлхийн бүх нандин өрөвдөн хайрлах сэтгэл, баяр баясал, хүсэл тэмүүлэл, ойр дотно харилцаа, мэдрэмжийг өдөөж, хөгжүүлэн, сайжруулж, боловсронгуй болгодог. Тэр бас ариун журам, эелдэг зан, сайн санаа, номхон дөлгөөн, даруу зан, нигүүлслийг төрүүлдэг. Тэр бол хүний болон дүр төрх, онцлог шинж чанарын гоо үзэсгэлэнг хөгжүүлдэг. Тэр эрүүл мэнд, эрч хүч, амьдралын идэвх, нийгэмшихтэй холбоотой мэдрэмжинд санаа тавьдаг. Тэр бие махбодтой, оюунлаг хүмүүний бүхий л авьяас билгийг сэргээдэг. Тэр мэдрэлийн системийг хүчирхэгжүүлж, сэтгэл хөдлөлийн өнгө аясыг тодорхойлдог. Товчилбол, тэр бол ясан дахь чөмөг, зүрхэн дэх баяр баясал, нүдэн дэх гэрэл, чихэн дэх аялгуу, хүмүүний амь байсаар ирсэн, одоо ч гэсэн байгаа билээ.”3

Эдгээр адислал нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа Ариун Сүнсийг хүлээн авахад ирдэг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Орсон Пратт (1811–1881) “Ариун Сүнс хүний биед суурьших үед хүмүүнийг өөрийнх нь нөлөөнд автсан хэмжээнийх нь хэрээр цэвэршүүлж, ариусгаж, ариутгаад зогсохгүй бас өөрийнх нь болон бусдын ашиг тусын тулд зориулагдсан зарим бэлгийг түүнд өгдөг. … Бүгд зохих ёсоор удирдамж хүлээн авч, батлагдаж, төгс болж, аврагдаасай хэмээн эдгээр сүнслэг бэлгийг Сүмийн гишүүдийн дунд итгэл, нөхцөл байдал, төрөлх чадвар, үүрэг хариуцлага, дуудлагуудынх нь дагуу өгдөг”4 гэж заажээ.

Бурханы ач ивээлийн хүртээмж

Есүс Христ ач ивээлээр дүүрэн. Христ ач ивээлийг Өөрийн Эцэгээс харамгүй хүлээн авсан бөгөөд “ач ивээл дээр ач ивээлийг хүлээн авс[ан]” (С ба Г 93:12). Бид ч бас үүний дагуу ач ивээл дээр ач ивээлийг хүлээн авдаг. Бид Бурханы бүх өвөрмөц байдал, шинж чанарыг хүлээн авах болно. Эцэст нь ач ивээлийн энэхүү боломж олгогч, төгс болгогч хүчийг итгэл, наманчлал, даруу, хичээнгүй, дуулгавартай байдлын зарчмаар мөн Сүнс, Сүнсний бэлгүүдийг эрэлхийлснээр хүлээн авах боломжтой.

empty tomb

Уолтер Рейний Тэр энд байхгүй зураг, хуулбарлаж болохгүй

Их Эзэний ач ивээл таныг үхэл, нүглээс татан гаргаж, мөнх амьдралыг өгч чадах хангалттай хүчтэй. Таныг бас өөрчлөн, хувиргаж, төгс болгох хангалттай хүч Түүнд бий. Эцэст нь Бурханы охин, хөвгүүний хувьд таныг тэнгэрлэг чадавхаа бүрэн хөгжүүлэх боломжийг олгох хангалттай хүчтэй.

Эшлэлүүд

  1. Бригам Янг, Deseret News, 1863 оны 6-р сарын 3.

  2. Брүс С.Хафэн, The Broken Heart: Applying the Atonement to Life’s Experiences (1989), 155–156.

  3. Парли П.Пратт, Key to the Science of Theology: A Voice of Warning (1978), 61.

  4. Орсон Пратт, Masterful Discourses and Writings of Orson Pratt, Н.Ландуолл (1962), 570, 571.