Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Энэ амьдрал дахь амар амгалан
Аврагч мөнх бус амьдралд ирсэн бидэнд хандан, “Ертөнцөд та нар зовлонтой байна” (Иохан 16:33) хэмээн айлдсан байдаг. Гэсэн хэдий ч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Тэрээр шавь нартаа “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна” (Иохан 14:27) хэмээх гайхалтай амлалт өгсөн юм. Хувь хүн амар амгаланг хүлээн авах боломжтой гэсэн энэ амлалт Түүний өнөө үеийн бүх шавь нарт хүчинтэй хэвээр гэдгийг мэдэх нь юутай сайхан билээ.
Бидний зарим нь сайхан, амар амгалан орчинд амьдардаг ч гэлээ сэтгэлийн зовлон тээж явдаг. Харин зарим нь гарз хохирол амсан, гай зовлонд унаж, саад бэрхшээлтэй үргэлж тулгарч байгаа ч гэлээ амар амгалан, тайван байдлыг мэдэрдэг.
Та амар амгалан байдлын гайхамшгийг Есүс Христийн шавийн царайнаас харж эсвэл энэ талаар түүний үгээс сонсож байсан байх. Харин би үүнийг олон удаа харж байсан. Заримдаа үүнийг насан өөд болох гэж байгаа Бурханы үйлчлэгчийг гэр бүл нь тойрон хүрээлсэн эмнэлгийн өрөөнд харж болно.
Би нэгэн эмэгтэйтэй хорт хавдраар нас барахаас нь хэдхэн хоногийн өмнө очиж уулзсанаа санадаг. Тэр сайхан эмэгтэй хоёр охины маань Хүүхдийн хэсгийн багш байсан тул би тэднийг дагуулан явсан юм.
Гэр бүлийнхэн нь түүний орыг тойрон зогсож, дэлхий дээр өнгөрүүлэх эцсийн мөчид нь хамт байхыг хүсэж байв. Түүнийг орон дээрээ босож суухад би гайхаж билээ. Тэр охидыг маань өөртөө ойртуулан, нэг нэгээр нь гэр бүлийнхээ гишүүн бүрд танилцуулав. Тэр охидыг маань хатны өргөөнд сурвалжит гаралтай хүмүүсийг танилцуулж байгаа мэт ярьж байлаа. Тэр өрөөнд байгаа хүн нэг бүрийн талаар, тэд ямар байдлаараа Аврагчийн шавь болохыг хэлсэн юм. Би түүний дуу хоолойноос гарч байсан хүч чадал, энэрэл, хайрыг одоо ч гэсэн санадаг. Хэдийгээр амьдралд өгөгдсөн цаг хугацаа нь богинохон гэдгийг тэр мэдэж байсан ч хөгжилтэй гэгч инээмсэглэж байхыг хараад гайхаж байснаа би мөн адил мартдаггүй.
Тэр тайтгарал өгөх санваарын адислал хүртсэн ч үлдэж байгаа бидэнд Их Эзэний амар амгалангийн талаар өгсөн “Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) хэмээх амлалт үнэн гэдгийг гэрчилсэн юм.
Тэр гай зовлон, саад бэрхшээлтэй учрах бүрдээ:
“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.
Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно” (Матай 11:28–29) гэсэн Их Эзэний урилгыг хүлээн авсан байлаа. Бид ч гэсэн энэ урилгыг хүлээн авч чадна.
Бид зөвхөн Аврагчийг дагаснаар зовлон бэрхшээлтэй тулгарах бүрдээ амар амгалан, тайтгарал олж авч чадна.
Ариун ёслолын залбирал нь саад бэрхшээлтэй тулгарах үедээ хэрхэн амар амгаланг олох боломжтой болохыг мэдэж авахад бидэнд тусалдаг. Бид ариун ёслолоос хүртэж байхдаа Түүнийг дагана гэсэн гэрээндээ үнэнч байх шийдвэр гаргаж чадна.
Бидний хүн нэг бүр Аврагчийг дурсан санана гэсэн амлалт өгдөг. Та зүрх сэтгэлийг тань Аврагч руу хамгийн сайн ойртуулдаг арга замыг сонгон, Түүнийг дурсан санаж болно. Би заримдаа Түүнийг Гетсеманий цэцэрлэгт өвдөг сөгдөн сууж байгаагаар эсвэл Лазарыг булшнаасаа гарч ирэхийг тушааж байгаагаар төсөөлөн боддог. Ингэж төсөөлөн бодох нь намайг Түүнтэй ойртуулан, сэтгэл зүрхэнд минь амар амгаланг авчрагч талархах сэтгэлийг төрүүлдэг юм.
Та ч бас Түүний зарлигуудыг сахина гэсэн амлалт өгдөг. Мөн Түүний нэрийг авч, Түүний гэрч байна хэмээн амладаг. Хэрэв та Түүнд өгсөн амлалтаа биелүүлэх юм бол Ариун Сүнс тантай хамт байна хэмээн Тэр амласан (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү).
Энэ нь хамгийн багадаа хоёр арга замаар амар амгаланг авчирдаг. Тухайлбал: Есүс Христ Цагаатгал хийсэн учраас Ариун Сүнс биднийг нүглээс ариусгадаг. Түүнчлэн Ариун Сүнс бидэнд Бурханы сайшаал, мөнх амьдралын найдварыг хүлээн авснаар ирдэг амар амгаланг өгч чадна.
Төлөөлөгч Паул энэхүү гайхалтай адислалын талаар “Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм” (Галат 5:22) хэмээн хэлсэн байдаг.
Тэнгэр элчүүд Аврагчийг төрөхөд, “Бурханыг магтан, Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь хүмүүст байх болтугай” хэмээн тунхагласан (Лук 2:14; онцлон бичилт нэмэв). Бид болон хайртай хүмүүс маань ямар нэг сорилттой тулгарсан ч Эцэг болон Түүний Хайрт Хүү бидэнд энэ амьдралдаа амар амгаланг олж авах боломж олгохын тулд Ариун Сүнсийг илгээнэ гэсэн гэрчлэлээ би Есүс Христийн гэрчийн хувьд үлдээе.