Жинхэнэ үйлддэг баатар бай
Урагш тэмүүлэх нь үзэгчийн байр сууринаас ханддаг спорт биш юм. Босоод, цааш яв!
Хамгийн дуртай баатрынхаа тухай бод. Бэлдээд, урагшаа! Танд давж гарах боломжгүй саад бэрхшээлийн эсрэг тэмцэж байгаа зоригт эр санаанд чинь орж байна уу? Эсвэл төгс янзалсан үстэй, боловсон адал явдал хайгч орж ирж байна уу? Судрын аль нэгэн хүн бодогдож байна уу?
Нифай, Ноа, Эбиш, Петрийн талаар юу гэж бодож байна вэ? Тэд нүцгэн гар, цэцэн үгсээрээ бүхэл бүтэн армитай байлдаагүй ч тэднийг та жинхэнэ үйлдэгч баатрууд гэж дуудаж болно. Тэд итгэлээ хөгжүүлэн, Бурханд найдаж, тэмцэж чадсан. Тэд үйлдэл хийсэн.
Та тодорхой бөгөөд алхам бүрийг нь зааж өгсөн удирдамж аваагүй учраас аливаа зүйлийг эхлүүлэхээс зайлсхийдэг үү? Танай анги, чуулгад сүмдээ ирэхгүй байгаа хэн нэгэн байж магадгүй юм. Та яаж хийхээ сайн мэдэхгүй байгаа учраас тэдэнд хүрч ажиллахаасаа халгадаг уу? Сүнслэг өдөөлт чухал бөгөөд бид үүнийг хүлээн авахыг үргэлж эрэлхийлж байх ёстой. Гэхдээ энэ нь сайн үйл хийхийнхээ өмнө тэнгэр элчээс мессеж ирэхийг хүлээж сууна гэсэн үг биш юм. Тэнгэрлэг Эцэг та нарыг тэр хүнтэй найзлаасай гэж хүсэж байгаа. Тэр бас биднийг үйлдэл хийгээсэй гэж хүсэж байгаа!
Нифай, Ноа, Эбиш, Петр нар үйлдэл хийлгүй хүлээсэн бол яах байсан бэ? Тэдэнд хийх ёстой хүнд хэцүү зүйлс байсан. Тэд дараагийн удирдамж ирэх хүртэл уух юм болон жигнэмгээ барин хойш суусан гэж бодъё. Тэгсэн бол үйл явдал тэс өөрөөр өрнөх байв …
Хүлээж байгаад, яахыг нь харах уу?
“Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэхээр хүлээх болно, тиймээс би уг зам нь яг юу болохыг мэдэх хүртлээ юу ч хийхгүй” (1 Нифай 3:7-д байхгүй хувилбар).
Лихайн гэр бүл Иерусалимыг орхин гарсны дараахан Их Эзэн Лихайн хөвгүүд дээр буцаж очин, Лебенээс ялтсуудыг авах зарлиг буулгасан байдаг. Бидний мэдэж байгаагаар Тэр тэдэнд яаж авах талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Нифай ах нартайгаа хамт Их Эзэн ялтсуудыг авах зарлиг өгсөн гэдгийг л мэдэж байлаа. Та нарт хийх ёстой зүйлээ хэрхэн хийх талаар ямар ч төсөөлөл байхгүй байсан үе бий юу? (Тийм ч болохоор Лемен, Лемүел бувтналдсан байж болно!) Зөвхөн Нифай толгойгоо ажиллуулан, итгэлээ хөгжүүлж, явж, хийх хэрэгтэй болсон. Тэр хойшоо сууж, юу ч хийгээгүй бол юу болох байсан бол? Бурхан төлөвлөгөөгөө өгөх хүртэл Нифай хөдлөхгүй байсан бол яах байсан бэ? Мэдээж ялтсуудыг авах нь хэцүү ажил байсан. Тэр ах нартайгаа хамт хоёр ч удаа яваад авч чадаагүй шүү дээ. Хэрэв Нифай Иерусалимын хэрмийг түшиж унаад, Бурханы юу гэж хэлэхийг хүлээсэн бол яах байсан бол?
Тэгсэн бол ялтсууд Лебений эрдэнэсийн санд хэвээр үлдэх байсан нь гарцаагүй. Нифай хүлээгээгүй нь сайн зүйл болсон юм.
Үүний оронд тэр Сүнсийг дагаж, “хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир бибээр Сүнсэнд хөтлөгдөн байлаа. Гэсэн хэдий ч би урагшлан яв[сан]” (1 Нифай 4:6–7; онцлон бичилт нэмэв). Тэр хүлээж суусангүй, мэдэхгүй чадахгүй зүйл ч түүнийг зогсоосонгүй. Тэр Бурхан замыг нь гаргаж өгнө гэдгийг мэдэж байсан бөгөөд түүний зөв байсан. Нифай хөдөлж, үйлдэл хийж, урагш тэмүүлэх үед Их Эзэн түүнийг хөтлөн, тусалсан юм.
Гэхдээ яагаад?
“Ноа өөрт нь Эзэний тушаасан бүхнийг асууж лавлав” (Эхлэл 7:5-д байхгүй хувилбар).
Заримдаа Бурхан тодорхой заавар өгдөг. Ноагийн жишээг хар. Бурхан Ноад хөвдөг авдар барих зарлиг буулгахдаа хэмжээг яг таг өгч, ямар материал ашиглахыг тайлбарлан, бүр ямар амьтдыг авч явах жагсаалтыг хүртэл өгсөн байдаг. Магадгүй танд яг үүний адил тодорхой мэдрэмж төрж байсан байж ч болох бөгөөд бид бүгдээрээ “Залуучуудын бат бөх байдлын төлөө” товхимол дахь зарчмууд гэх мэт тодорхой зарлигуудыг хүлээн авсан. Яг юу хийх ёстой гэдгээ мэдэж байсан ч танд эргэлзсэн хэвээр байсан тохиолдол бий юу? Та Их Эзэнд дуулгавартай байхын оронд эргэлзэхээр уруу татагдаж байсан уу?
Ноа Их Эзэний хэлэхийг сонсоод, “Гэхдээ яагаад? Би сайн ойлгохгүй байна” гэж хэлсэн бол яах байсан бол? Тэр буйдан дээр тэрийж хэвтээд, яагаад Их Эзэн үер илгээж байгааг бүрэн ойлготлоо хөдлөхөөс татгалзаж, удирдамж үнэхээр Бурханаас ирсэн үү үгүй юу гэж бодож суусан бол юу болох байсан бол?
Үер ч болдгоороо болно, харин авдар байх байсан болов уу? Хүн төрөлхтөн яах байсан бэ? Ноа хойш суун, бүх зүйлийг лавлан асуугаагүй нь үнэхээр сайн хэрэг болсон.
Үүний оронд тэр “өөрт нь Эзэний тушаасан ёсоор бүхнийг хийжээ” (Эхлэл 7:5). Тэр асууж лавлахын оронд итгэлээр үйлдсэн юм. Зөв зорилгоор асуух юм бол асуулт нь сайн зүйл. Тэдгээр нь бидэнд өсөж хөгжихөд тусалж, өөр олон үнэн рүү хөтөлдөг. Гэхдээ бид хүссэн хариултаа авах хүртлээ юу ч хийхгүй байх юм бол асууж лавлах нь харин ч эсрэгээрээ бидэнд саад болно. Ноад асуулт байсан л байх, гэхдээ асуулт түүнийг зогсоогоогүй юм. Хачирхалтай санагдсан ч гэсэн тэр завь барьж, бүх амьтанг цуглуулан, гэр бүлээ авдарт оруулан хаадаг. Бороо орж эхлэхэд хэлснээр нь хийсэндээ тэр ихэд баярлаж байсан болов уу. Ноа итгэлээр үйлдсэн бөгөөд Бурхан түүнийг болон гэр бүлийг нь үүнийх нь төлөө адисалсан билээ.
Хойш сууж, холоос харах уу?
“Тэрээр Лемонайн бүх зарц нар газарт унасныг … хараад, энэ бол Бурханы хүч гэдгийг тэр бүсгүй мэдэв; мөн тэдний дунд тохиолдсоныг хүмүүст мэдүүлснээр … тэднийг Бурханы хүчинд итгүүлнэ хэмээн бодсон учир, сайхь бүсгүй хойш сууж, өөр хэн нэгэн хүн хүмүүст мэдүүлэх байх гэж найдав” (Алма 19:17-д байхгүй хувилбар).
Эбиш нь лемен үндэстэн эмэгтэй байсан. Тэр олон жилийн турш Их Эзэнд хөрвөгдсөн байсан ч итгэлгүй леменчүүдийн дунд амьдарч байсан учраас итгэлээ нуудаг байжээ. Аммоныг Лемонай хаанд сайн мэдээг заахад хаан болон түүний гэрийнхэн Их Эзэний хүчинд автсан аж. Эбиш найз нөхөд, хөршүүддээ Бурханы хүчийг харж, итгүүлэх энэ сайхан боломжийг олж харсан байна. Хүмүүсийг цуглуулж, тэдэнд гайхамшгийг гэрчлэх боломж олгох сонголт түүний гарт байв.
Гэхдээ тэр хүмүүсийг ийн цуглуулаагүй бол яах байсан бол? Олон жил итгэлээ нууж ирсэн түүнд нэг айлын хаалганаас нөгөө айлын хаалга хүртэл гүйж, бүгдэд хэлэх нь сүрдмээр байсан нь гарцаагүй. Та нарт хэлэх хэрэгтэй гэж Сүнсээр өдөөгдсөн ч дараа нь сандарч байсан тохиолдол бий юу? Итгэлээ бусадтай хуваалцах нь хэцүү байж болно. Эбиш хойш суун, хүмүүс өөрсдөө орж ирэх байх гэж эсвэл өөр хэн нэгэн хүн хэлнэ байх гэж найдан хүлээсэн бол яах байсан бол?
Тэгсэн бол хэн ч Лемонай хааныг болон гэрийнхнийг нь үхсэн мэт хэвтэхийг эсвэл гайхалтай байдлаар босохыг нь гэрчлэхгүй байх байв. Тэд тэнд Лемонай хаан, хатан хоёрыг болон Аммоны сайн мэдээг зааж байгааг сонсохгүй байх байв.
Тэр хойш суугаагүй нь сайн хэрэг. Үүний оронд “сайхь бүсгүй байшингаас байшин хүртэл гүйж, үүнийг хүмүүст мэдүүлсээр байв” (Алма 19:17; онцлон бичилт нэмэв). Түүнд Их Эзэний тухай гэрчлэл байсан бөгөөд тэр айдастаа захирагдаагүй юм. Мөн өөр хэн нэгэн хүний хэлэхийг ч хүлээгээгүй. Боломж гарч ирэнгүүт тэр эргэлзэлгүй шууд гүйсэн. Эбиш үйлдэж, харин Их Эзэн түүнийг үндэстэн нэгтэй олон хүн нь сайн мэдээнд хөрвөгдөж байгааг харах боломжоор адисалсан юм (Алма 19-ийг үзнэ үү).
Дэлхийнхнийг сонсох уу?
“[Есүс] Ир гэлээ.” Петр завиндаа сууж, усан дээгүүр Есүс рүү алхсангүй” (Матай 14:29-т байхгүй хувилбар).
Загасчин Петр завины талаар олон зүйл мэднэ. Жишээлбэл, тэнгист хүчтэй салхи гарвал завин дээрээ байх нь зөв гэдгийг тэр мэднэ. Түүнчлэн хүмүүс усан дээгүүр алхах гэвэл шууд живнэ гэдгийг ч тэр мэддэг байв. Христийг усан дээгүүр явж байхыг харсан түүнд ямар бодол төрж байсан болохыг та нар төсөөлж чадахсан болов уу?
Гэхдээ тэр завиндаа үлдсэн бол юу болох байсан бол? Хүмүүс усан дээгүүр явж чадахгүй гэдгийг хүн бүр л мэднэ шүү дээ. Петр зөвхөн дэлхийнхний “мэддэг” зүйл дээр анхаарлаа төвлөрүүлсэн бол яах байсан бол? Заримдаа Христийн болон Түүний бошиглогчдын сургаал дэлхийнхний хэлж байгаа зүйлээс өөр байдаг. Дэлхийнхний хэлж байгаа зүйл үнэмшилтэй, үнэний ортой байдаг. Хэрэв Петр усан дээгүүр алхах нь шинжлэх ухаанд нийцэхгүй эсвэл авцалдаагүй зүйл гэж Христэд хэлсэн бол яах байсан бол? Петр завинаасаа гарч, Христ рүү алхахаас үнэхээр айсан бол юу болох байсан бол?
Тэр Эзэнтэй хамт энэхүү гайхалтай үйл явдлыг хуваалцахгүй байх байсан. Тэр итгэлээ хөгжүүлэх боломжийг алдан, магадгүй дараа нь шийдвэр гаргах шаардлагатай үед өөрийнхөө итгэлд эргэлзэх байсан байх. Петр завиндаа үйлдээгүй нь сайн хэрэг. Петр тэнгисийн давалгаа, шуурга, өмнөх туршлага зэргээ үл харгалзан завинаасаа гарч, Христ рүү алхахыг хүссэн юм. Петр дэлхийнхний “мэддэг” зүйлийг үл тоон, усан дээгүүр алхсан. Живэх үед нь ч Христ тэнд барьж авахад бэлэн байсан (Матай 14:28–31-ийг үзнэ үү).
Би юу даа? Үйлддэг баатар мөн гэж үү?
Үйлдлээр дүүрэн амьдралдаа үйлддэг баатар нь бай гэж таныг нааш илгээсэн юм. Энэ нь өдөр бүр дэлбэрч байгаа байшингаас үсрэн, зугтаж байгаа машиныг жолоодож давхина гэсэн үг биш. Харин энэ нь сонгож, үйлдэж, урагш тэмүүлнэ гэсэн үг юм.
Их Эзэн бидэнд “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулах ёстой” гэж заасан байдаг. Тэр сайн зүйл гэдэг нь яг юу гэдгийг хэлээгүй ч үүний оронд “чөлөөт хүслээрээ олон зүйлийг хийж, туйлын зөв шударга байдлыг тохиолгон авчр[ахыг]” (С ба Г 58:27) биднээс хүссэн билээ. Энэ нь Тэрээр та нарын хувь хүн бүрийн шийдвэрт болон зөв шударга байдлыг хэрхэн тохиолгон авчрахаар шийдэж байгаад тань итгэж байна гэсэн үг юм. Тусламж ихэнхдээ итгэлээ хөгжүүлэн, анхны алхмуудаа хийсний дараа ирдэг.
Их Эзэн хэрэг гарвал биднийг удирдан залахад үргэлж бэлэн байдаг ч үйлдэл хийж, урагш явахаас татгалзаж, хийх бүх зүйлээ Бурханаар хэлүүлэх гэж хүлээх юм бол та нар “лазан хийгээд ухаалаг биш үйлчлэгч” (С ба Г 58:26) лугаа адил болох юм. Үйлддэг баатар байхын оронд лазан үйлчлэгч байхыг хэн хүсэх билээ дээ?