Асуулт, хариулт
Би судар судлахдаа тааруухан байна. Судар судлах нь яагаад чухал вэ?
Энэ жилийн Мючелийн сэдвээс та нар хэрхэн “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх” (2 Нифай 31:20) тухай сурсан. Энэ судар урагш тэмүүлэх гэдэгт “Христийн үгнээс зоог[лох]” нь ч бас ордог гэдгийг заадаг. Яагаад энэ чухал вэ? Судар судлах нь хэрхэн бидэнд урагш тэмүүлэхэд тусалдаг болох хэд хэдэн арга замыг доор оруулав.
-
Ерөнхийлөгч Томас С.Монсон “… Хэрэв та судруудаас хичээнгүйгээр суралцах аваас, уруу таталтыг эсэргүүцэх мөн Ариун Сүнсний удирдамжийг хүлээж авах хүч тань нэмэгдэх болно” хэмээн заасан (“Чадахынхаа хэрээр сайн бай,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 79).
-
Та судруудыг залбирч судлах юм бол гэрчлэлтэй болж, итгэлээ хүчирхэгжүүлнэ. Мормоны Номыг судалж, үнэн гэсэн гэрчлэлтэй болох юм бол энэ нь Есүс бол Христ, Иосеф Смит бол бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол үнэн гэдгийг мэдэж авахад тань тусална. (Та эдгээр амлалтын талаар Мормоны Номын оршил хэсгээс мэдэж авч болно.)
-
Та судраар дамжуулан хувийн сүнслэг удирдамж, асуултынхаа хариултыг авч чадна. Бурхан тантай судраар болон Өөрийн Сүнсээр дамжуулан харилцах тусам та тулгарч болох ямар ч саад бэрхшээлийг ялан дийлж, урагш тэмүүлэх итгэл, хүчтэй болох болно.
-
Судар Есүс Христийн талаар мөн та хэрхэн Түүний үлгэр жишээ, сургаалыг дагаж болох талаар заадаг учраас энэ нь судрыг судлах хамгийн гол шалтгаан байж болох юм. Уншсан зарчмынхаа дагуу амьдрах нь таныг Аврагчтай илүү адилхан болоход тусална.
Миний ачаа хөнгөн болсон
Хичээлийн нэг жил надад амьдралын дарамтаас болж сөхөрч унаж байгаа мэт санагдах болсон юм. Энэ хүнд хэцүү үед нэгэн өдөр би залбирч, Мормоны Номоос арван минут уншив. Уншиж байхад надад гайхалтай халуун дулаан мэдрэмж төрсөн юм. Надад хэцүү байсан ч гэсэн би хайр, урам, аз жаргалыг мэдэрч билээ. Мөн би урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй гайхалтай амар амгаланг мэдэрсэн. Энэ туршлагын үр дүнд би “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө” Иохан 14:27) хэмээх Аврагчийн хэлсэн үг ямар утга агуулгатай болохыг мэдсэн билээ. Дараагийн долоо хоногуудад би үүнийг олон удаа мэдэрсэн бөгөөд хэцүү цагт урагш тэмүүлэх хүслийг надад өгсөн юм.
Клоуи К., 18 настай, АНУ, Висконсин
Бурханы хайр
Би судрын хүч, үлгэр жишээ, сургаалын ачаар Ариун Сүнсний өдөөлтөд мэдрэмтгий болсон. Судруудад биднийг удирдаж, заах боломжийг Бурханд олгодог тэнгэрлэг хүч бас байдаг. Тиймээс ганцаардаж, орхигдсон мэт мэдрэмж төрөх л юм бол судраасаа унш. Харин дараа нь Тэнгэрлэг Эцэг танд хайртай гэдгээ мэдүүлэхийн тулд зөвхөн танд зориулан тэдгээрийг хадгалан авч үлдсэн гэдгийг бүү март.
Скотт Х., 19 настай, АНУ, Висконсин
Өөрчлөх хүч
Үнэндээ надад Мормоны Номын талаар ямар ч гэрчлэл байгаагүй ч нэг удаа Ариун Сүнсний удирдамж хүлээн авахын тулд залбирах үед уг номын талаар сайхан мэдрэмж төрсөн. Түүнээс гадна надад ном үнэн эсэхийг мэдэх хүсэл аль хэдийн төрсөн байсан бөгөөд би залбирч, судалж эхлэв. Би шат шатаар, дүрэм дүрмээр энэ ном үнэн гэсэн хувийн гэрчлэл хүлээн авсан (2 Нифай 28:30-ийг үзнэ үү). Би Мормоны Номонд дуртай. Би судалж байхдаа хүлээн авсан сургаалуудаа нандигнан хайрладаг. Мормоны Номонд бидэнд илүү сайн болж өөрчлөгдөх хүслийг төрүүлдэг хүч бий.
Ариэл Кандаван Т., 18 настай, Филиппин
Асуултын маань хариу
Асуух зүйл байх юм бол судруудаас судалж, хариултаа олж болно гэдгийг би мэднэ. Тэдгээр нь Их Эзэний үгс бөгөөд Түүний сургаал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Надад ямар ч бэрхшээл тохиолдсон бай, судрууд нь ямар ч үед миний асуултад хариулна гэдгийг би мэднэ. Тэдгээр нь бас олон сэдвийн талаар Сүм ямар үзэл бодол баримталдаг тухай асуултуудад хариулдаг. Хэрэв би судрыг анхааралтай унших юм бол энэ нь надад Ариун Сүнстэй хамт байхад туслах бөгөөд харин Сүнс надад зөв бурууг ялган танихад тусална.
Эмили А., 17 настай, АНУ, Вашингтон
Сайн сайхан ба гэрэл гэгээ
Би бийхайв болсныхоо дараа л Мормоны Номыг анхны удаа уншсан юм. Хуудас бүрийг нэг бүрчлэн уншсаныхаа дараа ингээд л боллоо гэж бодов. Гэхдээ би буруу бодсон байлаа. Амьдралд маань ямар нэгэн зүйл дутагдаж байлаа. Тиймээс би дахин, илүү их анхаарч уншихаар шийдлээ. Уншиж дууссанаас хойш бүдгэрч байсан гэрэл амьдралыг маань дахин гэрэлтүүлэв. Би илүү сайн ойлгодог болж, үнэхээр дуртай болсон юм. Үргэлж уншиж байх юм бол та өөртөө сайн сайхан, гэрэл гэгээг авчрах болно.
Кэлли М., 15 настай, АНУ, Юта
Уруу таталтыг ялан дийлэх нь
Судруудыг судлах нь сургууль дээрээ сайн мэдээний дагуу амьдрахад тусалдаг. Би дөнгөж дунд сургуульд орж байгаа бөгөөд тэнд олон муу зүйл, уруу таталт байдаг. Би уруу таталтыг эсэргүүцэж чадахгүй болох үедээ асуудлынхаа хариуг олохоор судрын түүхүүдийг уншдаг. Судар надад уруу таталтыг сарниулж, сайн мэдээ рүү анхаарлаа хандуулахад тусалдаг юм.
Блэйк С., 12 настай, АНУ, Айдахо
Судрын хүч
Би Мормоны Номыг анх удаагаа уншиж байгаа. Миний дуртай хэсгүүд 2 Нифай 25–33 юм. Одоогийн байдлаар эдгээр хэсэг намайг хамгийн ихээр хүчирхэгжүүлсэн. “Судрын хүч” гэсэн Хүүхдийн хэсгийн дуу миний хувьд хамгийн үнэн зөв дуу юм. Би Мормоны Ном үнэн гэдгийг гэрчилж, та нарт өдөр бүр судал хэмээн зөвлөж байна.
Сарая Ж., 13 настай, АНУ, Аризона
Мэдлэгийн булаг
“Бид өдөр бүр сүнслэг мэдлэгийн араас өлсөж, цангах хэрэгтэй. Судалж, бясалгаж, залбирснаар сүнслэг мэдлэг ирдэг. Заримдаа бид ‘Би өнөөдөр судар судлахгүй байж болно; Би бүгдийг нь уншчихсан’ эсвэл ‘Би өнөөдөр сүмд явахгүй байж болно; надад шинээр сурах зүйл байхгүй’ гэж бодоход л уруу татагдаж магадгүй юм. …
Сайн мэдээ бол хэзээ ч хатаж хуурайшдаггүй мэдлэгийн усан оргилуур юм. Судрын шүлэг бүрд үргэлж сурах шинэ зүйл байдаг.”
Бишоп Жэралд Коссэй, Тэргүүлэх бишопын зөвлөл, “Та нарын хувьд сайн мэдээ гайхамшигтай хэвээрээ байна уу?” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86–88.
Дараагийн асуулт
“Би ямар нэгэн чухал зүйл болоосой хэмээн залбирч байгаа боловч хариултаа хүлээн авсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Би хэрхэн танин мэдэж болох вэ?”
Хэрэв хүсвэл хариултаа өндөр нягтралтай зургийн хамт liahona.lds.org хаягаар (“Өгүү‑лэл оруулах” дээр дар), э-мэйл бичих бол liahona@ldschurch.org хаягаар 2016 оны 1-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү.
Дараах мэдээллийг хавсаргана уу: (1) Овог нэр, (2) төрсөн огноо, (3) тойрог эсвэл салбар, (4) гадас эсвэл дүүрэг, (5) таны хариулт ба гэрэл зургийг нийтлэхийг зөвшөөрсөн өөрийн эсвэл 18 нас хүрээгүй бол эцэг эхийн бичсэн зөвшөөрөл (э-мэйл байж болно).
Хариултын хэмжээг тохируулах эсвэл тодорхой болгохын тулд хянан засварлах магадлалтай.