2017
Христийн төрөлтийн үед болсон 14 үйл явдал
December 2017


Христийг төрөх үед болсон 14 үйл явдал

14 events of the nativity 1
14 events of the nativity 2

Есүс Христийн мэндэлсэн өдрийг бид дуу дуулж, гэр бүлийн уламжлалт үйл явдалд баясан, Их Эзэний төрөлтийг эрхэмлэн дээдэлж, Түүнийг дурсан санаж тэмдэглэдэг. Гэхдээ бид судруудаас Христийн төрөлтийн талаар дэлгэрэнгүй юу олж мэддэг вэ?

Христийн төрөлтийг бошиглосон

Эртний Иерусалим ба эртний Америк

Эхлэл 49:10; Исаиа 7:14; 9:1–7; Mика 5:2; Moзая 3:8; Aлма 7:10; Хиламан 14:2–5

Аврагчийг мэндлэхээс олон жилийн өмнө бошиглогчид Есүс Христийн талаар илчлэлт хүлээн авдаг байжээ. Хуучин Гэрээний бошиглогчид Давид хааны угсаанаас Мессиа болох хаан Бетлехемд төрөх тухай ярьжээ. Иудейчүүдийнхээр энэ Мессиа Өөрийн хүмүүс болох иудейчүүдийг улс төрийн дарангуйллаас гарган, газар дэлхий дээр зөв шударга байдлаар захирах хаан болох байв.

Гэхдээ эртний иудейчүүд Хаан нь хүмүүсээ сүнслэг дарангуйллаас гаргана гэдгийг хүсэн хүлээгээгүй байжээ. Гэтэл Есүс Христ түр зуурын аврал, газар дэлхийн хаанчлалаас илүү зүйл болох мөнхийн аврал, Эцэгийнхээ хаанчлалыг санал болгосон.

Тэнгэр элч Габриел Иохан Баптистын эцэг эх дээр айлчлав

Иудей

Maтай 17:12–13; Лук 1:5–25 (ялангуяа 17-р шүлэг); Сургаал ба Гэрээ 27:7; Судруудын удирдамж, “Елиас”

Иохан Баптист бол Елиас буюу Есүс Христээс түрүүлж ирсэн хүн юм. Тэнгэр элч Габриел Захариад үзэгдэж, түүний эхнэр Элизабет хүүтэй болох ба түүнийг Иохан гэж нэрлэх ёстой хэмээн мэдэгджээ. Захариа эргэлзсэн учраас хэлгүй дүлий болов.

Тэнгэр элч Габриел Мариад үзэгдэв

Назар ба Галил

Maтай 1:18; Лук 1:26–38

Габриел зургаан сарын дараа Елизабетын үеэл Мариа дээр айлчлав. Тэрээр Мариад хэдий онгон байсан ч Ариун Сүнсний хүчээр хүүхэдтэй болж, тэр хүүхэд Есүс Христ гэгдэх болно гэдгийг хэлжээ. Мариа Бурханы Хүүгийн эх болох дуудлагыг даруухан хүлээн авав. Тэнгэр элч үеэл Елизабетыг нь бас бие давхар болсон гэж хэлжээ.

Мариа Элизабетийнд зочлов

Иудей

Лук 1:39–56

Мариа дээр тэнгэр элч зочилсноос хойш тэрээр Иудейд байдаг үеэл Елизабетийндээ гурван сар байхаар Назараас явав. Мариаг тэнд байх үед Елизабет Мариагийн хүүхэд бол Бурханы Хүү гэсэн гэрчлэлийг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авчээ. Мариа бас Бурханы тухай гэрчлэлээ хуваалцав.

Иохан Баптист мэндлэв

Иудей

Лук 1:57–80

Иохан Баптистыг мэндлэх үед хүмүүс эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх байх гэж байтал Елизабет дургүйцэн, найз нөхөд, хөршүүддээ нэрийг нь Иохан гэж хэлжээ. Захариагаас найз нөхөд, хөршүүд нь шалгаахад тэрээр Елизабеттэй санал нэг байв. Тэрээр хүүдээ нэр өгөхдөө Габриелийн зааврыг дагасан учраас хэл ам нь нээгдэн, дахин олж авсан сонсгол, хэлээ Бурханыг алдаршуулахад ашиглажээ.

Тэнгэр элч Габриел Иосефт үзэгдэв

Назар

Матай 1:18–23

Мариатай сүй тавьсан Иосеф Мариаг Назарт ирэхэд давхар биетэй байгааг нь хараад, түүнийг “гутамшиг болгох”-ыг үл хүссэн тул нууцаар сүйгээ цуцлах санаатай байв. Гэтэл түүнийг сүйгээ цуцлахаас өмнө тэнгэр элч Габриел түүний зүүдэнд үзэгдэн, Мариагийн хүү Ариун Сүнснийх гэдгийг учирлан, тэрхүү хүүхэд ард түмнээ нүглээс нь аврах нэгэн болно хэмээн гэрчилжээ. Иосеф Мариагаас салахын оронд харин түүнтэй гэрлэхээр шийдэв.

Хүн амын тооллого

Ромын эзэнт гүрэн

Лук 2:1–4; Жэймс Э.Талмэйж, Jesus the Christ (1916), 91–92

Тооллогоор ромчуудын хэрэгжүүлдэг татварыг оногдуулан, хүн амын тооллогын бүртгэл хийдэг байв. Ромчууд хүмүүсийг ихэвчлэн тухайн оршин суугаа газарт нь бүртгэдэг байсан ч иудейчүүдийн заншлаар бол эцэг өвгөдийнх нь нутагт бүртгэдэг байжээ. Ийм учраас Иосефын өвөг дээдсийн төрөлх нутаг Бетлехем хүн ихтэй, дэн буудлууд нь сул өрөөгүй байв.

Есүс Христ мэндэллээ

Назар, Бетлехем, Иудей

Бетлехем гэдэг нь “талхны байшин” гэсэн утгатай бөгөөд Мессиагийн төрөх газар хэмээн бошиглогдсон газар байсан.

Лук 2:6–7

Иосеф, Мариа хоёр тооллогод бүртгүүлэхээр Бетлехем рүү явжээ. Есүсийг мэндлэхэд Мариа тэжээлийн тэвш буюу мал амьтны тэжээлийн идүүрийг хүүхдийн ор болгож, дотор нь хүүг тавьжээ. Ямар нэгэн мал амьтан дэргэд нь байсан тухай дурдаагүй байдаг.

Бошиглосон тэмдгүүд Америк тивд үзэгдэв

Америк тив

Хиламан 14:1–5; 3 Нифай 1:15–21

Өмнө бошиглогдсоны дагуу, Христийн мэндэлсэн өдөр Америк тивд нэг өдөр, нэг шөнө нь өдөр, шөнө гэж байхгүй нэгэн өдөртэй адил байв. Тэнгэрт нэгэн шинэ од үзэгдэв.

Хоньчид Христийг төрөх гэж байгаа тухай сонсов

Бетлехемийн ойролцоо

Лук 2:8–17

Жилийн тэр үед хоньчид сүргээ хээр өдөр шөнөгүй манадаг байв. Энэ бол Аврагчийн мэндлэх тухай хэлсэн тэнгэр элч үзэгдсэн газар юм. Тэнгэр элчийг ийнхүү зарласны дараа олон тооны тэнгэр элч Бурханыг магтан алдаршуулжээ. Үүнийг сонссон хоньчид Есүсийг харахаар Бетлехем рүү яаран гарав. Тэд Есүсийг харсныхаа дараа Иосеф, Мариа хоёрыг орхиж, бусдад харсан зүйлээ гэрчилж байлаа.

Ариун сүмд Есүсийн хөвчийг хөндөн, нэр хайрлаж, танилцуулав

Бетлехем

Лук 2:21–38; Жэймс Э.Талмэйж, Jesus the Christ, 95

Найман өдрийн дараа иудейчүүдийн заншлаар Есүсийн хөвчийг хөндөн, нэр өгчээ. Түүнд Есүс буюу еврей хэлээр “Аврагч” гэсэн утгатай “Ешуа” хэмээх нэрийг өгөв.

Иудейчүүдийн заншлаар эмэгтэй хүн хүүхэд төрүүлснээсээ хойш 40 хоногийн дараа ариун сүмд ордог. 40 хоног өнгөрсний дараа Мариа, Иосеф хоёр Есүсийг танилцуулахаар ариун сүмд авчрав. Тэд тэнд үхэхээсээ өмнө Христийг харах болно хэмээх амлалтыг хүлээн авсан Симеонтэй таарчээ. Тэрээр Христийг таниад, Түүнийг гартаа өргөн барьж, Бурханд магтаал өргөв. Мөн тэрээр дэлхий дээр Христийн гүйцэтгэх зорилгыг бошиглодог байжээ.

Мөн эш үзүүлэгч Анна ариун сүмд Христийг гэрчилжээ. Тэрээр бас Түүний зорилгыг гэрчлэв.

Мэргэн хүмүүс Херодоос Христийн тухай асуув

Иерусалим

Матай 2:1–10

“Дорно зүгээс” тодорхой бус тооны зурхайчид Христийг хайн Иерусалимд хүрч ирэв. Тэд Христ мэндэлснийг илтгэсэн шинэ од тэнгэрт гарсныг харсан байв. Тэд ромчуудын томилсон Иудейн хаан Херодоос хүүхдийг хаанаас олох ёстойг асуужээ. Херод хаанчлалынх нь эрхийг авах шинэ хаан нь Мессиа болж магадгүй гэсэн айдастай байв. Тэрээр энэ айдсаа мэргэн хүмүүст мэдэгдэлгүй, Христийг хаанаас олсноо мэдэгдэхийг тэднээс хүсжээ. Тэр Христийг егүүтгэх санаатай байв.

Мэргэн хүмүүс Христийг олоод, бэлэг сэлт өгөв

Бетлехем

Maтай 2:9–12; Bible Dictionary, “Magi”

Эцэст нь мэргэн хүмүүс Христийг хайж олов. Матай номон дээр тэд Христийг төрснөөс хойш нэг жилийн дараа “бяцхан хүүг” гэртээ байхад нь олдог гэж гардаг. Тэд Есүст алт, гүгэл, мирийг бэлэг болгон барьж, Түүний хаан болохыг нь хүлээн зөвшөөрчээ. Зурхайчид зүүдэндээ Херодод Есүсийг олсон тухайгаа хэлэхгүй байх заавар авчээ.

Иосефт Египет рүү зугт гэж сэрэмжлүүлэв

Бетлехем, Египет, Назар

Матай 2:13–16, 19–23

Зурхайчид Херодод амласан ёсоороо мэдэгдсэнгүй. Херод хоёр болоод түүнээс доош насны бүх хүүхдийг хөнөөх зарлиг буулгав. Зүүдэндээ сэрэмжлүүлэг хүлээн авсан Иосеф Мариа, Есүс хоёрыг Египетэд аваачив. Тэд Херодыг нас бартал тэндээ байв. Херодыг нас барсны дараа Иосефын зүүдэнд тэнгэр элч үзэгдэн, Израиль руу буцахад аюулгүй гэжээ. Херодын хүү эцгийнхээ оронд хаанчилж байгааг сонсоод, Иосеф гэр бүлээ Иудей рүү биш, харин Галил нутгийн Назар хотод авчирсан бөгөөд ийнхүү Христийн амьдрал Назарын Есүс болж эхэлжээ. Олон жилийн дараа Тэрээр баптисм хүртэн, гайхамшиг үйлдэж, гайхамшигтай бөгөөд мөнхийн Цагаатгалыг хийжээ.